sonin.mn

“Зууны мэдээ” сонины сурвалжлах баг Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ 24 дүгээр цэцэрлэгээр зочиллоо. Цэвэрхэн, тохилог, өнгөлөг харагдах тэр цэцэрлэг үүднээсээ эхлээд л бүхий л зүйлийг хүний нүдэнд тусахаар эвлэгхэн зохион байгуулжээ.


СОНИУЧХАН БЯЦХАНУУД


Шулганан тоглох жаахан хүүхдүүд “Сайн. Та сайн байна уу” гээд нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэх нь хайр татам, өхөөрдөм хөөрхөн. Бага ангийнхан тоглоомоор тоглоод тун чиг завгүй, дунд ангийнхан зургийн хичээлээ хийгээд бас л завгүй. Харин ахлах, бэлтгэл ангийн “ах, эгч нар” зочдыг сонжих зуураа хаанаас ирсэн бэ, таныг хэн гэдэг вэ гэсээр хагас өдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд өнжив.


24-р цэцэрлэгийн Бэлтгэл А бүлгийн багш С.Баярсайхан “Хүүхдэд худал зүйл гэж байдаггүй. Тийм болохоор бид хүүхдийг бие даалгаж бас аливаад чин сэтгэлээсээ үнэнч хандах хандлага суулгахад анхаарч ажилладаг.


Жишээлбэл, ангийн хүүхдүүд өдөрт ямар хэмжээтэй ус уусан бэ гэдгийг өөрсдөөр нь хэмжүүлээд явчихдаг” хэмээн ярьж байх зуур жижигхэн туфльтэй дэгжин охин ус цэвэршүүлэгчээс аягандаа ус хийж уучихаад хананд өлгөөтэй самбарт савх хийж харагдав. Хүүхэд бүрийн таних тэмдэгтэй, савхаа хийдэг жижигхэн уутнуудыг ханын самбарт байрлуулжээ. Тэр харж байгаа биз. Хүүхэд ус уух бүрдээ тэр уутанд савх хийнэ. Олон хүүхэдтэй ажиллаж байгаа болохоор хүүхэд нэг бүрийг ус уусан эсэхийг анзаарахгүй өнгөрчих вий гээд энэ аргыг хэрэглэж байгаа юм гээд Бэлтгэл а бүлгийн туслах багш Б.Хишигням ярьж байлаа. Гаднын зочин харсан бяцхан хүүхдүүд юу сурч байгаагаа бас юу сурсанаа харуулахаар шаагилдаж эхлэв. “За байр байрандаа зогсоод зочиддоо бүжгээ бүжиглээд үзүүлэх үү хүүхдүүд ээ” гэж хэлэхтэй зэрэгцэн аль хэдийнэ хүүхдүүд байраа эзэлсэн байлаа. Аяны хэмнэлийг мэдрэн бүжих хүүхдүүд хэчнээн хайр хүрэм байсан гээч.


АМРАЛТЫН ӨДӨР Ч ЦЭЦЭРЛЭГ РҮҮГЭЭ ГҮЙНЭ


Энэ үеэр Бэлтгэл А бүлгийн багш С.Баярсайхантай хэсэгхэн хором ярилцсан юм. Танай анги энэ намар сургуульд орох хүүхдүүдтэй юм байна. Сүүлийн үед онцлог араншинтай хүүхдүүдтэй ажиллах шаардлага үүсэж байгаа талаар ярих болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ гэхэд минь “Нийгмийн байдлыг дагаад янз бүрийн харилцаа, эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй гээд төрөл бүрээр л нэрлэх юм. Энэ байдал нийгэмд нийтлэг шахуу болчихсон байна шүү дээ.


2000 оноос хойш хүүхдийн хөгжлийн ялгаа анзаарагдаж эхэлсэн. Тухайн үеэс саяхныг хүртэл энэ ялгаатай байдал оношлогддоггүй байлаа. Харин одоо бол эцэг эхчүүд хүүхдээ оношлуулаад багштайгаа хамтраад хүүхдээ хөгжүүлэхээр ажилладаг болсон.


Нөгөө талаар оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхчүүдтэйгээ ойлголцоход амар байдаг. Манай ангид нэг хүүхэд бий. Гэхдээ манай хүүхэд маш сайн нийгэмшиж, найзуудтайгаа харилцдаг болсон” хэмээн ярилаа. Цэцэрлэгтээ явах дуртай болохоор амралтын өдрөөр ч цэцэрлэг рүүгээ гүйчихдэг тухай гэр бүлийнхэн нь багшид хэлжээ. Хүүхэд маань өөрийгөө илэрхийлэхдээ сул болохоор хэл ярианы хөгжлийг дэмжих хичээл ордог юм билээ. Нөгөөтээгүүр өөрийнхөө харсан бүрийг баримлын шавраар сурамгай бас чадварлагаар дүрсэлж гаргадаг бяцхан шавийнхаа авьяасыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг тухайгаа туслах багш Б.Хишигням хэлж байлаа. Ангийнхантайгаа зэрэгцэж зогсоод бүжиглэж байгааг харахад “ялгаатай” гэж харагдахгүй байсан юм. Тэр ч бүү хэл багш нар нь энгийн хүүхдүүдтэй харьцдаг шигээ л харьцана. Хэт анхаарал тавиад эхэлвэл адилхан жаахан хүүхдүүд ялгаатай гэдэг ойлголт авчихна гэж болгоомжилдог тухай мөн ярьсан юм.


“БАЯРТАЙ, ДАРАА ДАХИАД ЗОЧЛООРОЙ”


Бэлтгэл ангиас гараад шатаар уруудаж явтал өөр хоорондоо хөөцөлдөн бас уралдан гүйж яваа хүүхдүүдтэй таарав. Ахлах бүлгийн хүүхдүүд олс өөд мацан тоглож байв. Цэцэрлэгийн коридорын хоосон орон зайд хүүхдүүд дасгал хийх боломжтой авиралтын шат, дүүжин олс гээд эвлэг тохижуулсан буланд ийнхүү тоглож бас өөр хоорондоо өрсөлддөг тухай ажилтнууд нь хэлж байлаа.


Дуулж бас бүжиглэж бүхий л авьяасаа үзүүлсэн бяцханууд зочдоо үдэхдээ “Баяртай, дараа дахиад зочлоорой” гээд үлдсэн юм. Харин тэд багшаасаа “Энэ хэн бэ” гэж асуухаа бас мартаагүй.


“Том дарга нар явж байна” хэмээн багшийгаа хариулахад “Үгүй ээ, инээдэг хүмүүс байна” гэж ам уралдан хэлсэн гэнэ лээ. Хүүхэд өөрийн харснаа будаггүй, худалгүйгээр илэрхийлдэг хэмээн С.Баярсайхан багш хэлсэн юм. Үнэндээ ямар ч толбогүй цагаахан бас гэгээхэн өргөөнд хагас өдөр саатсан бид дараагийн уулзалт руугаа хүлгийн жолоо залсан юм.



Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин