sonin.mn

БЕРЛИН, 2025 оны гуравдугаар сарын 19 /BBС/. Германы парламентын доод танхим тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гуравны хоёроос дээш хувийн саналаар дэмжжээ. Ингэснээр засгийн газар илүү их хэмжээний зээл авч, зэвсэгт хүчин ба дэд бүтцэд хөрөнгө оруулах боломж бүрдэх юм.  

Бундестагийн энэ шийдвэр Европын батлан хамгаалах салбарын бодлого, Украинд үзүүлэх цаашдын дэмжлэгт нөлөөлөх тул дээрх санал хураалтыг түүхэн үйл явдал хэмээн тодорхойлж байна.




Германы Канцлер болох магадлалтай байгаа Фридрих Мерц мэдэгдэхдээ “Европын эсрэг Оросын түрэмгий дайны үед” Германы байр суурийг бэхжүүлэхийн тулд эдгээр өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай" гэлээ. 




Ф.Мерцийн төлөвлөгөөнд цэргийн зардлыг засгийн газрын зээлийн хязгаарлалтаас чөлөөлөх, мөн 500 тэрбум гаруй еврогийн дэд бүтцийн сан байгуулахаар тусгасан байна. 




Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Бундестагийн 513 гишүүн дэмжсэн бол 207 нь эсэргүүцсэн байна. Шаардлагатай гуравны хоёрын саналыг авахын тулд Ф.Мерцийн консерватив Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо эвсэл болон зүүний төвч үзэл баримтлалтай Социал-демократ нам эцсийн мөчид Ногоон намын тавьсан шаардлагыг нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. 

Одоо хуулийн төслийг парламентын дээд танхим буюу 16 мужийн төлөөлөл бүхий Бундесратаар хэлэлцүүлэх ёстой бөгөөд санал хураалт баасан гарагт болно.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг