sonin.mn

Орчин цагийн хүмүүс ихэнх мэдээллийг Интернэтээс авч байгаа боловч уламжлалт мэдээллийн хэрэгслүүд байр сууриа алдаагүй байна. Тэдгээрээс хамгийн өргөн ашиглагдаж буй хэрэгсэл бол радио бөгөөд жил бүрийн 2 дугаар сарын 13-ныг “Дэлхийн радиогийн өдөр” болгон тэмдэглэдэг. 


Энэ тухай шийдвэрийг 2011 оны сүүлчээр болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас гаргасан бөгөөд 13-ны өдрийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь, 1946 оны энэ өдөр НҮБ-ын төв байран дахь “НҮБ-ын радио” анхны нэвтрүүлгээ эфирт цацжээ. 


Ийнхүү тэмдэглэж буйн гол зорилго бол олон нийтэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд радиогийн ач холбогдлыг сурталчлан таниулах, радиогоор дамжуулж мэдээлэл олж авах боломж ба хүртээмжийг нэмэгдүүлэх, радиогийн хөтөлбөрт сонсогчид, олон нийтийн үзэл бодол, дуу хоолойг илүүтэй тусгах, түүнчлэн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хоорондын харилцаа холбоо, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.


Радиогийн үүсэл ба түүний шинэ эрин


Энэ өдрийг радио холбооны салбартай холбоотой ажил хөдөлмөр эрхэлдэг инженер техникийн ажилтнууд, радиостанцуудын хөтлөгчид, нэвтрүүлэгчид, туслах ажилтнууд гээд олон хүн тэмдэглэдэг. Радиогийн үүсэл хөгжил нь маш олон хүний хүчин зүтгэлтэй холбоотой бөгөөд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеэс дэлхийн радиогийн түүх улбаатай. Сонирхолтой нь, радиогийн эхлэлийг хэд хэдэн улсад нэгэн зэрэг тавьсан байна.


Германы физикч Генрих Герц радио долгион байдаг гэдгийг анх удаа баталсан бөгөөд өдгөө радио долгионы үелзлэлийг Герцээр хэмждэг. 1890 онд Францын иргэн Эдуард Бранли латин хэлний “radius” буюу туяа, цацраг гэдэг үгнээс гаралтай радио гэдэг үгийг анх ашиглаж байв.


Оросын физикч Александр Попов 1895 онд анх удаа цахилгаан соронзон хэлбэлзлийг хүлээн авч дамжуулах төхөөрөмжийг зохион бүтээж, үүнийг ашиглан алс хол газарт ямар нэгэн дохиог утасгүйгээр дамжуулж боломжтой гэдгийг баталжээ. 


Тэрбээр “Генрих Герц” гэдэг хоёрхон үгнээс бүтсэн радиограммыг морз үсгээр 250 м-ийн зайд илгээж байсан боловч энэ бүтээлдээ албан ёсоор патент аваагүй байв. Мөн тухайн онд Италийн зохион бүтээгч Гулельмо Маркони агаарын орон зайд дохио дамжуулдаг ижил төрлийн төхөөрөмжийг зохион бүтээж, Английн Засгийн газраас зохиогчийн эрх авчээ. 1901 онд тэрбээр Европоос Америк тив рүү радио долгион илгээн холбоо тогтоож чадсан байна. Радиотехникийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1909 онд Марконид Нобелийн шагнал олгосон бөгөөд түүнийг радио телеграфын сүлжээг хөгжүүлж, радиог бүтээсэн гэж үздэг.


Мөн Америкийн бизнес эрхлэгч, цахилгааны инженер, зах зээл судлаач Артур Чарльз Нильсен радио сонсогчдын тоог тодорхойлох системийг бүтээснээр радиостанцуудын чансааг гаргах боломжтой болжээ. 


Өнөөгийн тоон технологийн эрин үед радио нь хамгийн олон хүнийг хамарсан харилцааны хэрэгсэл хэвээр байгаа бөгөөд асар их боломжийг олгодог хэрнээ зардал багатай гэдгээрээ онцлог. Үүний зэрэгцээ хамгийн алслагдсан бүс нутгуудын оршин суугчид, хүн амын эмзэг давхаргынхан буюу бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуучуудад хүрч байдаг. Радио нь хүмүүсийн боловсролын түвшнээс үл хамааран нийгмийг хамарсан асуудлуудаар олон нийтийг нээлттэй хэлэлцүүлэгт татан оролцуулах индэр болж байна. 


Зураг дээр: Гулельмо Маркони


Мөн улс орнуудад онцгой байдал үүсэж, гамшиг тохиолдсон үед чухал үүрэг гүйцэтгэдэг мэдээллийн хэрэгсэл бол радио юм. Гамшгийн үед цахилгаан эрчим хүч тасарч, интернэт сүлжээ, телефон харилцаа ажиллахгүй болсон үед зөвхөн радио л мэдээллийг дамжуулах хэрэгсэл болж чадна.


Нөгөөтээгүүр, өнөө цагт хүмүүсийн аж амьдралын хэв маяг өөрчлөгдөж буйг дагаад радио сонсох хэрэгцээ нэмэгдэж байна. Телевизийн дэлгэц ширтэж эсвэл гар утсаараа богино бичлэгүүд үзэж анхаарлаа хэт төвлөрүүлэхийн оронд гэрийн ажлаа, албан ажлаа хийнгээ, автомашин жолоодох үедээ контентууд сонсох нь түгээмэл болжээ. Тоо баримт дурдваас, АНУ ба Оросын иргэдийн 73 хувь нь автомашиндаа радио сонсдог бол америкчуудын 23 хувь нь ванны өрөөндөө радиотой гэнэ. Мөн америкчууд ба оросуудын 46 хувь нь гал тогоондоо радио сонсох дуртай ажээ. Энэ бүхнээс дүгнэн "радиогийн эрин зуун эргэн ирж байна" гэхэд хэтрүүлсэн болохгүй.


Монгол оронд радио үүссэн нь 


1930 онд Монголд анх удаа радиогийн тоног төхөөрөмж, чанга яригч зэргийг ЗХУ-аас авчирч, соёлын төв газруудад хэрэглэх болжээ. Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийн материал-техникийн баазыг бий болгоход улс, хоршоолол, олон нийтийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулагдсан “Монгол радио” гэдэг хоршоо чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1931 онд ЗХУ-ын Эрхүү хот руу 12 хүнийг хоёр жилийн хугацаагаар явуулан сургаж, үндэсний радиотехникийн мэргэжилтнүүдийн эхний ээлжийг бэлтгэсэн байна.


1931 оны 5 дугаар сарын 1-нд Засгийн газрын ордон, төв цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб зэрэг хэд хэдэн газарт радиогийн цагаан хоолойг байрлуулж, үдшийн 19 цагаас монгол, орос, хятад хэлээр бэлтгэсэн илтгэлүүдийг уншиж, дуу хөгжим нэвтрүүлэх болсноор манай улсад радио үүссэн гэж үздэг. 1934 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой улс орон даяар цацагдсанаар манай улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ.


Радиотой холбоотой сонирхолтой баримтууд


...Эйфелийн цамхагийн түүх нь радиотой шууд холбоотой. Уг цамхагийг 1889 оны Дэлхий дахины үзэсгэлэн буюу одоогийнхоор ЭКСПО-д зориулан босгосон бөгөөд 20 жилийн дараа буулгахаар төлөвлөж байжээ. Яг тэр үед радио хүлээн авагчийг зохион бүтээж, Парисын хамгийн өндөр барилгууд дээр радиогийн антеннуудыг суурилуулах шаардлагатай болсон тул цамхагийг буулгалгүй үлдээсэн бөгөөд өдгөө энэхүү сүрлэг байгууламж Франц орны нэрийн хуудас болжээ.


...19 ба 20 дугаар зууны зааг дээр “Масенс” гэдэг уурын хөлөг онгоц осолдох үед радио холбоог анх удаа ашигласнаар живж буй хөлөг онгоцноос хүмүүсийг аварч чадсан байна.


...Дэлхий даяар анх удаа радиогоор дамжуулсан улс төрийн үйл явдал бол 1917 оны Октябрийн хувьсгал юм.


...Орос улсад радиогийн өдрийг 5 дугаар сарын 7-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр Оросын алдарт эрдэмтэн А.Попов өөрийн зохион бүтээсэн радио долгион хүлээн авагч төхөөрөмжөө танилцуулсан ажээ. Энэ өдрийг радиогийн төдийгүй харилцаа холбооны бусад салбарын ажилтнуудын өдөр болгон тэмдэглэдэг байна.


...1930 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ВВС радиогоор ямар ч мэдээ дамжуулаагүй бөгөөд зөвхөн хөгжим эгшиглэж байжээ. Учир нь, тухайн өдөр дэлхий дахинд болон Их Британид хүмүүсийн анхаарлыг татахаар үйл явдал болоогүй гэнэ.


...1942 онд АНУ-д навахо омгийн индианчуудыг цэрэгт татах болжээ. Тэд төрөлх хэлээрээ радиогоор ярилцаж, тагнуулын мэдээлэл дамжуулах үүргээ сайн биелүүлсэн байна. Японы сөрөг тагнуулынхан радио мэдээг замаас нь чагнаж байсан боловч тайлж уншиж чадаагүй аж. Учир нь, Японд навахо хэл мэддэг ганц ч хүн байгаагүй гэнэ. Мөн Испанийн баск үндэстнүүд төрөлх хэлээрээ радио мэдээ дамжуулж байсныг германчууд тайлж уншиж чадаагүй ажээ.


...Радио өргөн нэвтрүүлгийг англиар “broadcasting” гэдэг бөгөөд өмнө нь энэ үг “тариалалтын үеэр их хэмжээний газарт үр цацах” гэсэн утгатай хөдөө аж ахуйн холбогдолтой хэллэг байжээ.


...Дэлхий дээрх анхны FM радиостанц 1939 онд нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Радио долгионыг AM (amplitude modulation-далайцын модуляц) ба богинын буюу FM (frequency modulation- давтамжийн модуляц) гэсэн модуляцлагдсан дохиогоор дамжуулдаг. AM станц илүү хол зайд, FM станц богино зайд тусгай хэрэглээний болон нийтийн хэрэглээний радио давтамжийг ашиглан нэвтрүүлгээ цацдаг байна.


...1994 онд радио нэвтрүүлгийг 24 цагийн турш интернэтээр цацаж эхэлсэн байна.  


... 2001 онд хиймэл дагуулын радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ бий болжээ. 


...2004 онд АМ ба FM долгионоор тоон дохиог дамжуулж эхэлсэн нь сонсогчид радиогийн хөтөлбөрүүдээс сонгож сонсох боломжийг олголоо. Урьдчилан бэлтгэсэн контентийг интернэт сүлжээгээр дамжуулах гэсэн ойлголтыг илэрхийлсэн “подкастинг” гэдэг хэллэг бий болов. Ингэснээр радио хүлээн авагч хэрэглэх шаардлагагүй болж, радиостанцуудын “дахин сэргэлтийн үе” эхэллээ.



Б.Адъяахүү