sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 20 /AP/. Орчлон ертөнцийг судлахаар хөөргөсөн Европын сансрын агентлагийн “Евклид” сансрын дуран алс холд орших галактикуудын тухай олон шинэ мэдээллийг илгээжээ. 


Лхагва гарагт танилцуулсан гэрэл зургууд болон бусад мэдээлэлд уг дурангийн нарийвчлан судлах ёстой сансар огторгуйн гурван бүсийг харуулсан бөгөөд олон тэрбум гэрлийн жилийн алсад орших галактикуудын хэлбэр, байршлын зураглалыг буулгасан байна.


Гэрлийн жил нь 9.4 их наяд км-тэй тэнцдэг. 2023 онд Флорида муж улсаас хөөрсөн энэхүү сансрын дуран нь тасралтгүй тэлж буй орчлон ертөнц хэрхэн ажилладаг, харанхуй энерги, хар матери гэж нэрлэгддэг нууцлаг хүчнүүд ямар үүрэг гүйцэтгэдэг байж болохыг олж мэдэхийн тулд сансрын атласыг бүтээж байгаа юм. Харанхуй энерги, хар матери нь манай орчлон ертөнцийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг боловч судлаачид яг юу болохыг нь мэддэггүй. “Евклид” сансрын дуран зургаан жилийн турш ажиглалт судалгаа хийхдээ 1.5 их наяд гаруй галактикуудын гайхалтай зургуудыг авна гэж судлаачид тооцоолжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг