sonin.mn

БЕРЛИН, 2025 оны хоёрдугаар сарын 13 /ТАСС/. Авто уралдаанч асан Михаэл Шумахерын гэр бүлийнхнийг шантаажилсан гэх хэрэгт холбогдоод буй гурван этгээдийг шүүх буруутай гэж үзээд тэдэнд ял оноосон тухай DPA агентлаг мэдээлжээ.  


Герман улсын Хойд Рейн мужийн Вуппертал хотын тойргийн шүүхээс хэргийн гол сэжигтэнд “бусдыг сүрдүүлэн мөнгө авсан” хэргээр гурван жилийн хорих ял оноосон байна.


Мөн түүний хүү 6 сарын тэнсэн харгалзах ял авсан бол Шумахерын гэр бүлийнхний бие хамгаалагчаар ажиллаж байсан этгээд “бусдыг сүрдүүлэн мөнгө авсан” хэрэгт бусдыг өдөөн турхирсан, хамсан оролцсоны учир хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ. 2024 оны есдүгээр сарын 25-нд Вуппертал хотын Прокурорын газраас эл хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татсан юм. Тодруулбал, Шумахерын бие хамгаалагч асан шантааж хийхийн тулд их хэмжээний баримт материал цуглуулж, тэдгээрийг хамсаатандаа дамжуулан өгчээ. Хамсаатан нь өөрийн хүүгийн хамт Шумахерын гэр бүлийнхнээс 15 сая евро нэхэж, энэ мөнгийг өгөхгүй бол мэдээллийг даркнэтэд нийтэлнэ гэж сүрдүүлсэн байна.


Бие хамгаалагч асан Шумахерын гэр бүлд таван жил гаруй ажиллахдаа 1500 гаруй гэрэл зураг, дүрс бичлэг, өвчний түүх, эмийн жор зэргийг цуглуулжээ. Тэрбээр өрөнд орсон учраас энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.


Энэ бол тус гэр бүлийг шантаажилсан анхны хэрэг биш бөгөөд өмнө нь 2017 онд Шумахерын эхнэрээс 900 мянга евро авахаар сүрдүүлсэн 25 настай нэгэн эрэгтэйг Ройтлингений тойргийн шүүх хорих ялаар шийтгэсэн байна. Түүхэн дэх шилдэг авто уралдаанчдын нэг, дэлхийн 7 удаагийн аварга М.Шумахер 2013 онд Францын Альпын нуруунд цанаар гулгаж байгаад хад мөргөж тархиндаа хүнд гэмтэл авснаас хойш хэвтэрт орсон бөгөөд түүний биеийн байдлын талаар мэдээлэл өгөхөөс гэр бүлийнхэн нь татгалзсаар байгаа юм. 



Б.Адъяахүү