
БЕРЛИН, 2025 оны гуравдугаар сарын 17 /DW/. Йемений хуситуудын бүлэглэл Улаан тэнгист байрлаж буй АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд руу дайралт хийсэн тухайгаа мэдэгджээ. Ням гарагт хийсэн дайралтад Америкийн нисэх онгоц тээгч “USS Harry S.Truman” хөлөг онгоц болон түүнийг дагалдан яваа цэргийн хөлөг онгоцууд өртсөн гэж хуситуудын цэргийн жигүүрийн төлөөлөгч Яхья Сариа мэдэгдсэн байна.
Дайралтад 18 пуужин, нэг нисгэгчгүй онгоц ашигласан гэж хуситууд мэдэгджээ. Гэхдээ хөлөг онгоцуудад өгсөн цохилт амжилттай болсон эсэх талаар мэдэгдэлд дурдаагүй байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснийг эш татан "Reuters" агентлагийн мэдээлснээр, Америкийн нисэх онгоцууд 11 нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ. Хуситуудын харвасан пуужингууд агаарт дэлбэрч, Йемений усан нутаг дэвсгэрт унасан байна.
Хуситууд нисэх онгоц тээгч хөлөг онгоц руу довтлохоос өмнө Израил, ХАМАС бүлэглэл Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрсэн өдөр буюу нэгдүгээр сарын 19-нөөс хойш бүс нутагт байлдааны ажиллагаа явуулаагүй гэж "AFP" бичжээ. Гэвч гуравдугаар сарын 11-нд Израилын тал Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулахыг зогсоосон тул тэд Израилын хөлөг онгоцууд руу дахин дайралт хийнэ гэж сүрдүүлсэн байна.
Хуситууд гуравдугаар сарын 16-нд шилжих шөнө эхлүүлсэн АНУ-ын ажиллагааны хариуд тус улсын цэргийн хөлөг онгоцууд руу дайрчээ. Улаан тэнгист байрлаж буй Америкийн хөлөг онгоцуудаас буудсаны улмаас 53 орчим хүн амиа алдаж, 98 хүн шархадсан гэж хуситуудын хяналтад байдаг Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Харин Цагаан ордноос мэдээлснээр, тус бүлэглэлийн хэд хэдэн өндөр албан тушаалтан амь үрэгджээ.
Хуситуудад цохилт өгсний хариуд Америкийн цэргийн хөлөг онгоцууд төдийгүй Улаан тэнгис, Адены булангаар дамжин өнгөрч буй тус улсын худалдааны хөлөг онгоцууд руу дайрна гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Усан онгоцоор далайн тээвэр хийнэ. Далайн худалдааны замыг Усан цэргийн хүчээр хамгаална. Дэлхийн худалдааны 90% далайгаар явдаг. Ийм байхад усан онгоц хийхэд асар их төмөр хэрэгтэй. Төмөр хийхэд сайн чанарын коксжсон хямдхан нүүрс хэрэгтэй. Монгол улсын тавантолгойн нүүрсний уурхайд сайн чанрын коксжсон нүүрс хямдхан байна. Ийм учраас нүүрсний төлөө Америк, Хятад хоёр Монголд өрсөлдөж байна. Ийм том өрсөлдөөнд Монгол улс ашиг хийж чадахгүй үлдэж болохгүй. Нэг муу хувийн компани энэ өрсөлдөөнд ялаахгүй тул дампууруулж хая. Монгол улсын коксжсон нүүрс агуу баялаг юм.
Эмээ цагт нь ууж бай л даа. Ядаж байхад хавар...