Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.01.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн монголын ард түмний эрхэм хүмүүн Пунсалмаагийн Очирбат нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улс, монголын ард түмэнд хүнд гарз тохиосныг онцлон тэмдэглэв. Иймд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбатын гэгээн дурсгалыг хүндэтгэж Улсын Их Хурлын гишүүд суудлаасаа босож зогсон, нэг минут эмгэнэл илэрхийлэв.
Дараа нь Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дээрх хууль тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Иймд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.1 хувь нь дэмжив. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдаан Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Иймд эл хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.1 хувь нь дэмжлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хууль батлагдсантай холбогдуулан газрын тос боловсруулах үйлдвэр, бүтээн байгуулалттай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн саналд Засгийн газар хариуцлагатай хандаж, ойлголтоо нэгтгэх зорилгоор Байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдийг бодит нөхцөл байдалтай танилцуулах ажлыг зохион байгуулах чиглэл өгөв.
Дараа нь
Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хийв. Тус Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 2, мөн зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 4, нийт 6 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг үндэслэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, ““Хот байгуулах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсныг С.Зулпхар гишүүн танилцуулгадаа онцолсон. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Д.Пүрэвдаваа, Л.Энхнасан, С.Бямбацогт, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлээд хотын хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батлах боломжтой эсэхийг тодруулав.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, “Хууль эрх зүйн хүрээнд улсын нийслэл тэр дундаа хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурал баталдаг жишигтэй. Энэ хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахаар оруулж ирээд байна. Түүхэн нийслэлийг сэргээн байгуулах, цаашдаа бодлогын зөв шийдэл гаргахын тул Улсын Их Хурал нь хотын үзэл баримтлал, төлөвлөгөөгөө баталдаг байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариуллаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Шинэ хот байгуулах хүрээнд хөрөнгө оруулалт татах нь чухал. Гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт татах гол зүйл нь газар байтал үүнийг эзэмшүүлэхгүй гэснийг эргэн харах боломжтой эсэх, хотын хөгжлийн эдийн засгийн үндэс, үзэл баримтлалын талаар лавлав.
Хархорум хот Монгол Улсын түүхэн нийслэл байсан, цаашид ч хот байгуулсны хойно эрэмбэ дараатайгаар нийслэл хотын статустай болгох боломжтой. Энэ утгаар асуудалд хариуцлагатай хандаж, газар төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой асуудлыг зөв хийх ёстой гэж ажлын хэсэг үзсэн. Иймд хотын газар төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлыг Улсын Их Хурлаар танилцуулж, хуульчлагдан батлагддаг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа тодотгов. Мөн тэрбээр хотын эдийн засгийн үндэс суурь, үзэл баримтлалын хувьд түүхэн өв соёл, үнэт зүйлээ сэргээх, хадгалах асуудалд тулгуурлан олон төрөлт аялал жуулчлалыг дэмжинэ. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бие даан хөгжих ёстой гэж үзсэн хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.
Үргэлжлүүлэн хууль тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан “Улсын Их Хурал хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болон түүнд нийцүүлэн боловсруулсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус батална” гэсэн саналын талаар гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Улсын Их Хурал нь хотын хөгжлийн үзэл баримтлал болон ерөнхий төлөвлөгөөг баталдаг болбол цаашдаа бүх хотын ерөнхий төлөвлөгөөг батлах хүндрэл үүснэ. Иймд Засгийн газар гүйцэтгэх засаглалынхаа хувьд асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Ж.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд нарын гишүүд эсрэг саналтай байсан бөгөөд гишүүд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт эвдэрсэн шалтгаан нь хэн нэгэн Засаг дарга, эсвэл архетикторууд дор бүрдээ шийдвэр гаргаж ирсэнтэй холбоотой тул үүнийг зогсоож, хууль гаргаж Улсын Их Хурлаар батлах арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул саналыг дэмжиж байна гэлээ. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4 дэх хэсгийг “Улсын Их Хурал хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болон түүнд нийцүүлэн боловсруулсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус батална.”, “3асгийн газар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн төслийн жагсаалтыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн батална”, “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн бүтээн байгуулалтын үе шат бүрээр, барилгажилтын төслийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах бөгөөд хотын Зөвлөл тус тус батална.”, “Төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална." гэсэн 7.2, 7.3, 7.4, 7.5 дахь хэсэг болгон өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Түүнчлэн төслийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 17.1-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна” гэж өөрчлөн найруулж, 17.2 дахь хэсэг болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин бусад зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2, 3 дахь заалтыг хасаж, 1 дэх заалтад “Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуультай нийцүүлэхээр Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн дэд заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь нь дэмжлээ. Иймд хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Хуралдаан Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Энэ талаарх Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан “"Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот баигуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухаи”, ““Хот байгтуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгиин газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гэв.
Мөн Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиин 42 дугаар зүйлийг баримтлан ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, ““Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжсэн. Ингээд дээрх тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэсний дагуу 10 хууль, тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулсан.
Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмээний тухай”, ““Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай”, ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай”,““Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол тус бүрээр эцэслэн батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл0