sonin.mn

Баянзүрх дүүргийн нутаг, Амгалангийн “Оргил” худалдааны төвийн дэргэдэх буудал дээрх автобус дотор энэ сарын 9-нд хүн нас баржээ. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн ням гаргийн 19.10 цагийн үед дуудлага мэдээлэл ирсний дагуу “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Юүтонг” загварын автобусны жолооч 38 настай залуу ил харагдах гэмтэл, шархгүй таалал төгссөн байж.


Түүний зүрх гэнэт хаагдсан бололтой гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж, талийгаачийн нас барсан шалтгааныг мэргэжлийн байгууллагаар нарийвчлан тогтоолгохоор болсон гэнэ.


Уг нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг үйлчилгээнд гарахын өмнө эрүүл мэндийг нь үзэж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, эсэхийг хянах учиртай баймаар. Харин “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ынхан үүнийг хэрэгжүүлсэнгүй юү, жолоочийнхоо эрүүл мэндэд анхаарал тавих ажилдаа хайнга хандсанаас нэг ажилчин нь ажлынхаа байранд, автобусныхаа бүхээгт нас барлаа. Олон зорчигч тээвэрлээд, замын хөдөлгөөнд оролцож явах үед нь ийм зүйл болсон бол эрсдэлтэй биш гэж үү.