
1990 оноос нийгэм чөлөөлөгдөн үзэл суртлын хатуу хана нурснаар архив мэдээлэл сул чөлөөтэй болж нууцлагдсан олон материал архив нээлттэй болсноор мөнөөх дархлагдсан “түүх” ил болж эхэллээ. Энд зөвхөн 1921 оны 3-р сарын 18-д Хиагтыг чөлөөлсөн үйл явдлын үнэн мөнийг маш олон жинхэнэ баримтад тулгуурлан өгүүлж байна. 1954 оны зөвлөлтийн “История МНР” бүтээлд “Булаан эзлэгсэдийн 10 мянган цэрэг бүхий хүчнийг Маймаачин* хотоос чөлөөлөхөөр Монголын намын Төв хороо ба Түр Засгийн газраас шийдвэрлэв… Маймаачин дахь тулалдаан нь Монголын бүх ард түмнийг зэвсэгт бослого хөдөлгөөнд хүргэж чөлөөлөх дайн болгосон юм.. Ингэж Маймаачинг Алтанбулаг гэж нэрлэх болж, Монголын ардын хувьсгалт армийн төрсөн өдөр болгон тэмдэглэх болжээ.
”[1] Үүнээс хойш Монголын Шинжлэх ухааныакадемийн хэвлүүлсэн 1969 оны “Бүгд найрамдах Монгол ард улсын түүх” гурван боть бүтээлд “Хиагтыг чөлөөлөх үедолон мянган гамин цэрэг тэнд… байрлаж байсан гэж Чойбалсан бичжээ…
(Тэр үед Чойбалсан Хиагтад байгаагүй)” [2] гэжээ. 1969 онд хэвлэгдсэн Б. Ширэндэвийн “Монгол ардын хувьсгалын түүх” бүтээлд “Хиагтын гамин цэргийн тоо 10 мянга орчим ба монгол ардын цэрэг 400 орчим хүнтэй байсан..” гэсэн байна.[3] Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан 1955-1957 онд Б.Ширэндэв, Ч. Нацаг нараас тэр үед амьд үлдсэн гэх 1921 оны партизан гэх олон хүнээс дурдатгал аван бичиж тэмдэглэсэн нь энэхүү түүхийн бичлэгийн эх сурвалж болсон юм. Хожмын тулгаж үзсэн баримтаас үзэхэд эдгээр “партизаны” дийлэнх нь Хиагтын тулалдаанп огт оролцоогүй. Тэдний хэлснийг баримт болгоё гэхэд гамингийн талаас үрэгдсэн хүний тоо хэдийнээ 10 мянгаас давж байв. Энэ “баримт” гэгчийг одоо ч баримт болгон ашигласаар. 2003 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол улсын түүх” хэмээх 5 боть бүтээлд “Энэ үед Хиагтад Хятад цэргийн 500 хүнтэй морьт хороо, 40 хүнтэй удирдлага, Улаанбургасын 600 хүнтэй хороо,Ивцэгийн 500 хүнтэй хороо, 600 хүнтэй морьт хороо,Хиагтын 300 хүнтэй хороо, Ивцэгт 1940 цэрэгтэй нь 12 пулемот, 7 их буутай байсан” гэж тэмдэглэжээ.[ 4]
Тухайн үед гамин цэргийг хөөж гарган эх орноо чөлөөлөх хүсэл бүх монгол хүний эрмэлзлэл байлаа. Энэ гавьяаг аль хэдийнээ барон Унгерн авчихсан. Улаан цэрэг гэнэт Монгол руу цөмрөн орж ач гавьяат бароныг нь устгаад унавал үүнээ монголчуудад юу гэж тайлбарлах билээ? Ийм учраас хөөрхөн жүжиг бодож олжээ.
Энэ үед Унгернд цохиулаад дутааж ирсэн 1 500 хятад хүн Хиагтад бөөгнөрөөд Орос руу зугтах гэж хил нэвтрүүлэхийг гуйж байв. Эдний 500 нь мэргэжлийн цэрэг (200 морьт, 300 явган цэрэг), үлдсэн мянга нь шинээр цэрэгт дайчлагдсан хятад иргэд аж. 1921 оны гуравдугаар сарын 18-нд буюу Парисын коммуны 50 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатараар удирдуулсан Монголын “400 морьт цэрэг” Хиагтад буй “10 мянган гамин цэрэг” рүү ийнхүү довтлон Хиагтыг чөлөөлсөн гэх? Гэвч хожим ил болсон баримтаас үзэхүл 1921 оны 3-р сарын 18-д Хиагтад юу болоод өнгөрсөн юм бэ? Хүрээнд Хятадын холимог бригад, морьт цэргийн хороо (4 мянга гаруй хүнтэй) байжээ. Гэхдээ 1918 онд ирсэн морьт хорооны нэлээд хэсгийг Хиагтад илгээсэн, мөн Сю Шүжэн 1920 оны зун нутаг буцахдаа зарим цэргээ авч одсон аж. Аньхуй болон Жили бүлгийг дэмжигчид тус тусдаа өөр бодолтой байснаас удирдах бүрэлдэхүүн өвөр хоорондоо зөрчилдөн (бригадын дарга генерал Чү Чисянь* Аньхуй бүлгийг, морьт хорооны дарга хурандаа Гао Зайтиэнь* Жили бүлгийг дэмжигч байв) Сю Шүжэн буцсаны дараагаас Хүрээнд Хятадын цэргийн нэгдсэн удирдлага алдагдажээ. Унгерн Хүрээг эзлэхэд хятадууд тал бүр тийш зугтав. Урагш зугтсан хэсгийг нь Унгерн, Найдан ван нар нэхэн хөөж Чойр орчимд хиаруулсан. Иймээс хятад цэргийн хувьд Хиагт, Троицкосавскаар* дамжин Дээд Үд хүрч, тэндээсээ төмөр замаар яван Манжуураар нутагтаа очихоос өөр гарцгүй болсон юм. Унгерн Нийслэл Хүрээг эзэлсэнтэй холбогдуулан Алс Дорнодын БНУ-ын зүгээсцэргээ Монголд оруулах шахалтыг Хятадын эрх баригчдад үзүүлсэн байна.
ГХАК-ын төлөөлөгч Макстенек Хиагтад суух Хятадын ерөнхий консул Лү Пандао-д хандан Хятадын цэрэгтэй хамтран Унгерний эсрэг тэмцэхийн тулд Оросын цэргийг хил давуулан Хиагт хавьд байрлуулах, эдгээр цэргүүдийг Унгернийг цохисны дараа элдэв нөхцөлгүйгээр буцааж гаргана гэсэн саналыг тавьжээ.
Лү Пандао саналыг няцаасан байна. Хэдий тийм боловч Улаан цэргүүд хил нэвтрэн Хиагтаас урагш 30 км-т, хотын баруун талд 20 км-т тус тус байрлаж байжээ. Макстенек* Хиагтад зугтан ирсэн Хятадын Чэнь И*, түүний орлогч Ли Юань нартай 1921 оны хоёр дугаар сарын 19-нд уулзаж дээрх саналаа дахин тавьжээ. Улаан цэргийг Хиагт хавьд байрлахыг Чэнь И нар зөвшөөрсөн боловч Хүрээ хүртэл Зөвлөлт, Хятадын цэрэг хамтран давших эсэхийг Бээжингээс лавлаж байж хариу өгнө гэжээ.[5] Чэнь И нар цэрэг хангалттай боловч хүнс, зэвсэг, галт хэрэгслээр дутагдаж буй тул дэмжлэг хүссэн байна. Унгерний эсрэг тэмцэхэд зориулж зэвсэг, галт хэрэгслээр туслахыг хүссэн Хятадын түшмэдэд “Монгол нь бүрэн эрхт улс тул АДБНУ-аас бусдын дотоод хэрэгт оролцохгүй” гэсэн хариуг 1921 оны хоёр дугаар сарын 25-нд Эрхүүгээс өглөө. Харин орогнол гуйсан хятад, монгол иргэдийг хүлээн авахыг дэмжсэн байна. Мөн “…Манай цэрэг нь улс төрийн кадруудыг удирдлагад нь тавьсан МАН-ын партизаны отрядыг чөлөөтэй ажиллуулснаар тэдний дэмжлэгт тулгуурлан бид Монголд нэвтрэлгүй хилээ хамгаалж, унгернчуудыг устгах боломж гаргах, Хиагтыг эзлэх цэргийн командлалын тушаалыг биелүүлэхийн тулд V армийн командлалаас МАН-ын хувьсгалчдыг зэвсэглэх тушаал өгсөн байгаа” гэсэн чиглэлийг Эрхүүгээс өгчээ.[6] ЗОУ нь энэрэнгүй улс гэдгийг харуулах зорилгоор Унгерний түрэмгийлэлд өртсөн хэнийг ч болов манайд орогнуулах, V армийн сургагч нарыг МАН-ын отрядуудад хуваарилан Хиагтыг эзлэхэд туслах хэрэгтэй гэсэн захирамжийг V армийн Хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн К.И.Грюнштейн* ч өгсөн байдаг.[7] 1921 оны хоёрдугаар сарын 20-нд Троицкосавскт И.О.Макстеник, Чэнь И нарын хооронд хэлэлцээ явагдав. Унгернаас зугтан Хиагтад бөөгнөрсөн Хятадын дүрвэгчдийг АДБНУ-аар дамжуулан нутагт нь буцаах асуудлыг тохиролцжээ.
Чэнь И-гээс Зөвлөлтийн төлөөлөгчдөд хандан: “Хэрвээ Зөвлөлт Орос хятадуудыг нутаг буцахад нь тусалж дүрвэгсдэд зам гаргаж өгсөн тохиолдолд энэ зун Монголын нутагт Унгерний эсрэг зэвсэгт тэмцэл хийх Улаан армийн ажиллагаанд Хятадын талаас ямар ч саад учруулахгүй” гэж амлав. Нэг үгэндээ Улаан арми Монголд нэвтрэхийг Чэнь И зөвшөөрчээ.[8] Оросын цэрэг Хятадын цэрэгтэй мөргөлдвөл Орос, Хятадын харилцаа туйлын төвөгтэй болох байв. Иймээс Ардын журамт цэргийнхэн Хиагтыг дайрах үед АДБНУ-ын цэрэг уг дайралтыг халхлан Хиагтаас холгүй байрлан дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдалд байлаа. Хиагтыг байлдаангүйгээр өгөхийг 1921 оны гуравдугаар сарын 15-нд ГХАК-ын төлөөлөгч Макстенек хятадуудад тулган шаардаад “хэрэв хятад цэргүүд зэвсгээ хураалгаж, хотыг байлдаангүй өгвөл танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж уул орон нутагт нь буцааж болно”.[9] гэв. Харин тулган шаардах бичгийг Сүхбаатар гарын үсэг зуран гамин цэргийн удирдлагад өгсөн гэх “баримт” 1952 онд зохиогдсон бололтой.[10] Ийнхүү Унгерний эсрэг хамтарч байлдъя гэж хятадуудаас гуйж байсан большевикууд богино хугацаанд хүсэлтээ тулган шаардалт болгон чангаруулжээ. Үүнийг төлөвлөхөд Москва дахь Гадаад хэргийн ардын комиссариат, Улаан цэргийн Ерөнхий командлал, Коминтерн, АДБНУ оролцсон бөгөөд газар дээр нь сургагч нар ч байжээ. Тулган шаардлага авсны дараагаас хятадууд Троицкосавск руу дүрвэж эхэлсэн байна. Хиагтаас зайдуу байсан хятад цэргийн ангиуд гуравдугаар сарын 18 гэхэд Троицкосавск руу дүрвэж амжаагүй байлаа. Тэр өглөө Хиагт руу орж довтолсон Журамт цэрэгт шахагдсан тэд 18-19 өдрүүдэд бүрэн хил гарч дуусчээ.
1921 оны үйл явдлыг судалсан түүх Н.Хишигтийн бичсэнээр “Түүхэн баримт сэлтээс харвал Хиагтын байлдаанд цөөн боловч орос цэрэг оролцсон явдал байжээ... улаан цэрэгт хэрэглүүлэх зорилгоор монгол дээл хувцас цуглуулсан түүх, Хиагтын байлдааны талаар хэлэлцсэн хурлын тогтоол зэрэг нь үүнийг гэрчлэх ажээ”.
[11]АДБНУ-ын Ардын хурлын дарга байсан Ф.С.Мансветов* бичихдээ “1921 онд миний бие өөрийн нүдээр монгол хувцас өмссөн Улаан армийн салбаруудыг Монголд илгээж “Монголын пролетариудын бослого”-ын бүрэлдэхүүн болгон “тусгаар тогтносон” БНМАУ байгуулахад оролцуулж байсныг харсан билээ” гэжээ. [12] АДБНУ нь Хиагтаас дүрвэн ирсэн хятад цэргийн зэвсгийг хурааж, Чэн И тэргүүтэй түшмэд болон иргэдийг сар гаруй орогнуулсны дараа цааш тээвэрлэн Читагаар дамжуулж Манжуур руу гаргаж өглөө. Ардын журамт цэрэг гуравдугаар сарын эхээр хэд хоног хил орчмоор яван ардуудыг сайн дурын цэрэгт татсан гэдэг авч тоо нь энэ богино хугацаанд 400 хүрэх бололцоогүй юм. Ер нь Хиагтад байлдсан монгол цэргийн тоог 100 - 200 орчим гэсэн тоо хэлэгддэг боловч арай олон нь аятайхан гэж үзсэн бололтой, аль нэг “партизаны” 400 цэрэг гэснийг албан ёсны болгосон бололтой. Гамин цэргийн тоог яаж яваад 10 мянга хүргэсэн нь мэдэгддэггүй, мөнөөх 1954 оны Зөвлөлтийн түүхчдийн зохиосон “История МНР” номд анх гарч ирсэн эх сурвалжгүй тоо суртал нэвтрүүлэгт ашиглагдсаар сүүлдээ албажсан байх. Жинхэнэдээ бол 1200 - 1800 хятад байсан гэсэн баримжаа тоо л эх сурвалжид бий. 1920-21 онд Хойд Манжуурт уушигны тахал дэлгэрч Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн гоц анхааралд өртжээ. Гэтэл гуравдугаар сарын 22-нд Өргөөгөөс хөөгдөн зугтаж ирсэн цэрэг болон энгийн иргэдийн 1278 хүн галт тэргэнд ачигдан Манжулын боомтоор Оросоос орж ирснийг Алс дорнодын бүгд найрамдах улсын албаны хүмүүс Хятадын талд хүлээлгэн өгчээ. [13] Эд бол Макстиник, Чэнь И нар тохиролцсон дагуу Монголын Хиагтад байсан гамин цэргийг Троицкосавскаар дамжуулан Манжуурын төмөр замаар гаргаж өгсөн гамин цэрэг. Тооны хувьд ч ойролцоо мөргөж байна. Гамин бароны үймээн дажингаас болоод хил орчмын ихэнх ардууд уул хад руу дүрвэн зугтсан ба арай ухамсартай эх оронч нэг нь түрүүн орж ирсэн Унгерний цэрэгт татагдан жинхнээсээ гамингуудтай байлдаж явсан цаг. Тухайн үйлсэд оролцсон партизан, зохиолч Жүгдэрийн Дамдингийн нотлож байгаагаар Сүхбаатарын “400” морин цэрэгт багтах учиртай орос, буриадуудад лам, хар монгол дээл хувцас, гутал малгай 300 гаруйг гурав хоногийн дотор цуглуулж базаасан гэдэг. Нинждолбийн хийдээс 130, Эрдэнэвангийн хүрээнээс 150 лам дээл хувцас цуглуулсан гэж барим тавим тоогоор нь хэлдэг.
[14] Цаашилбал 1921 оны гуравдугаар сарын 7-нд Түр Засгийн газар, Улаан цэргийн штаб, ЗОУ ба Коминтерний төлөөлөгчдийн хамтарсан хурлаас гаргасан шийдвэрт:
Монгол дахь байлдааныг үүсвэрлэхэд бэлтгэл бүхий хийгээд монгол цэргийн хувцас хунар бүхий болохыг харгалзан Иванов хэмээхийн хэсэг цэргийг Монголын хувьсгалт цэрэгт багтаан оруулах явдалд аль болох аргыг хэрэглэх[15]
Мөн 1921 оны гуравдугаар сарын 15 гэсэн огноотой Улаан цэргийн штабын Ляттегээс Сүхбаатарт тавьсан хүсэлтэд: “…пулемёт буу буудалцахаар очсон 20 орос цэрэгт монгол дээлийг олгох…”[16] гэжээ. Үүнээс гадна Цахараас дүрвэж, Ил Тарвагатайгаар дамжин Оросын нутгаас Хиагт орчимд ирсэн Сумъяа бэйсийн бүлэг мөнөөх “400” морьт цэрэгт нэгдсэн юм. Хиагт дахь ардын журамт цэргийн дийлэнхийг Сумъяа бээсийнхэн эзэлж байсан, тиймээс Сумъяаг Журамт цэргийн дэд жанжинаар тавьсан юм. Хожим нь оронд дэд жанжинд томилогдсон Чойбалсан Сумъяаг үздэггүй байсан ба 1937 оны хядлагаар түүний хошууны эрчүүдийг үлдэгдэлгүй устгасан билээ. Иймээс бүр хожим 1955-57 онд дурсамж мэдүүлэг өгөх “партизан” тийм олон үлдээгүй.
Ардын намын мөнөөх долоо улаан оросоос 300 пулемёт гуйж очсон бол Хиагтын тулалдаанд 4 пулёмет бэлгэнд авчээ. Дээр өгүүлсэн монгол дээлтэй 20 орос пулемётын ард сууж байсан юм болов уу? Харин хоёр их буу өгсөн тухай шүлэг хүртэл бий, гэвч барим тавим баримт олддоггүй.
1969 оны “БНМАУ-ын түүх” номд “Энэ дайнд партизан Балдан, Самбуу, Гомбо нарын зэрэг хэд хэдэн дайчин баатарлагаар амь үрэгджээ”[17] гэсэн өгүүлбэр байдаг ч тэр нь нэгэн “партизаны” ярианд дурдагдсан “баримт”. Мөн 2003 оны “Монгол улсын түүх” номын Тавдугаар ботид “Энэ тулалдаанд монгол цэргээс алагдсан 7, шархад 6 хүн байв… Их бууны галын дор хороо ангиуд амжилттай давшин хятад цэргийг хотоос хөөн гаргав”[18] гэсэн ямар ч эшлэлгүй өгүүлбэр байдаг. Эдгээрийг өөр ямар ч эх сурвалжид нотлоогүй.
Энэ бүх баримтаас дүгнэхэд: лам хар монгол дээл өмссөн большевик орос цэргүүд нь “10 мянган” гамин цэргийг “400” цэрэгтэй Монголын ардын журамт цэрэг довтлон устгахад хүчин хавсрах гэж ирсэн биш, харин хоёр талын “тулалдаанд” жинхэнэ байлдаан болохоос сэргийлэх зорилготой байжээ. Гамин цэргийн ихэнх нь тулалдаан болохоос өмнө большевикуудын хамгаалалтын дор хил даван Троицкосавскад хэдийнээ очсон ба, тулалдаан болж эхлэх үед үлдсэн цөөнхийг нь мөн хамгаалалттайгаар хил гаргасан аж. Хиагтыг чөлөөлөх тулалдаанд хоёр талаас алагдсан шархтсан хүний тухай хожмын
Энэ бүх баримтаас дүгнэхэд: лам хар монгол дээл өмссөн большевик орос цэргүүд нь “10 мянган” гамин цэргийг “400” цэрэгтэй Монголын ардын журамт цэрэг довтлон устгахад хүчин хавсрах гэж ирсэн биш, харин хоёр талын “тулалдаанд” жинхэнэ байлдаан болохоос сэргийлэх зорилготой байжээ. Гамин цэргийн ихэнх нь тулалдаан болохоос өмнө большевикуудын хамгаалалтын дор хил даван Троицкосавскад хэдийнээ очсон ба, тулалдаан болж эхлэх үед үлдсэн цөөнхийг нь мөн хамгаалалттайгаар хил гаргасан аж. Хиагтыг чөлөөлөх тулалдаанд хоёр талаас алагдсан шархтсан хүний тухай хожмын “партизаны” ярианаас өөр мэдээ огт байдаггүй. ярианаас өөр мэдээ огт байдаггүй. Цөөн хэдхэн монголчууд бараг л шийдэм бороохойгоор зэвсэглэж олон мянган цэрэгтэй хятадын байнгын армийг хиар цохисон тухай домог хожим буй болсон төдийгүй үүнийг улам “шинжлэх ухаанжуулан” үзэл сурталжуулсан юм.
Ардын журамт цэрэг тухайн үедээ:
Шар тугийг мандуулаад
Шажны сүрийг бадруулаад
Шавь болсон бид чинь
Шамбалын дайндаа мордоё
гэж дуулж байсан гэх боловч үнэндээ 1915 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын тулалдааны үед зохиогдсон бололтой.
Уг дууг өөрчлөн:
Улаан тугийг мандуулаад
Улсын сүрийг бадруулаад
Уравсан хулгай Найдан ванг
Уухай хийгээд дарцгаая
гэж 1926 онд Ардын театрт жүжигт шинээр зохиомжлон найруулж анхлан дуулсан бололтой. Бүүр хожим Найдан ванг нэгэнт мартсан тул “дайснуудыг” гэж орлуулсан.
Баабар