ПАРИС, 2025 оны нэгдүгээр сарын 23 /AFP/. Өнгөрсөн онд Европын Холбооны /ЕХ/ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нарны эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нүүрснийхээс давж, сэргээгдэх эрчим хүч нийт үйлдвэрлэлийн тэн хагас орчмыг бүрдүүлснийг пүрэв гарагт танилцуулсан нэгэн тайланд дурджээ.
Үүний зэрэгцээ хийн үйлдвэрлэл тав дахь жилдээ дараалан буурч, олборлодог түлшний үйлдвэрлэл түүхэн доод түвшинд хүрснийг уур амьсгалын судалгааны “Ember” төвөөс гаргасан “Европын цахилгаан эрчим хүчний тойм-2025” тайланд дурджээ. Европын ногоон гэрээ нь ЕХ-ны эрчим хүчний салбарт гүн гүнзгий, хурдацтай өөрчлөлтийг авчирч байгааг тус төв онцолсон байна.
“Нарны эрчим хүч 2024 онд ЕХ-ны хүрээнд хамгийн хурдацтай тэлж буй эрчим хүчний эх үүсвэрийн байр сууриа хадгалж, түүхэндээ анх удаа нүүрснээс гарган авдаг эрчим хүчнээс давсан. Харин салхины эрчим хүч нь ЕХ-ны хоёр дахь том эрчим хүчний эх үүсвэр хэвээр үлдэж, хийн эрчим хүчний өмнө, цөмийн эрчим хүчний дараа бичигджээ. Нийтээр нь авч үзвэл, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр 2019 онд 34 хувь байсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өнгөрсөн онд 47 хувьд хүрсэн байна. Харин олборлодог түлш 39-өөс 29 хувь болж буурчээ.
“Салхи, нарны эрчим хүчний өсөлт нь олборлодог түлшний үйлдвэрлэл буурах гол хүчин зүйл болж байна. Хэрвээ 2019 оноос хойш салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдээгүй байсан бол ЕХ 59 тэрбум еврогоор 92 тэрбум шоо метр хий, 55 сая тонн нүүрс импортлох байсан” гэж тайланд дурджээ.
“Ember” төвийн мэдээлснээр, энэхүү чиг хандлага Европ даяар ажиглагдаж, холбооны гишүүн бүх улсад нарны эрчим чүчний үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн гишүүн орнуудын тэн хагасаас илүү хувьд нь нүүрсийг халж, эсвэл эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээг нь бууруулсан байна. “Олборлодог түлш ЕХ-ны эрчим хүчний салбарт" "ноёрхлоо” алдаж байна. Европын ногоон гэрээний эхлэл 2019 онд тавигдаж байх үед ЕХ-ны эрчим хүчний шилжилт өнөөдрийнх шиг буюу салхи, нарны эрчим хүч нүүрснийхийг давж, хийн үйлдвэрлэл буурна гэдгийг маш цөөн хүн таамаглаж байсан” гэж тайланг бичсэн багийг ахалсан Крис Росслоу ярилаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0