sonin.mn

ЖЕНЕВ, 2025 оны гуравдугаар сарын 19 /NHK/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Газад өгсөн Израилын агаарын цохилтын талаар мягмар гарагт хэлэлцжээ. Гал зогсоох хэлэлцээрийг сэргээхийг олон хүн уриалсан байна. Харин АНУ өөр байр суурьтай байна. 

Газын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 404 хүн амь үрэгджээ. Палестинаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Рияд Мансур хэлэхдээ, палестинчуудыг хавтгайруулан хөнөөж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс татгалзаж, эрэмдэг зэрэмдэг болгож, хавтгайруулан баривчилж байна гэв.




Их Британи, Франц, Оросын төлөөлөгчид Р.Мансуртай санал нэгдэн байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалсан байна.




Харин НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дороти Ши ХАМАС бүлэглэлийг буруутгажээ. Тэрбээр хэлэхдээ, ХАМАС иргэний дэд бүтцийг хөөргөх талбай болгон ашигласаар байгааг олон нийт сайн мэдэж байгаа бөгөөд АНУ энэ үйлдлийг зэмлэн буруушааж байна, бусад талууд ч мөн ингэх ёстой гэлээ.

ХАМАС бүлэглэлийнхэн барьцаанд байгаа хүмүүсийг суллахаас татгалзсаар байгаа тул цохилт өгөх шаардлагатай байсан гэж Израилын төлөөлөгч мэдэгдсэн байна.




ХАМАС-ын улс төрийн товчооны гишүүн Басем Наим NHK-д мэдээлэхдээ, манай бүлэглэл бууж өгөхгүй гээд, хэрэв ХАМАС бүлэглэлд шахалт үзүүлэх нь барьцаалагдсан хүмүүсийг суллахад хүргэнэ гэж Израил болон Америкийн эрх баригчид үзэж байгаа бол энэ бол төөрөгдөл. Бид тулалдах хүсэлгүй байна. Гэхдээ шаардлагатай бол бид бүх арга замаар өөрсдийгөө хамгаалах болно гэж хэлжээ.

Израилын цэргүүд Газын зурвасаас бүрэн гарч, хэлэлцээнд оролцогчид сэргээн босголтын асуудлаарх яриа хэлэлцээнд нэгдэх үед л барьцаалагдсан хүмүүсийг суллана гэж Б.Наим нэмж хэлсэн байна.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг