ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 23 /VOA/. АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс Пентагон ойрын өдрүүдэд 1500 хүртэлх тооны цэргийг байрлуулна гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр цагаачлалын бодлогыг чангатгах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигт тусгасан төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Роберт Саллессес цэрэг байрлуулах тухай захирамжид лхагва гарагт гарын үсэг зурах ёстой байжээ. Гэвч ямар анги нэгтгэлүүдийг хил рүү илгээх нь тодорхойгүй байснаас гадна цэргийн тоо өөрчлөгдөж магадгүй байгаа аж.
Цэргүүд мөн хууль сахиулах үүргийг гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр цэрэг хилийн бүсэд байрлаж буй 2500 орчим цэрэгт нэмэлт хүч болох ажээ. АНУ-ын өмнөд хилийн бүсэд одоогоор Пентагоны цэргүүдийг байрлуулаагүй байгаа юм. Пентагоны цэргүүд тээвэр ложистикийн үйл ажиллагаанд туслах, хаалт барих зэргээр хилчдэд дэмжлэг үзүүлнэ. Тэд өмнө нь Д.Трамп болон Ерөнхийлөгч асан Жо Байден нар Америкийн цэргүүдийг хил рүү илгээж байх үед үүнтэй ижил үүргийг гүйцэтгэж байв.
Цэргийн алба хаагчид хилийн бүсэд хууль сахиулахыг хуулиар хориглодог боловч энэ заалт өөрчлөгдөж магадгүй байна. Д.Трамп Батлан хамгаалахын шинэ сайд болон Дотоодын аюулгүй байдлын сайдад 1807 оны бослогын тухай хууль гэгддэг хуулийг хэрэгжүүлэх эсэхийг 90 хоногийн дотор тайлагнахыг үүрэг болгожээ.
Ингэснээр эдгээр цэргийг хууль сахиулах чиг үүргийг гүйцэтгэхэд ашиглах боломжтой болно. Цэргүүдийг Д.Трамп үүрэгт ажилдаа орсон эхний долоо хоногт хилийн бүс рүү илгээх төлөвтэй байна. Даваа гарагт гаргасан эхний зарлигуудынхаа нэгд Д.Трамп "хил хаах" төлөвлөгөө боловсруулж, хууль бус цагаачдын урсгалтай тэмцэхийг Батлан хамгаалахын сайдад даалгажээ.
Мягмар гарагт Д.Трамп Эргийн хамгаалалтын командлагч, адмирал Линда Фаганыг албан тушаалаас нь чөлөөлснийхөө дараа Мексикийн буланд эргүүл хийж буй хөлөг онгоц, нисэх онгоц, бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлснийг мэдэгдсэн юм. Тэрбээр мөн уг булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилжээ.
Д.Трамп даваа гарагт тангараг өргөх үеэрээ үг хэлэхдээ “Америкийн өмнөд хилийн бүсэд онц байдал зарлаж байгааг" мэдэгдээд, хууль бусаар хил нэвтэрч буй цагаачдын урсгалыг нэн даруй зогсоож, гэмт хэрэг үйлдсэн олон сая цагаачдыг ирсэн газарт нь буцаах ажиллагааг эхлүүлнэ" гэсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0