sonin.mn

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба 3-р сарын 21-ний өдөр Токио хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзжээ.


Ван И Шигэрү Ишибад Хятадын удирдагчдын мэндчилгээг уламжилж, та ерөнхий сайдын ажлаа авснаас хойш Хятад, Японы харилцааг сайжруулах үйл явцыг дахин эхлүүлсэн. Ши Жиньпин дарга, эрхэм ерөнхий сайд та хоёр Лимад уулзаж, Хятад-Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулахаар тохиролцсон нь Хятад, Японы харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хятад, Япон хоёр чухал нөлөө бүхий орон бөгөөд Азид илүү сайн ирээдүйг нээхийн төлөө хамтран ажиллах нь хоёр орны нийтлэг эрхэм зорилго юм. Олон улсын ээдрээтэй байдал, дэлхий дахин шинэ сорилттой тулгараад байгаа нөхцөлд хоёр тал харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий дахинд илүү тогтвортой, тодорхой байдлыг хангах ёстой.


 Япон улс Хятад, Японы хамтарсан мэдэгдэл зэрэг улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчмыг баримталж, хоёр орны харилцааны улс төр, эрх зүйн үндсийг хамгаалж, түүхэн болон Тайваний асуудлаар авсан улс төрийн чухал амлалтаа чин сэтгэлээсээ биелүүлэх ёстой. Энэ жил Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Энэ чухал мөчид Япон улс түүх, ард түмэн, ирээдүйнхээ өмнө хариуцлага хүлээх ухамсартайгаар ухаалаг сонголт хийж, дэлхий нийтэд зөв дохио өгнө гэдэгт найдаж байна гэжээ. 

Шигэрү Ишиба Хятадын удирдагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг Ван И-ээс хүссэн бөгөөд өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Ши Жиньпин дарга бид Япон-Хятадын стратегийн харилцан ашигтай харилцааг иж бүрнээр ахиулах, Япон-Хятадын харилцааг бүтээлч, тогтвортой хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны шинэ ололт амжилтыг ахиулсан. Японы тал Япон-Хятадын улс төрийн дөрвөн баримт бичгийн ач холбогдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, Хятад улсын гаргасан байр суурийг хүндэтгэж, Хятад улстай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулж, хоёр ард түмэнд үр өгөөжийг улам сайн өгөхөд бэлэн байна гэсэн байна.


Г.Бямба