sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 3 /NHK/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн /ХНС/ ахлах зөвлөх асныг худалдааны нууц мэдээллийг Хятадын талд дамжуулсан хэргээр баривчилсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ. 


Тодруулбал, 2010-2021 онд ХНС-гийн олон улсын санхүүгийн хэлтэст ахлах зөвлөхөөр ажиллаж байсан 63 настай Жон Рожерсыг баривчилж, хэрэг үүсгэснийг тус байгууллага мэдэгдсэн байна. 


Рожерс өөрсдийгөө төгсөх ангийн оюутны дүрээр халхавчилж байсан Хятадын тагнуулын байгууллага болон аюулгүй байдлын албанд ажиллаж байсан хамсаатнууддаа ХНС-гийн нууц мэдээллийг дамжуулж байжээ. Рожерс 2018 оноос хойш нууц мэдээллүүдийг хувийн и-мэйл хаягаараа дамжуулсан эсвэл Хятад очихдоо хэвлэж авч явсан гэж Хууль зүйн яам мэдэгджээ. Нууц мэдээллүүдийн зарим нь нээлттэй зах зээлийн хорооны хэлэлцүүлэг болон удахгүй гарах шийдвэртэй холбоотой байсан байна. 


Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар "багшлах нэрийн дор Рожерс Хятадын зочид буудалд хамсаатнуудтайгаа уулзаж”, мэдээллийг дамжуулдаг байсан бөгөөд “2023 онд Хятадын их сургуульд орон тооны профессорын хувиар 450 мянга орчим ам.доллар авчээ". 


"Эдийн засгийн тагнуулын ажиллагааг таслан зогсоох, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүх арга хэрэгслийг үргэлжлүүлэн ашиглах болно" гэж Хууль зүйн яам мэдэгдэлдээ дурдсан байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг