sonin.mn

МЕХИКО, 2025 оны хоёрдугаар сарын 3 /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хийсэн уулзалт "элэгсэг дотно, бие биеэ харилцан хүндэтгэсэн уур амьсгалд болсон" гэж Панам улсын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдсэний сацуу Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилгад оролцох хугацааг сунгах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.  


Тэрбээр хэлэхдээ, Панамын засгийн газар уг санаачилгад нэгдэх тухай 2017 онд байгуулсан гэрээг сунгахгүй гэж онцлоод “бид энэ төслөөс гарахаар судалж байгаа, манай улсын засгийн газар гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн” гэлээ. 


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Төв Америкийн орнуудад айлчилж байгаа юм. Тэрбээр Панамд айлчилсныхаа дараа хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Сальвадор, Коста-Рика, Гватемал, Доминиканд айлчилж, албаны хүмүүс болон бизнесийн төлөөлөлтэй уулзана. Энэхүү айлчлал нь хууль бус цагаачлал, гэмт хэрэг, мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх, түүнчлэн Хятад улсыг сөрөн зогсохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх үеэрээ мэдэгдэхдээ, Панамын сувгийг “буцаан авахаар” төлөвлөж байна гэсэн юм. Өмнө нь тэрбээр тус сувгаар дамжин өнгөрөх тариф өндөр байгааг шүүмжилж, энэ сувгийг эргүүлэн авах шаардлагатай гэж удаа дараа мэдэгдэж байсан.


Түүнчлэн сувгийг удирдах эрхийг 1999 онд шилжүүлсэн нь бусад оронд буулт хийсэн гэсэн үг биш, харин "хамтын ажиллагааны дохио" байсан гэж мэдэгдэж байв. Үүний хариуд Панамын Ерөнхийлөгч Хосе Раул Мулино "сувгийг хянах эрх, тус улсын тусгаар тогтнолын асуудал нь хэлэлцээний сэдэв байх ёсгүй" гэдгийг онцлон тэмдэглэжээ. Д.Трамп сувгийн асуудлаар шахалт үзүүлэхээ зогсоохгүй бол Панамын тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандаж магадгүй гэж "Politico" сонинд нэгдүгээр сарын 10-нд мэдээлсэн байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг