sonin.mn

СКОПЬЕ, 2025 оны гуравдугаар сарын 17 /BBC/. Умард Македоны шөнийн цэнгээний нэгэн газарт гал гарсны улмаас 59 хүн амиа алдсаны дараа цагдаа нар 10 хүнийг баривчилсан тухай албаны хүмүүс ВВС телевизэд мэдээлжээ.

Тус улсын алдартай хип хоп хамтлаг болох DNK-гийн тоглолтийг үзэхээр 500 орчим хүн цуглараад байсан Pulse клубт орон нутгийн цагаар ням гаргийн 02:30 цагийн орчимд гал гарсан байна.

Хамтлагийн гишүүдээс нэг хүн амьд үлдэж, эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч BBC-д мэдээлжээ. Тоглолтын үеэр нийт 155 хүн бэртэж гэмтсэн байна.




Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, осолд холбоотой гэж үзэж буй 10 сэжигтнийг богино хугацаагаар баривчлах шийдвэр гаргасан бөгөөд үүнд “холбогдох зөвшөөрлийг олгосон яамны ажилтнууд” багтсан байна.




Дотоод хэргийн сайд Пэнс Тосковски ням гаргийн үдээс хойш мэдэгдэхдээ, тус газар үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөлгүй байсан гэсэн бол цагдаа нар гал түймэр гарсанд авлига, хээл хахууль холбоотой эсэхийг шалгаж байгаагаа мэдэгджээ.


Нийслэл Скопье хотоос зүүн тийш 100 км зайд орших сууринд байрлах энэ газар урьд нь хивсний агуулах байсан тул орон нутгийн хэвлэлд “шөнийн цэнгээний газар болгож засаж өөрчилсөн газар” гэж бичжээ. Тус барилгын арын хаалга түгжээтэй байсан тул хүмүүс зөвхөн нэг л гарцаар гарах боломжтой байжээ.

Ням гарагт хийсэн эхний үзлэг шалгах ажиллагааны үеэр мөн хэд хэдэн “доголдол” илэрсэн бөгөөд гал унтраах систем, цахилгаан хангамжийн системд доголдол илэрчээ. П.Тосковски анхан шатны мэдээллээс эш татан хэлснээр, пиротехникийн хэрэгслийн оч шатамхай материалаар хийгдсэн таазанд туссанаас үүдэн гал гарсан байна.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг