sonin.mn

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 3-р сарын 25-нд хэвлэлийн бага хурал хийлээ.


Өндөр чанартай хөгжил, өндөр түвшний нээлттэй байдлыг тууштай ахиулна


Сэтгүүлч: “Хятад улсын хөгжлийн дээд хэмжээний форум-2025”-ыг “Хөгжлийн идэвхийг бүрэн дайчилж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хамтран дэмжье” уриан дор зохион байгуулж, олон улсын нэр хүндтэй улс төрчид болон томоохон компанийн удирдлагууд оролцсон байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

Гүө Жякүнь: 3-р сарын 23-24-нд “Хятад улсын хөгжлийн дээд хэмжээний форум-2025” Бээжинд зохион байгуулагдаж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян форумын нээлтийн үеэр үндсэн илтгэл тавьсан юм.


Тэрбээр илтгэлдээ Хятадын хөгжлийн эрч хүчийг хаврын баярын эдийн засгаас харах, “хоёр чуулган”-аас эдийн засгийн бодлогыг унших, олон улсын өөрчлөлтөөс дэлхийн хөгжлийн чиг хандлагыг эргэцүүлэхийг талуудад уриалсан. Түүнчлэн Хятад улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулах эрмэлзэл, шийдвэрээ нотолж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд тогтвортой, тодорхой хувь нэмэр оруулахыг эрмэлзэж буйгаа онцолсон.


Энэ жилийн форумд 750 гаруй гадаадын төлөөлөгч оролцсон бөгөөд үндэстэн дамнасан компаниудын оролцсон цар хүрээ өргөжиж, анх удаа оролцож буй олон улсын компаниудын тоо нэмэгдсэн. Үүнээс гадна, оролцогчдын бизнесийн салбарын хамрах хүрээ өргөн болсон нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөвт итгэлтэй байгааг илтгэж байна.


Хятад улс өндөр чанартай хөгжил, өндөр түвшний нээлттэй байдлыг тууштай ахиулж, олон улсын компаниуд боломжийг ашиглан Хятадад хөрөнгө оруулж, ирээдүйгээ хамтдаа төлөвлөхийг уриалж байна. Мөн дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хамтдаа ахиулж, ганц талт үзэл болон протекционизмыг эсэргүүцэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар хөгжилд хүрэхийг дэмжиж байна гэжээ.


Канад улс худалдаа, хамтын ажиллагааны шударга, тогтвортой орчинг бүрдүүлэх ёстой


Канад улс Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) хандан Хятадын эсрэг гомдол гаргасантай холбоотойгоор Гүө Жякүнь мэдэгдэхдээ: Канадын тал Хятадын удаа дараа өгсөн анхааруулгыг үл тоомсорлон, Хятад улсаас импортолж буй зарим бараа, бүтээгдэхүүнд ялгаварлан гадуурхах шинжтэй хязгаарлалтын арга хэмжээ авсан нь ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж, худалдааны хэвийн дэг журамд сөргөөр нөлөөлсний зэрэгцээ Хятад улсын хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулсан юм.


Иймээс Хятад улс шаардлагатай хариу арга хэмжээг авах нь зүй ёсны хэрэг. Канадын тал алдаатай бодлогоо яаралтай залруулж, хоёр орны компаниудын худалдаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шударга, ялгаварлан гадуурхахгүй, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэхийг шаардаж байна гэжээ.


Америк дэлхийн мэдээллийн төхөөрөмжүүдэд “Арын хаалга” суурилуулсаар байна


Сурвалжлагч: Эх сурвалжийн дагуу, өнөөдөр Хятадын Кибер аюулгүй байдлын салбарын холбоо “Америкийн тагнуулын байгууллагуудын дэлхийн хөдөлгөөнт ухаалаг төхөөрөмжүүдэд чиглэсэн тагнан чагнах үйл ажиллагааны тухай” хэмээх тайланг нийтэлж, Америк дэлхий даяарх хөдөлгөөнт ухаалаг төхөөрөмжүүд, ханган нийлүүлэлтийн сүлжээ, харилцаа холбооны компаниудад чиглэсэн кибер халдлага, тагнан чагнах үйл ажиллагаа явуулж буйг илчилсэн байна. Энэ талаар танилцуулаач.


Гүө Жякүнь: Бид уг тайлантай танилцсан. Энэхүү тайланд дурдсанаар, Америкийн засгийн газар мэдээллийн технологи болон ханган нийлүүлэлтийн сүлжээний дээд урсгал дахь монополь давуу байдлаа урвуулан ашиглаж, дэлхий даяар гар утас төдийгүй бүхэл бүтэн хөдөлгөөнт үйлдвэрлэлийн экосистемд чиглэсэн өргөн цар хүрээтэй, удаан хугацааны хортой кибер ажиллагаа явуулж байгаа нь тодорхой болсон.


Анхаарал татахуйц нэг зүйл нь, уг тайланд Америк дэлхийн хэмжээнд ханган нийлүүлэлтийн сүлжээ болон хөдөлгөөнт операторуудаар дамжуулан кибер халдлага явуулдаг голлох улс гэдгийг онцолсон явдал юм. Олон жилийн турш Америк ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын асуудлаар "хулгайчийг барь" хэмээн бусдыг буруутгах тактик хэрэглэж, давхар стандарт хэрэгжүүлж, "5G ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал" гэх нэрийдлээр хөөрөгдсөн мэдээлэл түгээж ирсэн. Гэтэл өөрийн улс дахь томоохон интернет компаниуд болон тоног төхөөрөмж нийлүүлэгчидтэй хамтран дэлхийн мэдээллийн төхөөрөмжүүдэд “арын хаалга” суурилуулж, өөрийн кибер халдлагын үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн нь ил болсон. Энэхүү тайлан нь олон улсын хамтын нийгэмлэгт Америкийн жинхэнэ нүүр царайг харуулж байна гэв.


“НҮБ-ын үүргийг бэхжүүлж, олон талт үзлийг түгээн дэлгэрүүлэх” олон улсын семинар Бээжинд боллоо


Сурвалжлагч: Хятадын талын зохион байгуулсан нэгэн семинар дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гай Райдер Хятад улс олон талт үзэл болон НҮБ-ыг дэмжихэд чухал үүрэгтэй болохыг онцолсон. Энэ талаар мэдээлэл өгөөч.


Гүө Жякүнь: 3-р сарын 24-нд Хятадын Гадаад харилцааны яам Бээжин хотноо “НҮБ-ын үүргийг бэхжүүлж, олон талт үзлийг түгээн дэлгэрүүлэх” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И уг арга хэмжээнд зориулан бичгээр мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Ван И мэндчилгээндээ энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буйг онцолж, олон улсын хамтын нийгэмлэг улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, шударга ёсыг сахин хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалан, бүх нийтийн хөгжлийг ахиулахыг хүсэн хүлээж байгааг дурдсан юм. Түүнчлэн НҮБ-ын үндэслэгч гишүүн орон, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд БНХАУ бүх талтай хамтран жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, НҮБ-ын төв байр суурийг хамгаалан, "хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах" зарчмаар дэлхийн засаглалыг дэмжихийн зэрэгцээ тогтворгүй нөхцөл байдлыг тогтворжуулж, илүү шударга, оновчтой дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход эерэг хүчин чармайлт гаргах болно гэдгийг онцолсон юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гай Райдер урилгаар тус семинарт оролцож үг хэлсэн. Оролцогчид тогтвортой хөгжил, олон улсын энх тайван, аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн инновац ба дижитал хамтын ажиллагаа, залуучууд болон хойч үеийн асуудлуудаар өргөн хүрээнд хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалд НҮБ-ын үүргийг бэхжүүлж, олон талт үзлийг сахин хамгаалж, эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг хамтдаа даван туулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн. Түүнчлэн, Хятад улс энэ чиглэлд идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэж буйг өндрөөр үнэлсэн юм гэжээ.