БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 31 /AFP/. Еврог гүйлгээнд ашигладаг 20 улсын төв банк болох Европын Төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 2.75 хувь болголоо.
Шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаар Төв банк бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа дараалан бууруулсан бөгөөд Франкфурт хотод төвтэй тус банк өнгөрсөн зургаадугаар сараас хүүгээ бууруулснаас хойших тав дахь шийдвэр юм.
Бодлогын хүүг бууруулснаар зээл олголт нэмэгдэх тул тус банк олон асуудлыг нэгэн зэрэг зохицуулах алхмыг хийж байна. Энэ нь өсөлтийг дэмжих боловч инфляцыг хөөрөгдөх магадлалтай. Хэдийгээр инфляц 2022 оны 10 дугаар сард дээд цэгтээ буюу 10.6 хувьд хүрч байсантай харьцуулахад буурсан боловч эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж 2 хувийн зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байгаа бөгөөд 12 дугаар сард 2.4 хувьд хүрч өсжээ.
Евро бүсийн эдийн засаг зогсонги байдалд ороод байгаа нь Германы эдийн засаг хоёр дахь жилдээ дараалан агшсантай холбоотой. Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгдэхдээ, эдийн засаг 2024 оны сүүлчээр зогсонги байдалд орсон хэдий ч сэргээхийн тулд хүчин чармайлт гаргана гэлээ.
Ойрын хугацаанд өсөлт сул хэвээр байх төлөвтэй байна гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Европын Төв банкны шийдвэр нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээснээс эрс ялгаатай байна. Эдийн засгийн өсөлт Европынхоос байгаа тул Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаас үл хамааран хүүг дахин бууруулах гэж яарахгүй байгаагаа Америкийн мөнгөний бодлого боловсруулагчид мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0