
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 15 /VOA/. “SpaceX” компани НАСА агентлагтай хамтран тойрог замд есөн сарын турш гацаад байгаа Америкийн сансрын нисгэгч Буч Уилмор, Суни Уильямс нарыг авчрах хөлгийг Олон улсын сансрын станц руу /ОУСС/ хөөргөжээ.
НАСА-гийн сансрын нисгэгчид болох Энн Макклейн, Николь Айерс, Японы сансрын нисгэгч Такуя Ониши, Оросын сансрын нисгэгч Кирилл Песков гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг ОУСС-д хүргэх ёстой “Crew Dragon” сансрын хөлгийг Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс "Falcon 9" пуужингаар хөөргөсөн байна. Шинэ баг ирэх зургаан сарын хугацаанд тойрог замын станцад ажиллах юм.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд гарсан туршин нисгэгчид болох Буч Уилмор, Суни Ульямс нар өнгөрсөн оны зургаадугаар сард “Boeing” компанийн “Starliner” сансрын хөлгийн анхны туршилтын нислэгээр ОУСС-д ирсэн боловч хөлгийн хөдөлгүүр доголдсоны улмаас сансрын станцад найм хоног байхаар төлөвлөж байсан хугацаа нь олон хоногоор хойшилжээ. Уилмор, Уильямс нар ОУСС-д байхдаа шинжлэх ухааны судалгаа, станцын төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэжээ.
Шинэ багийнхан станцад ирсний дараа Уилмор, Уильямс болон өнгөрсөн оны есдүгээр сард “Crew-9” хөтөлбөрийн хүрээнд тойрог замд ирсэн НАСА-гийн сансрын нисгэгч Ник Хэйг, Оросын сансрын нисгэгч Александр Горбунов нар “Crew Dragon” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирэх юм.
“Crew-10” багийнхан АНУ-ын Зүүн эргийн цагаар бямба гаргийн 23:30 цагт ОУСС-д залгагдсаны дараа сансрын нисгэгчдийн халааг авах уламжлалт ёслол болно. “Crew-9” багийнхан гуравдугаар сарын 19 гэхэд эх дэлхийдээ буцаж ирэхээр төлөвлөж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хөөрхий,,,,муу,,, луна25,,,