
БУДАПЕШТ, 2025 оны гуравдугаар сарын 19 /RIA Novosti/. Мягмар гарагт болсон Унгарын парламентын хурлаар Европын орнуудыг дахин зэвсэглэхэд зориулан 150 тэрбум еврогийн зээлийн сан байгуулах төлөвлөгөөнд тус улсыг оролцохыг хориглож, энэ санаачилгыг эсэргүүцсэн тогтоолыг баталжээ.
Үндсэн хуульд заасны дагуу парламентын гишүүдийн гуравны хоёрынх нь зөвшөөрөлгүйгээр Унгар улс ийм төрлийн зээлд оролцох боломжгүй юм. Дээрх тогтоолыг батлахыг 199 гишүүний 138 нь дэмжсэн бол 29 хүн эсэргүүцэж, нэг гишүүн санал өгөхөөс түдгэлзсэн байна.
Парламентын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд Унгар улс Европын Холбооны /ЕХ/ хамтарсан зээлд оролцох боломжтой гэдгийг уг тогтоолд онцлоод "ЕХ-ны байгууллагуудад Унгар улсын эрх ашгийг хуулиар зөвшөөрсөн бүх арга хэрэгслийг ашиглан төлөөлөхийг" засгийн газарт уриалсан байна.
Үүний сацуу Унгар улс "Европын орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийг дэмжиж байгаа" гэдгийг дурджээ.
Гуравдугаар сарын 6-нд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар "Европыг дахин зэвсэглэх төлөвлөгөө"-г хэлэлцсэн бөгөөд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 800 тэрбум евро зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ 150 тэрбум еврог олон улсын санхүүгийн зах зээлээс босгох бөгөөд үүнд ЕХ баталгаа гаргана. Үлдсэн 650 тэрбум еврог гишүүн орнууд өөрийн хөрөнгөнөөс гаргах ёстой.
Д.Жаргал
Эх сурвалж.: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Эрүүл ухаантай улс ийм байдаг юм !
TENEG MAJARUUD ER EX GUI BOL YAHIIN KKK . OROSOD OCHIJ AJIL HAIVAL YADAG BOL . UNGARIIG TSEREG ORUULAN BUUDAJ ERUNHII SAIDIIG MOCKVAD AVAACHIJ BUUDAN ALSNIIG MARTJEE ESVEL MONGOLCHUUD SHIG OROSOOS AIDAG HEVEEREE YU?