sonin.mn

БГД-ийн 20-р хорооны ИТХ-ын төлөөлөгч Б.Бүрэнжаргал, Ш.Мөнгөнтуяа болон оршин суугчдын төлөөлөл ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудын дахин төлөвлөлтийн асуудлаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ны хурлын танхимд зөвлөлдөх уулзалтыг хийлээ. БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 7 байршилд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцнууд бий. Нийт 217 өрхийн нийт 900 орчим хүний амьдрах орчин нөхцөл хүнд байна. Тухайн байршлуудад мөн л 2014 оноос хойш дахин төлөвлөлтийн тендерүүд зарлагдсан ч дэд бүтцийн хүрэлцээ муугаас болж бүтээн байгуулалтын ажлууд гацжээ.


“УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ” ХХК-ИЙН ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ПҮРЭВСҮРЭН:


-Дахин төлөвлөлтийн ажилд иргэдийн эв санааны нэгдэл маш чухал. Амьдрах орчноо сайжруулахаар тухайн орон сууцны иргэд санал нэгдсэн байхад ганц, хоёрхон хүн өөрийн эрх ашгийн үүднээс эсэргүүцвэл тэр төсөл зогсдог тал бий. Тиймээс иргэдийг тал талын мэдээллээр хангах, төслийг амжилттай явуулах, иргэдэд зөв ойлголт өгөх тал дээр дүүрэг, хороо, цаашлаад төлөөлөгчид дэмжлэг үзүүлж ажиллах явдал маш чухал гэлээ.Улмаар дахин төлөвлөлтийн ажил удааширч буй суурь шалтгааныг судалж, дүгнэж, төслийг амжилттай хэрэгжихэд анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.