
БРЮССЕЛЬ, 2025 оны гуравдугаар сарын 18 /DW/. Европын Холбоо /ЕХ/ болон түүний түнш орнууд Сирийн иргэний дайны уршгийг арилгах, тус улсын хөрш орнуудад тусламж үзүүлэх зорилгоор дахин 5.8 тэрбум евро олгохоор шийдвэрлэжээ. Энэ тухай Газар Дундын тэнгисийн асуудал эрхэлсэн Европын комиссар Дубравка Шуица Брюссельд болсон хандивлагч орнуудын 9 дэх удаагийн бага хурлын дараа мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, 5.8 тэрбум еврогоос 4.2 тэрбумыг нь буцалтгүй тусламж, 1.6 тэрбум еврог зээл хэлбэрээр олгоно.
"ЕХ болон түнш орнууд Сири болон тус улсын хөрш орнуудад 5.8 тэрбум евро олгохоо амлалаа. Ингэснээр сиричүүдийг шилжилтийн үед дэмжиж, чухал хэрэгцээт зүйлсээр газар дээр нь хангах болно" гэж ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кажа Каллас олон нийтийн Х сүлжээнд бичжээ.
Германы хандивын хэмжээ багасжээ
Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Хөгжлийн сайд Свенья Шульце нар Сирийн иргэд болон тус улсын хөрш орнууд руу дүрвэн гарсан сиричүүдэд дэмжлэг тусламж үзүүлэхэд 300 сая евро хандивлахаа мэдэгджээ.
Брюссельд өнгөрсөн онд болсон хандивлагч орнуудын бага хурлын үеэр Германы эрх баригчид 1 тэрбум гаруй евро олгоно гэж мэдэгдэж байв. Тус улсын хандив энэ хэмжээнээс хамаагүй бага болсон нь өнгөрсөн намар эрх баригч эвсэл задарсантай холбоотой юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Сирид Башар аль-Асадын олон жилийн дэглэм нуран унаснаас хойш тус улсад тусламж үзүүлэх хандивлагч орнуудын бага хурлыг анх удаа зохион байгуулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0