
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 25 /AFP/. Өмнөд Солонгосын авто машин үйлдвэрлэгч “Hyundai” компани АНУ-д олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, гангийн үйлдвэр барихад 5.8 тэрбум ам.доллар зарцуулна гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
“Луизиана муж улсад байрлах уг үйлдвэр 1300 ажлын байрыг бий болгоно. Энэхүү шийдвэр нь АНУ-д илүү бие даасан, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох үндэс суурь болох юм” гэж “Hyundai” компанийн гүйцэтгэх захирал Чон Юйсон Ерөнхийлөгч Дональд Трампын дэргэд Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Ингэснээр Д.Трамп өнгөрсөн нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш АНУ-д олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарласан хэд хэдэн компанийн нэг нь “Hyundai” болж байна. Үйлдвэрлэлээ Америк руу нүүлгэн шилжүүлэхгүй байгаа компаниудад өндөр татвар ногдуулна гэдгээ Трамп удаа дараа мэдэгдсэн билээ. Үүнээс шалтгаалан Apple, Oracle зэрэг дотоодын болон гадаадын компаниуд ирэх дөрвөн жилийн хугацаанд Америк дахь төслүүддээ олон зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Д.Трамп даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, авто машинууд манай улсад хэзээ ч байгаагүй хэмжээгээр ирж байна гэжээ.
Хөрөнгө оруулалт нь татвар үр нөлөөгөө маш сайн өгч байгаагийн тод илрэл юм гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн “Hyundai” компани Америкт ган үйлдвэрлэж, авто машинуудаа Америкт үйлдвэрлэх болсноор ямар ч татвар төлөх шаардлагагүй болно гэдгийг нэмж хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Ардчилсан нам засаг барихаар америкийн өр татвар инфляц өсч дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг америкаас үргээж, Америкт ажилгүйчүүдийг орон гэргүйчүүдийг хар тамхичдыг нэмэгдүүлдэг. Ардчилалын ард зэрлэг капитализм оршиж байдаг.