sonin.mn

ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 18 /NHK/. Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрүг тойрсон бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулиан парламентын танхимд даваа гарагт үргэлжилжээ. Эдгээр ваучерыг тараасан нь хууль зөрчөөгүй гэж Ишиба өөрөө мэдэгдээд байгаа юм.Энэхүү дуулиан энэ сарын эхээр болсон уулзалтаас үүдэн дэгдсэн бөгөөд Ишиба эрх баригч Либерал Ардчилсан намын 15 хууль тогтоогчийг албан өргөөндөө оройн зоогт урьсан байна. Түүний ажлын албанаас уригдсан хууль тогтоогчдын ажлын албадад тус бүр нь ойролцоогоор 675 ам.долларын үнэтэй бэлгийн эрхийн бичгийг илгээжээ.




Ийм бэлэг тараах нь улс төрийн санг хянах тухай хуулийг зөрчсөн үү гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа юм. Бэлгийн ваучер нь энэ хуульд хамаарах боловч улс төрийн бус үйл ажиллагаанд хандив өгөхийг хориглодоггүй.



Уг оройн зоог нь улс төрийн үйл ажиллагаа биш байсан бөгөөд эрхийн бичиг нь нэг төрлийн бэлэг дурсгалын зүйл байсан гэж Ишиба мэдэгджээ. Даваа гарагт сөрөг хүчний хууль тогтоогчид Ерөнхий сайдаас тайлбар өгөхийг хүссэн байна.

Японы Үндсэн хуульт ардчилсан нам парламентын хэлэлцүүлгийн үеэр тайлбар хийхийг Ерөнхий сайдад уриалжээ. Хэрэв түүний тайлбарыг хангалтгүй гэж үзвэл Ерөнхий сайдыг улс төрийн ёс зүйн комиссын хуралд дуудна гэдгээ мэдэгдлээ.




Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг