2-р сарын 7-ны орой Хятадын Хармөрөн мужийн Харбин хотод Азийн өвлийн 9-р наадам нээлтээ хийлээ. Олон улсын олон хэвлэл мэдээллийнхэн нээлтийн ёслолын үеэр үзүүлсэн баялаг соёл, технологийн элементүүдийг гайхширч, Хятадын соёлын сайхныг мэдэрч, Азийн хамтын хүч чадлыг мэдэрлээ гэж бичжээ.
Хятадын Олон Улсын Радио уг наадмын тухай: "Бээжингийн өвлийн олимпийн дараа Хятад Улс хоёр дахь удаагаа олон улсын хэмжээний мөс, цасны томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү наадамд Азийн 34 улс орон, бүс нутгийн 1270 гаруй тамирчин оролцож, тэмцээнд оролцох улс орон, бүс нутгийн тоо болон тамирчдынхаа тоогоор шинэ дээд амжилт тогтоожээ. Эдгээрээс Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам, Индонез, Тайланд зэрэг жилийн турш цас багатай, бүр огт цас ордоггүй улсууд ч наадамд оролцохоор төлөөлөгчдөө илгээжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Азийн өвлийн наадмын нээлтийн хүндэтгэлийн цайллага дээр хэлсэнчлэн, Бээжингийн өвлийн олимпоос Харбины Азийн өвлийн наадам хүртэлх хугацаанд Хятадын “мөс, цасан халуурал” улс орон даяар тархаж, дэлхийн мөс, цасны спортод эрч хүч нэмсээр байна.
Дэлхийн хамгийн том, хамгийн олон хүн амтай тивийн хувьд Ази тив нь сүүлийн 50 жилийн хугацаанд эдийн засгийн хурдацтай өсөлтийг туулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулсан бүс нутаг болжээ. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд зуун жилд нэг тохиох өөрчлөлт гарч, геополитикийн өрсөлдөөн ширүүсч, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл улам бүр ноцтой болж байна. Азийн ирээдүйн хөгжил нь эрч хүчтэй байвч мөн сорилттой тулгарч байна. Энэхүү нөхцөл байдалд, "Мөс цасны мөрөөдөл, нэгдсэн Ази" уриан дор болж буй Харбины Азийн өвлийн наадам нь практик чухал ач холбогдолтой бөгөөд Азийн ард түмний энх тайван, хөгжил, эв нэгдлийн төлөөх нийтлэг хүсэл, эрэл хайгуулыг агуулж байна.
Одоогийн байдлаар 240 цагийн турш дамжин өнгөрөх визгүй зорчих бодлого хэрэгжиж эхэлснээр "Мөс цасны орноо зочлох" нь гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татаж, дэлхийн аялал жуулчлалын зах зээлд шинэ боломж олгож байна. Энэ жилийн хаврын баяраар Харбин хот нийт 12 сая 150 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын хэрэглээ 19 тэрбум юаниас давжээ. 2030 он гэхэд Хятадын мөс, цасны эдийн засгийн нийт хэмжээ 1.5 их наяд юаньд хүрнэ гэж таамаглаж байна. Сингапурын "Стрейтс Таймс" болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын мөс, цасны эдийн засгийн хөгжил нь дэлхий дахинд илүү их боломжийг олгоно гэж бичиж байна.
Харбины Азийн өвлийн наадмаар Ази төдийгүй дэлхий нийтээр нээлттэй, найрсаг, орчин үеийн Хятад улсыг харлаа. Харбин бол Хятадын мөс, цасан спортын орчин үеийн өлгий нутаг бөгөөд мөс, цасны эдийн засаг нь өндөр чанартай хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч, гадаадтай нээлттэй байх шинэ холбоос болж байна. Их Британийн “Carbon Brief” цахим хуудсанд Азийн өвлийн наадамд анх удаа 100 хувь ногоон эрчим хүчээр хангагдаж, шинэ эрчим хүчний автомашинуудыг нэвтрүүлсэн тухай онцолжээ. “Ногоон Азийн өвлийн наадам” нь Харбины Азийн өвлийн наадмын гол онцлог, Хятадын орчин үеийн шинэчлэлийг гадаад ертөнцөд ажиглах цонх боллоо.
"Азийн орнууд бол гэрэлт цалхагууд юм, тэднийг хооронд нь холбосноор Азийн тэнгэр гэрэл гэгээгээр дүүрэх болно". Харбины Азийн өвлийн наадмыг зохион байгуулсан нь өвлийн спортын хөгжилд шинэ түлхэц өгч, Азийн 4.7 тэрбум иргэдийн эв нэгдлийг ахиулж, дэлхийн эдийн засгийг дулаацуулж, Азийн Олимпийн Зөвлөлийн “Үргэлж урагшлах” уриаг ажил хэрэг болгож байна. Энэ ч утгаараа Хятад улсаас олимпийн хөдөлгөөн, дэлхий дахинд барьж буй шинэ жилийн бас нэгэн бэлэг юм." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0