КАНБЕРРА, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /BBC/. Австралид хүүхдүүд никотинд донтох явдлыг таслан зогсоохын тулд ирэх нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглохоор болжээ. Мөн нэг удаагийн электрон тамхи үйлдвэрлэх, сурталчлах, нийлүүлэхийг зогсоох шинэ хуулиудыг өргөн барих ажээ.
Электрон тамхийг тамхинаас гарах арга хэмээн зах зээлд гаргаж байгаа боловч Австралийн Эрүүл мэндийн сайд үүнийг “никотины хамаарал бүхий шинэ үеийнхнийг" бий болгосон гэж үзэж байна.
Электрон тамхи нь никотин, хиймэл амт оруулагч болон бусад олон төрлийн химийн бодис агуулсан шингэнээр дүүргэсэн бортого бүхий лити батерейгаар ажилладаг төхөөрөмж юм. Австралид 2021 оноос хойш электрон тамхийг эмчийн жоргүйгээр худалдан авах, импортлохыг хориглосон боловч ийм хязгаарлалт тогтоосныг үл харгалзан уг бүтээгдэхүүнд донтон хэрэглэх явдал газар авах болжээ.
Энэ оны эхээр Сиднейн их сургуулиас хийсэн судалгаагаар 14-17 насны өсвөр насныхны дөрөвний нэгээс илүү хувь нь электрон тамхи татаж байсныг тогтоосон бол Австралийн Хавдар судлалын зөвлөлөөс явуулсан судалгаагаар мөн насны 10 хүүхэд тутмын 9 нь ийм тамхийг хялбар олж авах боломжтой байгааг тогтоожээ. “Залуу үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ түгшүүртэйгээр өсөн нэмэгдэж байгааг таслан зогсоохын тулд Австралийн бүх засгийн газар хамтран ажиллах үүрэг хүлээсэн” гэж Эрүүл мэндийн сайд Марк Батлер цохон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард Австралийн засгийн газар нэг удаагийн электрон тамхины хэрэглээг шат дараатайгаар зогсоохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн боловч өнөөг хүртэл тодорхой хугацааг товлон танилцуулаагүй байсан юм. М.Батлерын хэлснээр, нэг удаагийн электрон тамхины импортыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хориглох бөгөөд гуравдугаар сар гэхэд дахин дүүргэх боломжтой, эмчилгээний бус электрон тамхинуудыг мөн тус улсад нэвтрүүлэхийг хориглоно.
Эмчилгээний зориулалттай электрон тамхи нийлүүлдэг импортлогчид болон үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний амт, никотины хэмжээ, сав баглаа боодолтой холбоотой засгийн газрын чангатгасан зохицуулалтуудыг дагаж мөрдөх ёстой байна. Электрон тамхи нь урт хугацаанд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар хангалттай мэдээлэл хараахан байхгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл1
Манайд ч хориглох хэрэгтэй. Бараг л эм юм шиг л юм яриад рекламдаад байгаа. Эрүүл мэндийн яам, ЗГ, УИХ яагаад хориглохүй байгаа нь цаанаа зарим хүмүүст нь сонирхлын зөрчил байгаа юм шиг л харагдаад байна.