sonin.mn

/Хөрөг тэмдэглэл/



***

Надад Сэмбээгийн тухай дурсамж гэхээр хоёр янз байдаг. Эхнийх нь гэгээлэг, хүүхдээрээ жижигхэн гэнэн бор нүдтэй, турьхан бор хүү, аль ч нүднийх нь билээ, доод зовхиндоо бяцхан хар мэнгэтэй. Гэхдээ тэр Александр Блокийн шүлгэнд бүрэн ховсдуулчихсан байсан нь ийм юм гэж бас байдгаа гэмээр хачирхалтай санагддаг байв. Эрээлж мяраалсан авдрын хээ шиг элдэв ганган чамин шүлэгч найрагч хэн нэгнийг биш, Блокийг шүү дээ. 

Блокийн гутлын ул шиг нимгэн хар түүвэрт буй шүлгийг бүгдийг нь цээжээр унших атлаа өнөөх түүврээ сахиус шиг биеэсээ салгахгүй, хуйлаад хармаалчихсан, нөгөөх нь үнгэгдсээр үдээс нь салаад, салбайчихсан л тууж явна. 

“Чиний зураг жирийн гуун дотроо

Миний ширээн дээр гэрэлтэж байхад

Гаслант энэ орчлонд алдар нэр, 

Гавьяа, ялалтын тухай би мартдаг байлаа” гэж ирээд л гараа доёгнуулан уншина. 

Тэгэхэд Сэмбээ 18 настай, Өлзийт хэмээх зам гудаст байх хөдөөгийн бяцхан суурингаас ирсэн. Нэг хөл нь жаахан богино байсан уу, ялимгүй ташаагаа чирч, баахан дойдогнож явдаг. “Багадаа аваарт ороод ийм болчихсон” хэмээн түүнээ үе үе бүр бахархаад ч байгаа юм шиг баясгалантайгаар ярьдаг нь ч хачирхалтай. 


Тэгээд,

“Цас малгайлан орохыг 

Мэдээгүй мэт

Цонхны цаана

Малгайтай хүмүүс бужигнана” гэж жаахан итгэл муутай уншчихаад, “Энэ Блокийнх биш, миний шүлэг” гэнэ. Юу гэхийг минь хүлээнэ. Энэ шүлгээ мөн ч олон удаа уншиж өгсөн дөө. “Өөр шүлэг уншаач, өөрийг сонсмоор байна. Өөр шүлэггүй юм уу?” гэхээр “Байгаа байгаа, зөндөө” гэнэ. “Тэгээд уншил даа” гэхээр “Одоохондоо бичээгүй байгаа” гэнэ.


Ийм л хачин, сонин хөвүүн байлаа. 

Хожмоо “Харсан тэнгэр” түүврийг нь сөхөж суухад Блокийн гунигт ертөнцийн цуурай сонсогдох шиг болж, тэрхүү дэлхийн яруу найраг дахь “Уй гунигийн Ханхүү”, “Уй гунигийн их дууч”-ийн дотоод гүн сэрэхүй Сэмбээг хүчтэй цочроож, тун ч нарийн хөглөж өгч дээ гэж бодогдсон. Хэн нэгэнд биш Блокт шавь орсон монголын цөөхөн гүн мэдрэхүйтнүүдийн нэг яах аргагүй л тэр мөн юм. 

Бид хоёр 1993 оны намар Дорно дахины утга зохиолын их сургуулийн оюутан болоод анх танилцаж билээ. Нацагдоржийн номын санд... Манай ангийнхан цуглаж байгаа нь тэр. 

Би хичээл эхэлснээс хориод хоног хоцорч ирсэн, ерөөсөө ч хичээлээс их хоцордог, тасалдаг хуучтай. Сэмбээ маань бас миний өрөөсөн дугуй, их хоцорно оо, таслана чиг. Бас Эмүжин Энхтуяа, Мийгаа Мягмарсүрэн хоёр ч хоцорно. Хоцорсон хэд яах вэ гэхээр хаалга сэм онгойлгоод хамгийн арын ширээнд чимээгүй шингэнэ. Тэгэхээр чинь хоцордог хэд ихэвчлэн нэг ширээнд сууж таарна шүү дээ.

Манай ангийнхан гэхээр энэ хоцордог, эсвэл таслаад алга болчихдог хэд, бас багш нартайгаа маргадаг, шүүмжилдэг хэд. Тасалдгуудын араас хичээлийн эрхлэгч эрэл сурал болгон хэдэн охидыг маань ч явуулна. 


Ангид Эмүжингийн (яруу найрагч, нийтлэлч) цовоо дуу үе үе тасхийн цангинана. Намрын хатсан сүрэл шиг шулуухан үстэй Момо маань дэгдэгнээд л... Хожмын яруу найрагч, зохиолч, утга зохиолын судлаач шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуягыг тэр үед бид “Момо” л гэдэг байлаа. Ер өөрөөр нэрлэж ч байсангүй, одоо ч мөн адил дурсахаараа “Момо” л гэнэ. “Танхай Банди” нэрээр олон таних бурхан шашин судлаач Гончигийн Ням-Очирийг бид бас “Сафка” л гэнэ. Бас талийгаач яруу найрагч С.Боргил, энэ Ц.Доржсэмбээ, Пүүжээ Пүрэвсүрэн, Бямбамаа, Оюумаа тэргүүтэй уран зохиолд дуртай, хайртай, бичдэг хориод охид хөвүүд... 

Момо, Сафка хоёр “Хүрээ хөвүүд” гээд дэврээд явчихна. “Хүрээ хөвүүд” гэдэг маань 1990-ээд оны эхээр гарсан хот суурингийнхны уран бүтээлийн хүчтэй нэгдэл, Момо, Сафка хоёроос гадна найруулагч Бадрал, найруулагч Батнасан, яруу найрагч Энхболдбаатар, орчуулагч Дашмөнх энэ хэд. Тэд чинь цагтаа л уран зохиолынхоо бичил ертөнц дотор алдартай, час часхийсэн уран бүтээлтэй, “эвгүй нөхөд” байлаа. Ялангуяа Сафка “Люмпен пастухын уран зохиол”-ын тухай ярьж, хүрээ хөвгүүдийн ялгарлыг тодруулна.


Тэднийхээ бичлэгийг Сэмбээ нямбай уншина аа. Нэг удаа “Миний ертөнц их өөр юм байна” гэж нэг их юм олоод нээчихсэн юм шиг дуу алдсан. “Хөдөөгийн аглаг сууринд өсөх, хотын бужигнаанд өсөх хоёр чинь огт өөр. Хоёр өөр ертөнц төлөвших нь аргагүй ээ” гэхээр, “Гэхдээ л бүр шал өөр юм” гэж “мугуйдална”. Нээрээ л бичлэгийн арга хэлбэр, аяс хөг, ертөнцийг харах хараа, ааш араншин гээд юм юмаараа өөр нь өөр. Гэхдээ аажим аажмаар Момо Батхуяг, Сэмбээ хоёрын шүлэг найргаар нь илэрдэг дотоод ертөнц маш адилхан болж ирсэн, ер бусын гэгээлэг, гэнэн тунгалаг, бас дэндүү агшинлаг. 

“Адилхан болж ирсэн” биш юм байна, харин өөр өөрийн замаар явсаар, урласаар мэдрэмжээ илүү тод, илүү гүн илэрхийлдэг болоод ирэхээрээ тэдний дотоод ертөнцүүд ямар адил төстэй нь мэдрэгдсэн хэрэг байх. Мэдээж, тэдний маань ертөнц адилхан гэгээ гэрэл дүүрэн ч өөр өөрийн гэсэн давтагдашгүй тод өнгөтэй дээ.

***

Нэг удаа, зун л байсан юмдаг, 1995 онд санагдана, нар тонгойсон хойно Шар хаданд агч манайд ирэв. Би гэртээ ганцаар сууна. Нэг охины тухай их ярьдаг болчихсон байсан үе. Шүүрс алдаад л, онин бор нүдэндээ бөөн бөөн мөрөөдөл хүсэл бадруулан ярина. Жинхэнэ Межнун нь жинхэнэ Лэйлагаа олсон юм байх аа. (Межнун- Ухаангүй дурласан залууг хэлдэг утга зохиолын нэршил. Лейла нь дурлуулсан бүсгүй. Эртний Арабын дурлалт хосын тухай домгоос эхтэй. Персийн их найрагч Назими, мөн Фирдоуси, Алишер Навой нарын яруу найрагт тод дүрслэгддэг.)

Тэгэхнээ нь тэр охины гэр нь манай чигт байдаг аж. Надтай танилцуулах юм боллоо. 


Намайг дагуулан Улаанхуарангийн автобусны буудал оров. “Одоо ирэх болж байгаа, ер нь өдийд л автобусаар хотын төвөөс ирдэг юм” гэнэ. 

Нэг автобус өнгөрлөө, хоёр өнгөрлөө. Бүр арваад автобус өнгөрлөө. Тэр үед одоотой адилгүй автобус удаж байж ирнэ. Хоёул зогсоод л байгаа. Лейлаг хүлээж байгаа юм чинь зогсохгүй гээд ч яах билээ. Ядахад тэр үеийн Шархаданд явдаг том дэнхгэр дөрвөлжин хөх автобусны явдал бүдүүлэг түрэмгий гэж жигтэйхэн. Автобус бүрийг алдалгүй горьдон тосох мань Межнуныг өчүүхэн ч анзаарсан шинжгүй хэнэггүй давхиж ирчихээд, хүлээсэн Лейлагаас нь тэс өөр баахан хүмүүс асгачихаад, тоох ч үгүй орхиод явчихна. Тэр бүрд Сэмбээ маань баахан тавгүйрхэнэ. Тэгээд хоёул тамхилья гэж байна. Аль аль маань тамхи татдаггүй байв. Мань хүн хазганаж яваад хаа нэгтээгээс хоёр янжуур олоод ирлээ. Бас нэгнээс нь гал гуйгаад арын цэнхэр төмөр ТҮЦ-ний буланд зогсоод тамхилж байтал нэг автобус сэмхэн шурдхийн ирчихээд, хоёрхон хүн буулгачихаад бас шурдхийгээд явчихав. Сэмбээгийн сэтгэл нь л хөдөлснийх байх, янжуур хавчсан гар нь салганаж байсан юмдаг.


Мань хүн эргэж харснаа, “Нөгөөх чинь ирчихэж” гэж надруу дохичихоод саяны буусан хоёрын нэгийнх нь араас ухасхийв. Тэр “Нөгөөх чинь ирчихэж” гэсэн үг нь баяр хөөр дүүрэн байх ёстой байтал их түгшүүртэй сонсогдсоны учрыг хожмоо анзаардаг юм. Бүр “Нөгөөх чинь” шүү. Лейлагаа ингэж хэлдэг гэж бас байх аа. 

Чангаар гөрж сүлжсэн хонгор шаргал гэзэгтэй охин ямар нэг юмнаас зугтах мэт шалмаг алхана. Нар дөнгөж жаргаж байгаа. Сэмбээ байдгаараа араас нь зүтгэсээр ойртоод дуудав. Охин мөрөн дээгүүрээ хяламхийчихээд улам хурдалдаг юм. Угаасаа ч ийм байдал нэг бус давтагдсан шинжтэй. Гүйцэгдэхгүй явсаар орцоороо ороод, зузаан төмөр хаалгаа хангинатал хаачихав. Тэр хаалганы тасхийх дуу “Одоо боль, зогс наанаа” гэж байх шиг. Гэвч мань хүн түүнийг сонссонгүй юу, эсвэл тоосонгүй юу, хаалгыг нь үгтээсээр байгаад орлоо. Гурав билүү, дөрвөн давхарт гарав. Голын хаалганд духаа наагаад хэсэг зогслоо.  


Тэгснээ “За та хаалгыг нь тогш. Гараад ирэхээр нь та аль болох удаан саатуулахыг бодоорой” гэв. Удаан саатуулахаар яах ч юм бүү мэд. Бодвол жаахан харж л авах гэсэн байх. Мөн болдог хүндээ болдог захиалга өгч байгаа юм даа. Би чинь охид хүүхнүүдийг саатуулах талаар ямар ч овсгоо, авьяас бүр таг амьтан байхгүй юу. Гэхдээ л хөөрхийлөлтэй зогсоо Межнуны тусын тулд хаалгыг нь зүршээнгүй тогшлоо. Офицер ногоон дотуур цамцтай хүдэрдүү эр хаалга онгойлгоод муухай харав. 

Нөгөө охины нэрийг хэлээд “Уулзах гэсэн юм аа” хэмээн арай гэж амандаа бувтналаа. Амандаа нэг юм уцаартай үглэсээр цааш эргэж охиноо дуудаж байна. Хагас онгорхой хаалгаар аав, охин хоёрын түр тар хийх нь сонсогдоно. Тэгснээ охин нүүрээ хагас цухуйлгаад “Та наад хүнээ аваад бушуухан явж үз. Би амармаар байна” гэчихээд хаалгаа дахиад заналтайхан хан хийтэл татчихав. Тэр үгнээс нь үнэхээрийн аргаа барсан хүнээс л гардаг дуу хоолой сонсогдож байсан даа. 


Эргэж хартал шатны хайс налаад зогсож буй Сэмбээгийн маань царай яг л юу юугүй өмдөндөө тавьчих гэж байгаа аятай болчихож. Би ч өөрөө дээрдэхээргүй байсан байх. Мөрөө хавччихаад дэргэдүүр нь чимээгүй өнгөрч уруудав. Нөгөөх хөдөлсөнгүй. Гадаа гарлаа, үүдэнд хэсэг хүлээлээ. Ирдэггүй. Буцаад өгсөж очвол Межнун маань нөгөөх чанга хаагддаг хаалгыг духаараа тулчихсан мэгшиж байна. “Явъя аа, ямар ч найдваргүй байхад ингэж дэмий зогсох нь утгагүй” гэсэн шүү юм хэлээд мөрнөөс нь татвал, над руу харж байгаад дарвайтлаа уйлдаг юм. 

Эхлээд өрөвдөж, дараа нь гэнэт ой гутаж, угз татаад, нударч гулдачсаар яг согтуу хүн шиг болчихсон амьтныг чирээд буулгаж билээ. Түүнээс хойш намайг тийш нь дагуулж очоогүй. Гэхдээ өөрөө бол очсон байсан. Очихдоо намайг бодвол энэ охид бүсгүйчүүдийг уяруулах, найрах талаар төгс авьяастай яруу найрагч, бадарчин Ц.Батбаатарыг дагуулж очсон байдаг. Нөгөөх нь харин ч хөөрхий Межнуны хайр дурлалд тус нэмэр болох биш бүр самраад хаячихсан юм билээ, хожмоо сонсож байхад. “Чононд хонь хадгалуулна” гэдэг шиг л юм болохгүй юу. 


Харин Сэмбээ хожмоо,

“Халуун галын хажууд 

Халж суунам

Гаднаас авчирсан жавраа

Гаргаж суунам

Гадаа танилцсан хүүхний 

Гар хичнээн хүйтэн ч

Гоё сайхан санагдсан сан

Халуун галын хажууд 

Халж суунам

Гаднаас авчирсан жавраа

Гаргаж суунам

Гарсан тэр жавартай хамт

Гараад явчихаагүй байгаасай

Чиний гарын сайхан хүйтэн...” (2008.12.29) гэж бичсэн. 

Тэр бусдаас өөр мэдэрдэг. Халуун гарын сайхныг төдий биш, хүйтэн гарын ч сайхныг мэдэрдэг. Бас тэр хүйтэн чигээр нь хайрлаж нандигнаж чаддаг.

*** 

Бадарчин Батбаатар гэснээс мань хүнийг Сэмбээ дагуулж Шархаданд манайд очиж танилцуулж билээ. Батбаатар тэр үед Дашбалбар багшид хөөгдчихсөн, ар гэртээ ч хөөгдчихсөн, орон гэргүй бадарчилж эхлээд байсан үе нь. Тэгээд манайд үлдэж, өвөлжиж, хаваржсан нь тэр. 

Тэр хоёр нэг хэсэг нийлсэн. Сэмбээ маань аанай л гэнэн тунгалаг зангаараа Батбаатарт учиргүй налсан. Бараг л багш, шавь шахуу. Ер нь Сэмбээгийн зарим нэг шүлгээс Батбаатарын яруу найргын нөлөө илт мэдрэгддэг.

Тэр үедээ шүлэглэх ур хийгээд хурдаараа Батбаатар нөгөөхөө үнэнхүү бааварлана. Суугаад босохдоо л хуудас хуудсаар нь урсгаж биччихээд нөгөөхөөрөө Сэмбээгийн нүүрийг сэвж, “Май, ингэж бичдэг юм” гэнэ. Өнөөх нь шалгалтандаа унаж буй жаал хүү шиг царайлчихсан сууна. Тэр үеийн Батбаатарын шүлэг бас л гэгээн тунгалаг байлаа даа. 


“Сарнайн илтэс шиг зөөлхөн алгандаа нуусан аз жаргалыг минь чи тэгэхэд

Салхин дундаа сэмээрхэн цацчихаарай” гээд л Сэмбээ Батбаатарынхаа шүлгийг шүүрс алдан уншина. Атаархаж биш, харин уянганд нь автаж, уусан шингэн байж, мөрөөдөлд умбан умбан уншина. Харин нөгөөх нь таг эсрэгээрээ. Шүлгийг нь зүрх сэтгэлдээ тийм ойрхон хүлээн авч буйд нь талархах бүү хэл илэрхий дээрэлхүү хандана. Нэгэнтээ хэтрүүлж байгаад надад нэг ширвүүлсэн.  

Ер нь Батбаатар хоёрдмол талтай. Хүн нь хэзээ ч, хэнийг ч өрөвдөж, энэрч байгаагүй мэт, хэнийг хэрхэн ашиглахаа ч мэддэг, ер энэ хүнээс ямар нэгэн уянга болоод нандин гээч юмны элтэрхий ч бултайхгүй дээ гэмээр хүйтэн. Түүнийг хэн нэгэнд гомдож, эмзэглэж, эсвэл үнэн сэтгэлээсээ баярлаж байсныг нь би санахгүй юм. Тийм атлаа шүлэг найраг нь уянгалаг нандин гэж жигтэйхэн. Магад тэр өөрт байдаг бүхий л уянга, эгшиг, нинжин нандин бүхнээ шүлэг найраг болгон шавхачихаад, ард нь тийм хов хоосон, хүв хүйтэн хөндий нүх үлдчихээ юу гэмээр байдаг.  


Харин Сэмбээ өөр. Тэр өрөвч зөөлөн, эмзэг гомдомхой. Хөөрүү бадрангуй. Түүний цээжин доторх уянга, эмзэглэл, нандин бүхэн нь хожмоо архины лонхны ёзоорт арилашгүйгээр нигширч хэвтэх үед нь ч огтоос арилаагүй. Магад тиймдээ ч тэр тийм эрт, өөрийнх нь бичсэнээр

Мөрөөдөхөд

Мөнхийн юм

Гар сунгах зайтай болдог... энэ хорвоогоос эртээ буцсан байх. 

***

1998 он гарлаа. Нэг л мэдэхэд Сэмбээ алга болчихсон. Хожмоо сонсох нь ээ, сургалтын төлбөрөө, амьдрах мөнгөө ч өнөөх Лейладаа зарцуулчиж. Өөр нэг Лейлад ч билүү, бас мартсан байна. Гэхдээ яг дурлалт Лейладаа өөрт нь ч биш шиг байгаа юм, Батбаатар л дундуур нь орж хутгаж байгааг харчихаад, дургүйцсэндээ төлбөрийнхөө мөнгийг ширээн дээр нь цацчихаад гараад явчихаж. Тэгэхдээ тэр чигтээ тэр тамхины утаа суунагласан баарнаас төдийгүй бүр Улаанбаатараас явчихаж... Тийм эмзэг. 


Тэгээд сураггүй. Одоотой адил утас шөрмөс гэж байсан ч биш. 

Дараахан нь 2000 он гарсан хойно хотод уулзав аа. Өвөрхангайд ч билүү, Архангайд ч билүү, “Нэг коллежид орсон, одоо амьдрахад хэрэгтэй юм сурна аа, цус гэж. Шүлэг бичээд амьдрах ямар ч боломжгүй золиг юм” гэчихсэн тууж явав. 


Тэр үедээ,

“Аниргүйд би хөнгөн санаашралтай

Алиман сарнаар өгөөмөр явлаа

Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа

Эмгэн хүнд өвгөн нь болж нэгэн цагт очно гэж мөрөөддөг байлаа.

Асгарч буй нулимсанд би

Алчуур нь болж очдог байлаа

Дандаа л би олсон хэдэн төгрөгөө

Хэн нэгэнд очиход зориулдаг байлаа

Эмийн цагаахан үрэл шиг санаад

Элэг зүрхээ бусдад бэлэглэж явлаа

Харин одоо болсоон, очсон бүх замаасаа

Үлдсэн жаахан хүн чанараа аваад

Өөртөө зориулахаар явлаа.

Эмтэрсэн бүхний эмтэрхий нь би биш

Эрин цагийн минь хээнцэр ганган охидыг дагаж хөгшрөөд

Өвгөн болж тэдэнд очих

Өгөөмөр хөвгүүд мундахгүйн учир

Аниргүйд би муухан инээмсэглээд

Алиман сарнаар явлаа, баяртай” (2001.08.01) гэж бичсэн байдаг.  

Гэхдээ тэр уянга шүлгээс холдож, аж амьдрал хөөж чадаагүй л дээ. Чадах ч үгүй. Амьсгал бүр нь гунигаар дүүрэн байсан юм хойно. 

***

Ажил амьдрал гэж бужигнасаар, гадагшаа дотогшоо тэнэсээр он жилүүдийг үдэж байтал 2010 он гарав. Өнөөх “амьдрахад хэрэгтэй юм” сурахаар шийдчихсэн байсан Сэмбээ маань тэссэнгүй бололтой, “Болор цом”, Ган үзэг”, “Хүрэн морь”, “Есөн намрын зэрэглээ” гэх зэрэг энд тэндхийн элдэв долоон найргын наадмуудад уяад сургачихсан уяаны морь шиг л шүлэг дуудаж яваа сураг дуулддаг боллоо. 

Нэгэнтээ таараад “Чиний шүлэг Болор цомд уншдаг шүлэг биш шүү дээ. Дэмий юм дэмий. Хэзээ ч чи Болор цом авахгүй” гэсэн чинь нэг сүрхий санаа алдсанаа “Гэхдээ байна аа, энэ чинь тактик, стратеги байхгүй юу. Болор цомын тайзан дээр харагдсан хүнийг чинь хүмүүс арай өөр хардаг юм байна. Түүний хүчинд талхныхаа мөнгийг олохтойгоо. Тиймгүй бол мөрөөрөө шүлгээ бичиж яваа намайг ёстой гөлөөг гэх хүн олдохгүй юм” гэж байна. 

“Тийм ч юм уу?”

“Яг тэгэж байна. Би чинь бас юм хум идэж уух, өмсөх зүүх хэрэгтэй болно оо доо” гэж намайг аргадаж байх шиг ярив. 


Сэмбээг ажил дээрээ (МОНЦАМЭ) дагуулж ирээд, Дотоод мэдээний сурвалжлагчаар ажилд авахаар болж, өргөдөл бичүүлж, анкет бөглүүлээд, маргааш 2 хувь зурагтай хүрч ирэхээр за зү тохироод салав. Гэхдээ хоёулаа нэг тохироотой. Хувийн биш хувьсгалын ажил учир оюутан үеийнх шигээ таслаад, хоцроод байхгүйг хичээх, мөн балгахгүй, балгасан ч ажлаа алдахгүй байх. 

Тэгээд л ам гараад явсан. Сураггүй. Тэр үедээ уугаад эхэлчихсэн байсан. 

***

Хэдэн сарын дараа Багшийн дээдийн автобусны буудал дээр бээвийчихсэн юм хөлдөхөө шахчихсан зогсож таарав. Яав ийв, яагаад алга болчихов гээд жаахан загналаа. “Би ч танай ажил тэнцэхгүй байх өө. Гэхдээ би өөртэйгээ их тэмцэж байгаа. Эрүүл болчихоороо очно оо” л гэж байна. 


Их л ховор эрүүл таардаг болсон доо. Нэг удаа яруу найрагч Батцэнгэл найзтайгаа “Харсан тэнгэр” номоо хэвлүүлчихээд овоо сайхан эрүүл ажил дээр ирж жаахан ярьж суусан. Тэд Батцэнгэлийнд хамт байгаа гэв. Ер нь Батцэнгэл маань Сэмбээгийн араас их гүйсэн дээ, дэргэдээ байлгаж, уулгахгүй байлгах гэж... Номыг нь хэвлүүлж, талийгч болсон хойно нь эмхтгэлийг нь гаргаж, одоо ч бас найзыгаа дурсаад, дурсамжийн ном гаргахаар болж, надад хүртэл Сэмбээгийн тухай дурсамж бичиж өг хэмээн үүрэг өгсний дагуу би үүнийг бичиж суугаа билээ. 

Дараа нь, хэзээ ч билээ, эхнэртэй болж байгаа гээд сүрхий эрүүл сэргэлэн явав. 

Тэгээд л байхгүй дээ. Сүүлдээ гудамжинд харахаас ч халширмаар. Араас нь Батцэнгэл ч, охин нь ч, эхнэр нь ч уйгагүй явсан. Сүүлдээ ч цөхөрсөн байх. 

Ихэвчлэн Интер номын арын офис орчмоор таарна. Түүгээр номынхны хөл овоо. Уруу татаж уулгадаг нь ч байсан. Сэтгэл зөөлөн хүн чинь тэгээд намираад л явчихна шүү дээ. 

Ер энэ цаг үеэс хойших Сэмбээгийн тухай дурсамжууд гэгээн тунгалаг биш, гунигтай, харуусалтай болж өөрчлөгдсөн. 


***

Сэмбээ эхлээд гудамжаар уйтгар гунигандаа согтуу юм шиг найгаж явдаг байсан. 

“Эндхийн өвөл их удаан өнгөрдөг

Урт наслаарай гэх ерөөлийн

Уйтгартайг би тэгэхэд л мэдэрдэг”

“Эндхийн” гэдэг нь аль нэг хот суурин, газар орны тухай биш л дээ. Бичиж байхдаа Өлзийт ч юм уу, Улаанбаатарын хөлдүү гудамжийг ч юм уу төсөөлсөн байх. Гэхдээ л энэ хүмүүс бидний ертөнцийг... хэлж буй хэрэг.

Найрагчид Александр Блокийг “Уй гунигийн ханхүү” гэдэг. Шүлэг найраг нь ховсдох шидтэй. Хар бага наснаас Сэмбээ Блокийн уй гуниг дүүрэн мэдрэмжээр их аялжээ. Нэгэнтээ тэр А.Блокт зориулж ингэж бичсэн. 

“Александр Блок

Аль сайхан бүхнийг минь

Тонон дээрэмдэж дуусгаад

Алах муу хорыг над руу

Харанхуй шөнөөр илгээсэн...” 

Гэхдээ Блок нөлөөлөөд Сэмбээг арилашгүй уйтгар гунигтай болгочихсон ч юм биш, ерөөсөө мэдрэмж, сэрэхүй нь ойр төстэй л байсных. Блок түүний дотор байсан мэдрэмжийг нь сэрээж хурцалж өгч. Мэдрэмж ихсэх хэрээр гуниг төрдөг. Энэ утгаар нь хэлбэл Сэмбээгийн дотор байсан “Харанхуйн мангас Барлог”-ийг сэрээчихэж. 

Яруу найрагч Б.Эрдэнэсолонго Сэмбээд зориулж ийн шүлэглэсэн.


“Ц.Доржсэмбээд

Самар цөмж, яруу найргийн тухай ярилцацгаая

Саваагүй гэнэн санаа дурсъя

Улаанбаатарын гудамж, архины дэлгүүр

Ядуусынх нь зовлон, Блокийн шүлгүүдийг магтья

Манан дундах мөрөөдлийн хотдоо дахиад нэг очъё

Маргааш өглөө нь шараа тайлцгаая.

Үзээд өгье гэхээр нь итгээд луйвардуулчихсан

Хөвүүн насаа буцааж авъя”. Батбаатар, Сэмбээ, Солонгоо гурав бас нэг хэсэг гуларсаан. Эхнийх нь толгойлоод.

Гунигт ертөнцийг туулахдаа гунигаа шүлэг болгон юүлж явдаг хүнийг найрагч гэдэг байж ч магадгүй юм. Тэгээд уйтгар гунигаа архиар даруулсаар нэг л мэдэхэд үнэхээр согтуу найгадаг болчихсон. 

***

Нэгэнтээ таарахад “Үхлээ, шар тайлаад өг” гэв. Үнэр танар гэж салхин дор нь удаан зогсож дийлэмгүй. Дагуулаад Петровисийн өмнөх буузны газар луу зам хөндлөн гарч явтал ард машинын дуут дохио хангинаж байна. Мань хүн хөл муутай дээрээ шартсандаа надаас нэг хоёр алхам хоцорч явсан юм. Нэг залуугийн машины өмнө тулаад зогсчихсон, мань хүн хуруугаараа чичин хашхичиж, залуу тэсгэлгүй дуут дохиогоо хангинуулна. 


Өнөөх маань “Дайр чи, намайг дайраад гар. Хожмоо том яруу найрагчийг дайрч алсан гээд чи түүхэнд бичигдэх болно шүү. Нэр чинь мөнхрөнө шүү. Чамд үүнээс өөрөөр нэрээ үлдээх боломж байхгүй” гээд л... Нөгөөх нь “Муу бөөбөөчин минь, зайл” гэчихсэн. Зам дээрээс угз татаж гаргаад, өнөөх залуугаас нь ч уучлал гуйлаа. Уур ч хүрч байх... “Үхэх мөрөөрөө үхэж чадахгүй бас нэг аавын хүүхдийн амьдралыг баллах нь уу, чи. Согтуу толгойлчихоод ...” гэх мэтээр загнаж зандчив. 

Хоолны ширээн дээр гэмшсэн аятай нугдайж сууж байснаа гэнэт сэрсэн юм шиг ширээ шааж, “Солиотой энэ орчлонг согтуу нүдээр л харахгүй бол...” гэснээ надтай харц мөргөлдмөгц үгээ залгин таг болчихов. 


Ер нь Сэмбээд өөртөө итгэсэн, өөрийгөө мэдэрсэн нэг тийм бардам байдал бүр 18-тай гэнэн бор нүдтэй хөвүүн байх үеэс л үе үе хүчтэй цухалздаг байв.

Нэгэн нэргүй шүлэгтээ,

“Тун удахгүй би хэлгүй болно

Тэр цагт

Мянган хэлтэй бурхдын 

Мэлмий туяаран баясна

Гэвч 

Хэлтэй байхад минь

Тоож сонсоогүй миний яриаг

Үгүйлж эхлэх амьдрал

Үггүйгээр оршиж,

Үнэт санааг минь ойлгоно

Тэр цагт

Мянган хэлтэй бурхад

Хийх ажилгүй болно” гэжээ.

Бас,

“Бурхан болж мэндэлснээ ч мэдэхгүй

Бурхан хайсаар л явна уу?” гэж 

Бундан навчис нь шивнэх шиг болов

Бурхныг модод нь мэддэг л юм байх даа”

***


Дээр Сэмбээгийн согтуурхаад хэлсэн “Том найрагчийг дайрч алаад түүхэнд нэрээ үлдээх” гэдэг санаа их эртнийх л дээ. Яг ийм зорилгоор 120 жилийн туршид хичээн барьж босгосон Ертөнцийн долоон гайхамшгийн нэг Грекийн домгийн дарь эх Артемистийн сүмийг Геростратус гэгч шатаачихсан түүх байдаг. Тэр машинтай залуу хийгээд Сэмбээ хоёрын бяцхан “тэнэг” маргааныг эл түүхтэй адилтгаж буй хэрэг биш.

Надад хааяа үнэхээр эмзэг оргилуун яруу найрагчдыг зориуд хорлох гэж байгаа юм шиг үйлдлийг зарим хүмүүс үнэхээрийн шургуу хийгээд байдгийг нь гайхдаг. Очирбатын Дашбалбар гэж галтай дөлтэй найрагч байлаа. Богинохон зуурт бид багш, шавь бололцсон. Багш маань халгиа цалгиа ихтэй, хааяа алдаа гаргах нь байна. Гэтэл түүнийг нь яг отож байсан юм шиг барьж аваад бүр нэг мөсөн дарж авах гэсэн аятай зуумхай заналтайгаар зууралдчихдаг хүмүүс, ялангуяа улс төрийнхөн дотор олон байсан. Тэсэхээ байсан найрагч уурлан хилэгнэж, галзууран догширно. Амнаас нь гардаг хамгийн муухай үг нь “Муусайн гөлөгнүүд”. Бүр нэгэн том улс төрчид зориулаад иймэрхүү гарчигтай ч билүү шүлэг хүртэл бичсэн. 


Гэхдээ Дашбалбар багш шиг, Сэмбээ шиг найрагчид хэзээ ч хүнд санаатай муу юм хийх чадваргүй байдаг. Сайн бол хилэгнээд хэдэн шүлэг бичнэ. Дашбалбар багшийн сүүлийн жилүүдийн шүлгүүд нэг бол их хурц өнцөгтэй, эсвэл бурхны шашны амирлал тайвшралыг урьсан аястай байдаг нь дотоод их далайнх нь хямрал хийгээд тайвшралын хаялага байх. 

ЗХУ-ын ШУ-ны академич Д.С.Лихачевийн гэх “...Адгийн амьтад ямагт шулуун шударга хүмүүсийн дээр гардаг... учир нь тэд шударга хүмүүстэй яг л адгийн амьтадтай харьцаж буй мэт харьцдаг. Харин цаадуул нь тэвчээд л, шаналаад л... тэгсэн хэрнээ адгийн амьтадтай яг л шударга хүмүүстэй харьцаж байгаа мэт харьцсаар ялагддаг” гэсэн үг энэ тэнүүгээр тэнээд л явдаг. Лихачев эрдэмтэн төдийгүй нийгмийн зүтгэлтэн, аугаа сэтгэгч соён гэгээрүүлэгч хүн байсан.  


Гэхдээ дээрх санааг хэн хэлсэн нь чухал биш, амьдрал дээр үнэхээр ийм үзэгдэл түгээмэл ажиглагддаг. 

Яруу найрагчдийн хувьд гэвэл, эмзэг гэж жигтэйхэн, нарийн торгон мэдрэмжтэй тэдэнтэй мэдрэмжгүй хөлдүү, хөшүүн хайрцаглагдсан сэтгэлгээтэй хүмүүс яг л хөлдүү махтай харьцаж буй мэт түрэмгий, бүдүүлэг, эрээ цээргүй харьцдаг. Зүйрлэвэл нандин хийцтэй эртний шаазанг модон ухдастай адилд үзэх. Тэр хөөрхий мэдрэмтгийнүүд нь тэвчээд л, шаналаад л, тэгсэн атлаа яг өөрсөд шигээ нарийн мэдрэмжтэй эмзэг хүмүүс мэт эргүүлээд харьцдаг. 

Гэнэн, яг байгаагаараа байдаг, гэгээн тунгалаг сэтгэлтэй Сэмбээ маань юу үүрч, яаж гуниглан явсныг гадарлахтайгаа. Тэгээд ялагдчихсан. 

Ер нь уран бүтээлчид дотор ийн ялагдсан нь цөөнгүй. 


Эрнест Хэмингуэй нэгэнтээ: "Насанд хүрсэн хүний хувьд миний сурах ёстой хамгийн хэцүү сургамж бол би дотроо хичнээн их эвдэрсэн ч гэсэн цаашид уйгагүй тэсэж тэвчих явдал юм. Яагаад гэвэл биднийг ядарч туйлдсан, зүрх сэтгэл шаналж тарчилсан, туйлдаж цөхөрсөн үед ч амьдрал зогсдоггүй” гэж бичиж байв. Гэхдээ Хэмингуэй өөрөө энэ сурах ёстой юм аа сайн сураагүй дээ. Тийн бичиж байснаасаа хойш удаагүй, шувууны буугаар өөрийгөө буудчихсан. 

“Хүнийг алж болно, ялж болдоггүй”, эсвэл “Алагдаж болно, ялагдаж болохгүй” гэж дэлхийгээр нэг хашгирсан хүн маань ялагдчихсан.

Гэхдээ эцсийн эцэст хүнээс үйл, бүтээл хоёр нь үлддэг. Тэр аар саар юмс нь биш.  

***

Нэгэнтээ тарахад манай нэгэн яруу найрагчийн тухай надад “Ховлож” байна аа. 

Яасан гэхээр тэр найрагч Сэмбээг “Чам шиг ийм гудамжны бөбөчин, гуйлгачин яруу найрагч гэж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй юм, зайл” гэсэн гэнэ. Их гомдсоноо, бодохоос л гол нь харлаж, тэсэхийн аргагүй болсноо дахин дахин хоолой зангируулан ярьж байв. Арай л намайг очоод түүнтэй нь нэг сайн хэрэлдээдэх гэж буй аятай. 

“Би ядарсан байж болно, гэхдээ би шүлгээ бичсээр л байгаа шүү дээ” гээд уруулаа өмөгнүүлэн, нулимсаа залгилсаар энгэрээ ухаж, нэг тасархай цаасны булан дээр бичсэн хэдэн мөр юм үзүүлж байна. 


Евгений Виниградовынх ч билүү, нэгнийх нь яруу найрагчийн тухай нэг шүлэг байдаг юм. 

“...Яруу найрагч - эзэн хаан ч, ядуу гуйлгачин ч байсан

Яам тамганд шөнө дөл өнгөртөл өгцийн уйтгарлаж

Дэлдэн бичээч болон үзэг чихнуулж,

Дэргэдэх хатдын гарыг үнсэн уярааж...

Хуур чирэн, сахал унжуулан захаар тэнүүчилж

Хувьсгалт тэмцэлд дуугаа дуулсаар үрэгдэж

Тэртээх Кавказын хадан зөргөөр тэжигнүүлж,

Тэнгэсээр тэнүүчилж, тэндээ нөхцөж явсаан... 

Яруу найрагч гэдгээ л харин

Ямар ч үед мартаж байгаагүй юм шүү” гээд. 

Бүхний нүдэнд бөөбөчин харагдаад, хөлдүү гудамжинд чичирч зогсохдоо ч Сэмбээ яруу найрагч гэдгээ яагаад ч мартаагүй явсан шиг ээ. 

Байж байгааг нь харахаар тэр найрагчийн буруу гэмгүй, гэхдээ бас өөрийнх нь ч зөв гэмгүй. 

Сэмбээ арван хэдэн жилийн өмнө буюу 1999 онд,

“Аз жаргалгүй 

Тэнэмэл хүмүүсийн

Гандсан нөмрөгийн

Хормой шүргээгүй

Газар нутаг гэж

Хаа ч алга.

Тэнгэрийн доромжлол

Хүртсэн хүн

Гуйланчилдаг 

Газрын диваажинд

Өртсөн хөл тэнүүчилдэг” гэж бичиж байв. Ер нь тэгээд тэнгэрийн “доромжлол”-ыг хүртсэн хүнд газрын хүмүүний доромжлол дэндүү даажинтай хорон, тэвчихийн аргагүй байх нь аргагүй ч юм даа. 

***

Нэгэнтээ таарахад уйлаад зогсож байна. Өнөө л байдгийнхаа тойрог дотор, гэхдээ энэ удаад Петровисийн офисийн баруун тийшээ харсан довжооны дэргэд. 

“Ах аа, би урд шөнө ээжийгээ зүүдлээд... энэ, энэ.., энэ довжооны дор”. 

Тэнд нь үнэхээр л нохой цагираглаж хэвтсэн гэлтэй жаахаан ором гарчихаж. Хэдий зун цаг ч шөнөдөө жихүүн хоносноос, нимгэн нүцгэн шахуу мань хүн байдгаараа эвхэрч хэвтээ байх. 


“Ээж нь хаана байгаа вэ?”

Дуугарсангүй, харц нь тэнээд явчихав. Муу юм л дуулгах нь дээ л гэж бодогдон, хүлээв. Миний мэдэхийн ээж нь өнөөх жаахан үүлнээс нь жаахан бороо ордог Өлзийт сууриндаа байсан сан.

“Ээж сайн. Ээж хотод нүүгээд ирсэн”. 

Дотор амсхийж, “Хаана амьдарч байна?” гэлээ. 

“Амгаланд. Ирээд гурван жил болж байгаа шүү дээ”

“Тэгээд чи ээжийгээ зүүдлэн зүүдлэн гудамжинд эвхэрч хэвтэхээр ээж дээрээ гүйгээд очооч. Алив хамт явьяа”. 

Тэр намайг яг зуудаг нохой харж байгаа юм шиг айхтар сүрхий харж, хойш байдгаараа цахдав. 

“Юу болчихов?”

“Би ээж дээрээ ийм царайтай яаж очих юм бэ?”

“Манайхаар дайраад, ус цасанд орж, хувцас хунараа сольж аваад л очно биз.”

“Үгүй, миний зүрх үхээд байна” гэснээ доош агчийн суугаад мэгшдэг юм. 

“Би ээж дээрээ гурван жил очоогүй штээ. Та бод доо. Гурван жил”. 

Тайвшрахыг нь хүлээн довжоон дээр жаахан суув. 

Тэр нэг шүлгэндээ “Энэ хорвоогоор дүүрэн ээжээ гэж хашгирахад 

Ижий минь л ганцхан миний дууг танина даа” гэсэн байсан. Тийн эвхэрч хэвтэхэд нь л орж ирсэн мөр байх.

90-ээд онд олон сайхан авьяастнууд архинд живсэн. Нүдэн дээр л живсэн дээ. Бид харж байгаад живүүлчихсэн, яаж ч чадаагүй. Өөрсдөө арай чүү гэж живчихэлгүй тогтож байсан үе. Өвгөнт хөндийд алдартай ч, авьяастай ч жүжигчид, хөгжмийнхөн, яруу найрагчид хий үзэгдэл шиг “тухалдаг” байв. Магад тэдний сүүлчийн төлөөлөгч нь Сэмбээ маань байх. 


“Хий үзэгдэл бид хоёр

Дундаа нэг хувцастайг

Хэн ч үл анзаарна” гэсэн нэг сул шүлэг нь байдаг. Тэр хий үзэгдэл архи гэдэг нэртэй ч байсан байж магадгүй.

***

Нэг удаа гудамнаас хэн нэгний утсаар яриад уулзав аа. Эрүүл шүү дээ, энэ удаа. 2017 оны орчим. Архи уулгүй сар гаран болж байгаа гэнэ. Энүүхэн Төв аймаг явдаг зам дээр, Өлзийт суурингаас цаахна, нэг залуугийнд амьдарч байгаа, тэр залуу нь бас хэдэн үхэртэй, шүлэг зохиол сонирхдог залуу гэнэ. 


“Одоо ер уухгүй байгаад байж чадах нь. Энд бол ингэж тэгээд явж байтал нэг нь намайг хөөргөөд, “Чи бол агуу” гэж онгируулаад архи өгчихнө. Тэгээд би хэдэн жил хэрхэн өнгөрснийг мэдэхгүй болчихно. Тэгэж байгаад гудамжинд үхэх нь. 

Одоо нутагтаа Өлзийтдөө очье. Та надад тусал. Өлзийт рүү намайг явуулж өг. Бас ажил төрөл ярьж өгвөл сайн байна. Яг одоо сумын ИТХ-ын дарга нь манай ангийн залуу байгаа. Намайг ярьвал итгэхгүй. Та нэг ярь” энэ тэр гэлээ. 

Тэр даруйд нь Өлзийтийн ИТХ-ын даргын утсыг олж ярьлаа. Эхлээд жаахан дурамжхан дуугарч байснаа, “За та юу ч гэсэн наад хүнээ автобусанд суулгаад явуулчих. Бид энд нэг амьдрах амбаар ч болов ольё. Тэгээд жижүүрийн ч болов ажил зохицуулья. Гол нь наад хүн чинь уухгүй л байх ёстой шүү” гэж байна. 

“Өө, одоо манай хүн уухаа байсан, эв эрүүл болсон” гээд би ам шүд алдлаа. Тэгээд өнөө маргаашгүй Сэмбээг шугамын автобусанд суулгаад явуульяа. Тэгэхдээ утсаар мэдэгдэе гэж тохиров. 


Мань хүн нөгөө Өлзийтдөө очоод хувцас хунар, ганц хоёр ном, шүлгийн дэвтэр энэ тэрээ аваад ирэхээр болж, нааш цааш унааны зардал, энэ тэрд хэрэг болно гээд хэдэн төгрөг авав. Мөнгө өгөхөд “Ээ, надад мөнгө харахаар л архи болж харагдаад байх болчихож” гэж байна. Тэгэнгүүт ихэнхийг нь буцааж аваад, автобусны хэмжээний мөнгө үлдээлээ. “Өлзийт хороолол хүртэл яаж явган явдаг юм. Харин чамайг Баянхонгорын автобусанд суулгаж өгөхдөө замын хоолны мөнгийг автобусны жолоочид өгнө. Очоод хэсэгтээ хэрэглэх мөнгийг сумын ИТХ-ын даргад шилжүүлнэ” гэж ярилцав. 

Тэр хооронд ядахдаа бүтэн жил өмсөх ээлжийн хувцас цуглуулахаар болж, ангийнхантайгаа ярьж, юм хум цуглуулж байтал, дахиад сураггүй. 

Ингээд, 

“Суурингийн минь бороо

Суурин шиг жаахан үүлнээс ордог

Тийм жаахан үүл рүү

Тэмүүлж өссөн бага нас...” нь өнгөрсөн Баянхонгор аймгийн өнөөх жаахан Өлзийт сууриндаа очиж нам гүм амьдрах хөг нь өнгөрсөн, ер эргэж хэзээ ч очоогүй байх аа. 

***

Сэмбээ цас, борооны тухай, бас шуурганы тухай ихэвчлэн бичдэг. 

“Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан.

Тэрнээс хойш 

Тийм цас ороогүй.”

Бас,

“Харандааны цагаан будгаар

Хурмаст тэнгэр, газар хоёрын хооронд

Хязгааргүй олон цэг хатгаад

Хөдөлгөөнд оруулчихсан юм шиг

Гуйван будрах цасан дотроос

Эрдэнийн алим шиг туяаран харагдах

Энхрий хоёр хацрыг чинь санана...

Маш нарийн үзүүртэй харандаагаар

Мандал тэнгэрээс мянган ташуу зураасыг 

Татчихсан юм шиг асгарсан бороотой

Тэр зуны солонго цэцэгст хувилан

Газраар нэл дэлгэрчихээд байхад

Ганцаараа сайхан чамайгаа санана” гээд зөндөө. Бараг тал хувь нь байх. Статистикчид тоолоод гаргачих байх. 


Нэвсийн будрах цасны тухай, зөөлхөн шиврэх борооны тухай бичих атлаа салхи нь нэг тийм өршөөлгүй, жихүүн. Тэр цас, бороо зуун жилийн өмнө, зууны дараа ч орж бас исгэрч л байсан, орж бас исгэрч л байна. Сэмбээгийн амьдралыг хардаг харц, мэдрэмж нь тэр зуун зууны туршид шивэрч л байсан бороо шиг, нэвсийтлээ дарж л байсан цас шиг, исгэрч байсан салхи шиг энэ амьдралыг цаг хугацаагүйгээр, түүнээс ангид хардаг. Тийн харахаар энэ амьдрал яг л нэг агшны бороон дусал мэт энгийн атлаа гуниг дүүрэн, магад гуниг нь дүүрэхээрээ тэнгэрт тогтож дийлэлгүй газарт бууж ирдэг байх гэмээр, тэгэж л мэдэрч, бас тэгэж л амьдарч...  

Тийм болоод л түүний шүлгүүд гоё уран хээнцэр биш, энгийн, амьд халуун, гүн мэдрэмжээр дүүрэн. Тэр амьдралыг, хүмүүсийг энгийн, гэхдээ хав халуунаар, гүн дотноор мэдэрч байсан. 

***

2016 онд Бадарчин Батбаатарын тухай “Тэнэг авьяас” хөрөг тэмдэглэлдээ бичиж байсан санаагаа энд давтан дурдмаар санагдав. Тэнд ингэж бичсэн: “Яруу найрагчийн мэдрэмж нь аливаа үзэгдлийг учир шалтгааны үүднээс хүлээн авч дүгнэн боловсруулдаг чадвараасаа хэт хэтийдээд ирэхээрээ бараг эмгэнэл болж хувирна. Яруу найрагчийн мэдрэмж хичнээн хурц байна, бодит ахуйтай сөргөлдөх нь төдий хэрээр хурц болж, энэ нь бүр гарцгүй эмгэнэлд хүргэх нь олонтаа..." 


Сэмбээгийн нэг шүлэг, 

“Гадаа орох бороо

Манай дэлхийн хэд дэх бороо юм бол оо?” гэж эхэлдэг. Жинхэнэ найрагч худал хэлдэггүй. Тэр худлаа даажигнаж, эсвэл тоглоом хийж ийн бичээгүй. Бас хүүхдэд зориулж ч бичээгүй. Үнэн нь тэр. Цааш нь үргэлжлүүлээд,

“Ядуу бас залуугаараа би үхэхгүй

Яльгүй гунигтай инээмсэглэл минь мөддөө замхрахгүй

Анхны болоод сүүлчийн бороо ч гэж байхгүй” гэжээ. 

“Энэ бороо манай дэлхийн хэддэх бороо юм бол оо?” хэмээн гайхан зогсож буй насанд хүрсэн хүнийг хүмүүсийн ихэнх нь, бүр үнэмлэхүй олонхи нь тэнэг, эсвэл солио өвчтэй л гэж бодно, эргэлзээгүй. 


Магад таван настай хүүхдийнх л байж мэдэхээр ийм гэнэн тунгалаг сэтгэлгээ, мэдрэмж зөвхөн дотоод гүн мэдрэхүйтнүүдэд л байдаг. Стандарт бус, бүр тэс өөр нэгнийгээ бид ойлгох гэж хичээдэг нь хэдхэн, харин шоолж, шоодох нь олонхи. 

***

Ер нь Доржсэмбээ сүүлдээ дурсамжиндаа гацчихсан мэт болчихсон байсан. Гэхдээ тэр дурсамж нь зуун зуунаар хөг үл тасрах, мөнхийн дурсамж. Гол нь тэр амьдралын агшин бүрийг тийм дурсамж болгон мэдэрч байв. 

Хамгийн сүүлд, бурхан болохоос нь хэдэн сарын ч өмнө билээ, Нацагдоржийн музейн дэргэд таарав. Уртханд нь байх “Чүү Чүү”-д орлоо, захиалга жаахан удав. 


Шүлгээ бичсээр л байгаа гээд надад цоо шинэ шүлгээсээ уншиж өгөхөөр юм боллоо. Тэгээд нэг базсан халтар цаас гаргаад, нямбай гэгч нь дэлгэлээ. 

Тэгээд ийм 4 мөр уншив.  

“Цас малгайлан орохыг 

Мэдээгүй мэт

Цонхны цаана

Малгайтай хүмүүс бужигнана”. 

Би юу ч хэлсэнгүй. Хоёул захиалга иртэл чимээгүй суулаа. Энэ 4 мөрт бол 1993 оны намар, 9 сард, 18-тай хөвүүн анх танилцахдаа л надад уншиж байсан шүлэг нь. Би саналгүй ч яахав. Харин түүний байр байдал нь энэ шүлгээ сая л бичсэн гэж бодсоор буй шинжтэй. 

Тэгээд нэг сайн хооллочихоод, хоёул нэг нэг зуу татчихаад, халаасандаа хэдэн бор юм хийж аваад, довжоон дээр нэг сайхан тамхилцгаачихаад салцгаалаа. 

Байшингийн булангаар далд ортол нь харж зогсов. Тамир муутай нөгөө муу дойдон хөл дээрээ энэ орчлонг бүхэлд нь дааж ядан үүрч яваа мэт өцөгнөж, бөгтийсөн байсан.

Тийм ээ, цас малгайлах орсоор байгааг цонхны цаадах малгайтай хүмүүс мэдээгүй бужигнасаар л байгаа. Дандаа л тийм байсан. Харин тэднийг нэг гэнэн бор хүү гайхан харсаар цонхны нөгөө талд үүрд үлдсэн.


Б.Номинчимэд