
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 18 /AFP/. Хятадын цахилгаан авто машин үйлдвэрлэгч BYD компани ердийн машиныг бензинээр дүүргэхтэй адил хугацаанд цэнэглэх боломжтой цэнэг хураагуурын шинэ технологийг танилцуулсны дараа хувьцааных нь ханш түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ.
“Super e-Platform” гэж нэрлэгддэг системийн цэнэглэх хурдыг 1000 кВт-д хүргэсэн тул авто машиныг ердөө тавхан минутын дотор цэнэглээд 470 км зам туулах боломжтой ажээ.
BYD-г үүсгэн байгуулагч Ван Чуанфу хэлэхдээ, энэхүү шинэ технологи нь машиныг цэнэглэх тал дээр хэрэглэгчдэд тулгардаг бэрхшээлийг үндсээр нь шийдвэрлэх зорилготой гэв. Бидний зорилго бол цахилгаан авто машины цэнэглэх хугацааг түлшээр ажилладаг машины шатахууны савыг дүүргэхтэй адил болгож богиносгох явдал юм гэж тэрбээр нэмж хэллээ.
Энэхүү мэдэгдлийг хийсний дараа Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй BYD-гийн хувьцааны ханш мягмар гаргийн өглөө зургаан хувиар өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. “Super e-Platform”-ыг зохион бүтээснээр 500 кВт-ын хурдтай цэнэглэдэг Tesla-гийн системээс 2 дахин илүү хурдтай цэнэглэх юм.
BYD компани шинэ платформоо цахилгаан машины хоёр шинэ загвартай хамт танилцуулсан бөгөөд “Han L” седан ба “Tang L” дунд оврын жийпнүүд нь ийм систем бүхий хамгийн анхны машинууд болох юм. Мөн Шэньжэн хотод төвтэй BYD компани шинэ технологио нэвтрүүлэхийн тулд улсын хэмжээнд 4000 гаруй хэт хурдан цэнэглэгч станц барих төлөвлөгөөгөө танилцуулжээ. Хоёрдугаар сард тус компанийн борлуулалт 161 хувиар өсөж, 318 мянга гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл борлуулжээ. Харин Хятадын зах зээл дэх Tesla-гийн борлуулалт мөн хугацаанд 49 хувиар огцом буурсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Одоо Тёсла тэр шинэ тёхнолагийг нь хулгай хийх юм бодож байгаа ! Уул нь хятадууд хулгайч нар байсан юм одоо больсоон ! 21 р зуун бол Хятадын зуун !
Хятадын автомашины үйлдвэрлэл хувьцаа өссөн шалтгаан нь өнгөрсөн дөрвөн жилд америк тэргүүтэй барууны орнууд Украины дайн зэвсэг үйлдвэрлэлд асар их мөнгө зарцуулж дотоодын автомашины үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийгээгүй орхигдуулсантай холбоотой.