“Ижий бурхад” энэ удаа Монголын урлагийн алтан үеийн төлөөлөл, “Бөмбөгөр ногоон” театрын анхны хөгжимчдийн нэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цогийн Дашдулам гэж авьяасаараа алдаршсан нэгэн сайхан ижийг онцлохдоо Ардын жүжигчин, “Зууны манлай дуурийн дуучин” Хорлоогийн Уртнасангийн “Гэр, төр хоёрт тэнцүүхэн зүтгэсэн хөгжимчин” гэсэн тодорхойлолтоор малгай хийлээ.
Алдарт хөгжимчний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй юм. Арван есдүгээр зууны төгсгөлд Нийслэл хүрээнд цугласан хүрээ хөгжимчдийн дэг жаягаас жинхэнэ ёсоор суралцсан цөөхөн хөгжимчний нэг гэгдэж байсан Ц.Дашдулам гуайтай 1997 онд түүний хүү орчуулагч Ш.Цогт ахаар дамжин танилцаж байв.
Дараа нь түүний хар багаасаа нөхөрлөсөн, “Бөмбөгөр ногоон”-ы алдартай хөгжимчин, гавьяат жүжигчин С.Базаррагчаа, С.Мядагбадам нартай нь танилцаж “Шанзны шадар гурав”-ын залуу найз нарын нэг болж тэдний туулсан зам, амьдралын түүх, анд нөхдийнхөө тухай ярихыг нь сонсож явсан азтай нэгэн билээ, би.
“ХОЁР ОХИНД МИНЬ ХӨГЖИМ ЗААЖ, ХООЛОНД НЬ ХҮРГЭНЭ ҮҮ”

Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжимчин Цогийн Дашдулам.
Ц.Дашдулам гуайг найзууд нь Даашаа гэнэ. Даашаа 1926 онд төрсөн, Төв аймгийн хүн. 1931 онд таван настайд ээж нь бурхан болж аавтайгаа үлдэхэд авга талын ах дүүс нь бяцхан охиныг өсгөж өндийлгөе гэснээр хотод ирсэн гэдэг. Түүнийг өөр дээрээ авсан Пэрэнлэй авга нь ганц охинтой. Аж амьдрал гайгүй, бэл бэнчинтэй чинээлэг маягийн айл тул Даашааг яг л өөрийн охины адил юугаар ч дутаалгүй өсгөсөн төдийгүй урлагийн ертөнцөд цахиур хагалах гайхалтай хөгжимчин болох зам мөрийг нь ч зааж өгчээ.
Ах нь охидыг сургуульд явуулах дургүй, “Ийм жаахан амьтдыг ном сур гэж хар үүрээр гүйлгээд яах вэ. Гар хөлөө хөлдөөчихнө, гэртээ бай” л гэнэ.
Тэгж байтал нэг өдөр жинхэнэ хүрэн зандангаар урлаж, ямааны арьсаар бүрсэн хоёр хөөрхөн шанз хийлгэж ирээд “Хоёр охиндоо хөгжим заалгана” гээд Даашааг охин Нацагдоржийн хамт дагуулан хөгжимчин О.Дашдэлэгийнд очиж. Энэ тухай тэрээр “Манай агаа их ёсорхуу хүн. Багшийнд ороод мөнгөн аягатай сүү, хадагтай бариад “Хоёр охинд минь хөгжим зааж, хоолонд нь хүргэнэ үү” гээд бид хоёрыг шавь оруулсан. Үнэхээр хөгжим бид хоёрыг хоолонд минь хүргэсэн дээ” хэмээн ярьж байсан. Мөн “Дашдэлэг багшийн ижий Баяр гэж их сайхан хөгжимддөг, дуулдаг хүн байж. Ижийгээ дагаж эхлээд шанз, дараа нь хуучир, морин хуур, ёочин, гитар, мандолин, лимбэ гээд бараг бүх хөгжмийг тоглоод сурчихсан гэдэг.
Эгч бид хоёрт хөгжмөө яаж барих, яаж хөглөхөөс эхлээд аяыг хөнгөнөөс хүнд рүү нь болгож заадаг байлаа. Нацагаа эгч шанз, би шанзнаас гадна ёочин заалгасан. Бид багшийгаа дагаад Цагдан сэргийлэхийн клубийнхэнтэй концерт тоглоно.
Хэрдээ л уран сайханч болж байгаа нь тэр. Ингэж хоёр жил хэртэй заалгаад бид 1938 онд Ардын төв театр буюу олны нэрлэдгээр “Бөмбөгөр ногоон”-д орсон. Театрт очсон хойноо алдартай хөгжимчин “солгой” Баяр багшийн шавь болсон доо. Баяр багш монгол үндэсний бүх хөгжмийг гаргууд эзэмшсэн хүн байлаа. Цохилт, хэллэг их сайтай, хөгжмөөр үг хэлж байгаа мэт дуугаргаж чаддаг хосгүй авьяастай багшаасаа их зүйл сурсан. 1940-өөд онд театрт Зөвлөлтөөс багш нар ирж бид ардын хөгжмөөс гадна европ хөгжим барьж, ноотоор тоглоход суралцсан” хэмээн 1999 онд 73 настайдаа хийсэн “Шударгын урсгал” нэртэй бие даасан тоглолтынхоо өмнө өгсөн ярилцлагадаа дурдсан нь өдгөө сонины хуудаснаа үлджээ.
Д.ЖАНЧИВ: ДАШДУЛАМ БОЛ ЯАХ АРГАГҮЙ МОНГОЛЫН НОМЕР НЭГ ШАНЗЧИН

Дэлхийн залуучууд оюутны II их наадамд оролцож байхдаа Л.Цогзолмаа, Сосорбарам нарын хамт Москвад авахуулсан зураг.
Даашааг эгчтэйгээ хамт “Бөмбөгөр ногоон”-д шалгуулахаар очиход агуулахаас дунд гарын хоёр шанз авчруулж ардын дуу тоглуулж үзээд л авчихсан гэдэг. Тэднээс гадна сургууль соёлоор яваагүй, голдуу гэрээр хөгжим заалгасан үе тэнгийн арав гаруй насны авьяаслаг хүүхдүүд театрт ирсэн нь хожмоо бүгд урлагийн алдартнууд, нэртэй уран бүтээлчид болсон.
Ж.Чулуун, Б.Дамдинсүрэн, Б.Лувсаншарав, Г.Жамъян, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, С.Базаррагчаа, С.Мядагбадам, Д.Цэрэндолгор, С.Цэвэлмаа, Д.Дугарсүрэн гээд нэрийг нь дурдахад л хөгжим эгшиглэх эрхэм хүмүүсээс гадна, авьяас нь халгиж цалгисан Л.Цогзолмаа, Э.Оюун, Ч.Долгорсүрэн, Ө.Эрэнцэнноров, Лха.Долгор нарын алтан үеийнхэнтэйгээ хамтдаа нэгэн тайзнаа “амьдарч”, зохиосон хөг аялгууг нь хөгжимдөх урлагийнхаа гайхамшигт чадвараар түмэнд хүргэж явсан Даашаа ардын хөгжмийн зэмсгээс онцолж шанз буюу шудрагыг сонгон амьдралынхаа 70-аас илүү жилийг энэ л хөгжимдөө зориулсан нэгэн. Тэр шанзаар зөвхөн ардын хөгжим тоглодог байгаагүй юм. С.Гончигсумлаагийн “Рапсоди”, Л.Мөрдоржийн “Унаган жороо”, Д.Бадарчийн “Ардын дууны найруулга”, В.А.Моцартын “Рондо”, А.Хачатуряны “Охидын бүжиг”, Ж.Бизегийн “Кармен” дуурийн оршил зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг сэтгэл дэнсэлтэл уянгалах шудрага хөгжмийн аргадангуй эгшиглэх аялгуугаар нэгэн жарнаас ч илүү хугацаанд түмний сонорыг мялааж явсан билээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Жанчив нэгэнтээ “Дашдулам бол яах аргагүй Монголын номер нэг шанзчин. Дашдулам, Мядагбадам, Базаррагчаа гээд цөөхөн хүн Монголын шанзчдыг манлайлж явсны гарамгай нь Дашдулам.
Түүний урын сан монгол ардын дуу, ардын хөгжмийн бүтээл, зохиолын хөгжим, өрнөдийн сонгодгуудын бүтээл бүгд багтсан их баян. Тоглолтынх нь техникийг гүйцэх хүн гараагүй л байна. Түүний тремоль буюу тасралтгүй үргэлжлэх бөмбөрүүлсэн цохилт нь бусдынхаас нэг л өөр, сонсож байхад яг элсэн цагны элс урсаж буй нүдэнд харагдах шиг болдог тийм нарийн ширхэгтэй. Би шанз болон түүнтэй төстэй хөгжмийг Японд, Хятадад гээд олон газар сонсож байсан ч яг Дашдулам гуайнх шиг тремолийг хаа ч сонсоогүй” хэмээн шагшин магтахыг яг дэргэдээс нь сонсож байлаа.
ҮНДЭСНИЙ ДЭГ СУРГУУЛИЙГ БИЙ БОЛГОЖ, ҮЕ ҮЕИЙН ШАНЗЧДЫГ ТӨРҮҮЛСЭН БАГШ ИЖИЙ
Үеийн үед үндсэндээ гэрийн хөгжим байсан шудрагыг шинжлэх ухааны үндэстэй сургалтын тогтолцоонд оруулж өгсөн гавьяаг Ц.Дашдулам гуайтай холбодог нь хоосон магтаал биш юм. Үүний үрээр шудрага хөгжимчдийг бэлтгэх Азийн аль ч оронд байхгүй жинхэнэ монгол үндэсний сургалтын дэг сургууль бий болжээ.
Шудрага хөгжимтэй нөхөрлөсөн амьдралынхаа талаас илүү хугацааг Хөгжим бүжгийн сургуульд багшилж, Монголын шудрагачдын хэд хэдэн үеийг төрүүлсэн Дашдулам багш шавь нартаа “Хөгжим гэдэг сурахад их хүнд. Дан ганц багшийн зүтгэлээр хөгжимчин болчихдоггүй юм.
Авьяас, ухаан, ургуулан бодох чадвар гурав нийлж тухайн хүний хөдөлмөрөөр хөгжиж байж хөгжим тоглож сурна. Хөгжимчин хүн өөрт нь хэлж зааж өгөхөөс өмнө өөрөө хүнээс юм авч чадах авхаалжтай байх ёстой” гэж сургана. Бас хөгжмийн утас, хөг бүх зүйл таарч байж дуугарна гэж захьдаг байсан гэдэг. Нэгэн үе Дашдулам багшийн шавь нар хаана ч тоглосон танигддаг гэдэг байв. Тэр нь нөгөө л тасрахгүй мяндас лугаа нарийн ширхэгтэй тремольтой нь холбоотой. Шудрагын цохилт заримдаа цохидог хөгжим гэдэг нь мэдэгдэхгүй шахам нарийн дуугардаг бөгөөд хөгжмийн өнгө нь хачин гоё уянгалаг атлаа бас их хүчтэй сонсогддог нь Дашдулам багшийн чадвар хэмээдэг байв. Тэр хөгжмийн зохиолчидтой хамтарч ажилладаг, тэдэнд зохиол захиалж бичүүлдэг байсан төдийгүй өөрөө “Шудрагаар хөгжимдөх ардын арга барил”, “Шудрага хөгжимд суралцах бичиг” ном бичсэн юм.

Эртний сайхан чуулгыг Ардын язгуур урлагийг судлах, сурталчлах зорилгоор Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн санаачлагаар 1989 онд байгуулсан “Эртний сайхан” чуулгад Ц.Дашдулам гуай “Бөмбөгөр ногоон” театрын үеэс нөхөрлөсөн олон сайхан нөхөдтэйгөө хамтдаа ажиллаж байсан.
Ц.Дашдулам гуайн 1999 онд хийсэн “Шудрагын урсгал” бие даасан тоглолтын найруулагчаар Хөдөлмөрийн баатар, “Зууны манлай” Л.Цогзолмаа найз нь ажилласан юм. Тоглолтын дараа тэрбээр “Дашдуламыгаа би бүр бага байхаас нь мэднэ. Их эршүүд, эрэгтэй хүүхдүүдтэй барилдчихдаг охин байсан.
Илүү дутуу зангүй хүүхэд байсан одоо ч янзаараа. Богинохон хуруутай хэрнээ яаж ингэж тоглодог байна гэж бодогддог сон. Дашдулам угийн их хөдөлмөрч. Тэр үед нэг хүн хоёроос гурван хөгжим дээр тоглодог байлаа. Дашдулам шанз, ёочин бас альт тоглоно. Нас нь дал гарсан ч тайзнаас буух болоогүй байгаагаа сая харууллаа.
Манай “Эртний сайхан” чуулгын таван хөгжимчний нэг. Олон сайхан шавьтай. Энэ тоглолтод түүний дөрвөн үеийн шавь нарыг төлөөлж 70 шанзчин оролцлоо” хэмээн найзыгаа магтаж байсан юм.
Ц.Дашдулам гуай 1961 онд Улсын хөгжимт драмитик театрын хөгжимчин байхдаа гавьяат жүжигчин, үүнээс таван жилийн дараа үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртсэн. Харин Ардын жүжигчин цолыг нэлээн сүүлд 2008 онд 82 настайдаа “Эртний сайхан” чуулгад тоглож байхдаа авсан юм.
САЙН ХАНЬТАЙ УЧИРЧ, САЙХАН ХАДМУУДТАЙ ТААРСАН ГЭДЭГ БАЙВ
Даашаа “Хөгжимчин хүн нэрд гарч цойлоход хэцүү. Ялангуяа эмэгтэй хөгжимчдөд бүр ч хэцүү. Ар гэрийн ажил, үр хүүхдийнхээ хажуугаар хөгжмөө байнга тоглож давтаж байх хэрэгтэй болдог. Гэтэл тийм боломж хүн бүрт тэр бүр санаснаар олдохгүй шүү дээ. Харин би энэ тал дээр их азтай хүн. Сайн ханьтай учирч, сайхан хадмуудтай таарсан.
Миний хадам ээж Цэгмид гэж үнэн үгтэй, гялалзсан сайхан хөгшин байсан. Өвгөний ганц дүү Эрэнцэнноров сайхан хүүхэн, сайн жүжигчин ер нь л өв тэгш хүн байсан даа. Өнчин өрөөсөн намайг танилцангуутаа өөрсөн дээрээ татаад авчихсан.
Эднийхээ хүчинд, урлагийн буян, театрынхны дэмжлэгээр өдий зэрэгтэй нэр алдартай, олон сайхан үр хүүхэдтэй явна” хэмээн сэтгэл дүүрэн ярьдаг байв. Дашдулам гуайн хань Өлзийбаярын Сүх-Очир гэж манай нэртэй дипломатчдын нэг байсан юм билээ. Хэнтий аймгийн Идэрмэг сумын хүн. Урлагийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа театр, урлагийн байгууллагуудаар их явна. Тэгж явах үедээ 16 настай хөгжимчин бүсгүйтэй танилцаж дотноссон гэдэг. Гүдэсхэн зантай, эршүүд, хөдөлмөрч бүсгүйд номхон дөлгөөн зантай, сайхан сэтгэлтэй, урлагт элэгтэй хань нь үргэлж түшиг болж явсан. Гэрлэснийхээ дараагаас нөхөр нь цэргийн газарт ажиллаж, бас оюутан болж номын дуу сонсон, төгсөөд дипломат алба, Намын төв хороо, Засгийн газар гээд улсын албанд цаг наргүй зүтгэж явахад нь ханийн сэтгэлээр хандаж, халуунд халах вий, харшиж ядрах вий гэж халамж анхаарал тавьж явсныг нь Даашаагийн найзуудаас сонсож байлаа.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав нарын хамт.
Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай “Манай Дашдулам сайн хөгжимчнөөс гадна сайн эзэгтэй. Шилдэг сайн уран бүтээлч байгаад гэрийн сайн эзэгтэй байна гэдэг хүн бүгдийн амжуулдаг ажил биш. Ер нь Дашдулам ямар ч ажилд түүртдэггүй, маш хөдөлмөрч. Олон сайхан хүүхэдтэй. Тэднийгээ хэний ч туслалцаагүй өсгөж бүгдэд нь мэргэжил олгож, сайхан айл болгосон. Хүүхдүүдээ багад угаах юмаа овоолж, дэргэд нь цагаа гаргаж тавьчихаад шанзаа бариад хоёр гурван цаг сургууль хийдэг гэж Эрэнцэнноров ярьдаг сан” хэмээн “Олон гэдэг оломгүй далай” дурсамжийн номдоо бичсэн байдаг. Дашдулам гуай хорвоод цуглаж ирж, цувж буцдаг амьдралын жамаар өнчирч хоцорсон ч сайн гэж хэлэхэд ч багадах сайхан ханиа үргэлж дурсдаг байсан. Тиймээс
...Үгүй гэлээ ч тодхон юм
Үнэний хорвоо эзгүй юм
Газарт ганцаараа үлдсэн ч гэлээ
Тэнгэрт учиръя даа, хоёулаа
Ай даа сайхан хань минь
Ай хөөрхий Хэрлэн мөрөн шигээ дөлгөөхөн сөн... гэсэн сэтгэлийн үгтэй “Тэнгэрт учиръя даа, хоёулаа” дууг хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой хамтран хийснийг дуурийн агуу дуучин Х.Уртнасан амилуулсныг сонсож байлаа.
“ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮ АЧ ЗЭЭДЭЭ АМЬ БОЛДОГ ЮМ БАЙНА” ГЭЖ СУУСАН САН
Дашдулам гуай хань, үр хүүхдүүдийнхээ тухай “Өвгөн бид хоёр 1942 онд танилцсан. Тэгэхэд өвгөн урлагийн сургуулийн хичээлийн эрхлэгч байсан юм. Танилцаад удаагүй цэрэгт татагдаж, тэндээсээ Зөвлөлтөд Нисэхийн сургуульд яваад 1944 онд төгсөж ирсэн. Тэр жил нь бид хоёр Нисэхэд гэр барьж, айл болж байлаа. Хойтон жил нь манай том хүү Төмөр төрсөн. Өвгөн 1949 он хүртэл цэргийн газар ажиллаж байгаад МУИС-д орж 1953 онд төгсөөд Гадаад яаманд орж тэндээсээ Зөвлөлтөд ЭСЯ-нд алба хашихаар болж бид хүүхдүүдтэйгээ 1959 он хүртэл Москвад амьдарсан.
Хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд нэг хэсэг театраасаа хөндийрөх ч эргээд л театртаа ирдэг байлаа. Ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөхөд эх хүний үүрэг их. Тэр бүгдийг сайн ханийнхаа тус дэмээр амжуулдаг байжээ. Өвгөн бид хоёр зургаан хүүхэд төрүүлсэн. Тэднийхээ хоёрыг нь Эрэнцэнноровтоо өргүүлсэн юм.
Энэ маань зүрхний хүнд өвчтэй учраас хүүхэд төрүүлэх боломжгүй байсан. Хүүхдүүдээ өргүүлсэн нэртэй ч хоёр гэрийн дунд хоёр аав, хоёр ээжтэй өсөцгөөсөн дөө. Хүүхдүүдээ эрхлүүлж сүйд болохгүй, сайн л хүн болгохсон гэхээс тийм ухаантай, ийм мэргэжилтэй бол гэж зааж зааварлаж ч явсангүй. Манай хэд ч ээж аавынхаа чихийг халууцуулж үзэлгүй сурч хүмүүжээд сайн сайхан л амьдарцгааж байна. Өвгөний аавын талд Мөррэнцэн аварга гэж сайхан дуулдаг, сайн бөх хүн байсан гэдэг. Тийм болохоор манай хэдэд бөхийн ч, урлагийн ч юм байх л ёстой гэдэг ч хэн нэгийг нь тэр замаар яв гэж шахаж байсангүй. Гэхдээ манай хэд бүгд дуулна. Бас хөгжмийн гайгүй сонсголтой болохоор ч тэр үү гадаад хэлэнд их авьяастай шүү. Бүгд орос сургууль төгссөн. Том хүү Төмөр Германд худалдааны чиглэлээр, охин Солонго Москвад олон улсын харилцааны эдийн засгийн анги төгссөн.
Туяа, Цог хоёр Германд, Тунгалаг, Болд хоёр Москвад дээд сургууль төгссөн. Би ч эднийгээ урлагийн мэргэжил эзэмшсэнгүй гэж харамсдаггүй. Дор бүрнээ ажилтай, мэргэжилтэй сайхан амьдарч байгаад нь сэтгэл ханаад явж байдаг даа” хэмээн хуучилж байсан юм.
Даашаа бас хүн хүүхдүүдээсээ илүү ач зээдээ амь болдог юм байна гэж суусан. Түүний хань Ө.Сүх-Очир гуай 1969-1972 онд Кубад Элчин сайдаар ажилласан бөгөөд тэд том охиныхоо хүүг дөрвөн сартайд нь авч явж өсгөсөн болохоор түүндээ илүү амь гэдгээ ч нуугаагүй. Өдгөө Монголын хөгжмийн урлагийн нэртэй төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цогийн Дашдулам ижийгийн төрүүлж өсгөсөн зургаан хүүхдээс нь салаалсан ургийн мод улам өнөр өтгөн болсон нь дамжиггүй. Ийм нэг сайхан ижий, авьяас төгөлдөр хөгжимчин, олныг дагуулсан багш эрхэм хүнийг мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед уншигч олонтойгоо хамтдаа дурсая гэсэн юм.
Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл0