Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар (2025.01.31 – 2025.02.01) Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон, Алтай суманд ажиллав. Улаанбаатар хотоос 1300 орчим км зайд амьдран суугаа иргэд УИХ-д сонгогдон, төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүд Монгол Улсын баруун хязгаарт ирж, тэдний санал бодлыг хүлээн авч, уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, баримталж буй бодлогын талаар танилцуулав.
Баруун бүсийн иргэд зах зээлдээ хүрэхийн тулд 1000 гаруй км зам туулж байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна. Тиймээс баруун бүсэд дэд бүтэц, авто зам, боомтын сэргэлтээр хөгжүүлэх зорилгын хүрээнд Говь-Алтай аймагт дулааны шугам сүлжээний 2 дугаар хэлхээ, сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв зэргийг байгуулж эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.
Цогт сумын Баянтоорой тосгонд Говийн Их дархан цаазат А хэсгийн хамгаалалтын захиргаа байрладаг учраас иргэдийн зүгээс Нарансэвстэйн боомт нээх эсэх асуудлаар асуулт асуулаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд ул суурьтай хандаж, бүх талын оролцоо, тооцоо судалгааг үндэслэж шийдвэр гаргана гэлээ. Өөрөөр хэлбэл УИХ-аас байгуулагдсан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч нарын санал хүсэлт, судалгаануудад тулгуурлан ажиллана гэв.
Түүнчлэн, Баянтоорой тосгоны зам давааг сайжруулсан хэлбэрт оруулах, хувийн хэвшлийн усалгааны системийг ашиглалтад оруулах зэрэг санал хүсэлтээ илэрхийллээ.
Говь-Алтай аймгийн Алтай сум бол Бургастай боомт, хилийн цэргийн анги байрлаж буй манай улсын баруун хязгаар нутаг юм. Тус сум төсвийн орлогынхоо 70 гаруй хувийг өөрсдөө бүрдүүлэн амьдарч байна. Аймгийн төвөөсөө 365 км-ын алс хол амьдарч буй иргэд хатуу хучилттай авто замаар холбох асуудлыг хөндлөө.
Алтай-Бургастай боомт хүртлэх 278 км авто замын зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтыг ирэх онд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ УИХ-ын дарга тодотгов. Алтай-Бургастай чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сум аймгийн төвтэйгээ авто замаар холбогдож, сум орон нутгийн хөгжил нэмэгдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, Алтай сум нь нарны цахилгаан станцаар эрчим хүчнийхээ асуудлыг шийдсэн бөгөөд нэмэлт, найдвартай эрчим хүчний эх үүсвэрийг шийдэхээр болсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл1
Nutagtaa hayalagatai Tom darga Saihan yum aa sum hootondiin hatuu huchilttai gants cvs zamgui boomtuud ni hatuu huchilttai zamaar holbogdoogui zuuh busiin gurvan aimag shoovdor heveer Dahin 4 jil yavah uu? Burgaltaigaas turuuleed Havirgiig holboosoi egeech darga aa