Мельбурн хотноо болж буй Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтод Италийн теннисчин Янник Синнер Австралийн Алекс де Минаурыг хожсоноор хагас шигшээд шалгарлаа.
Australia Open-ы өмнөх оны аварга бөгөөд одоо дэлхийн чансааг тэргүүлж буй Я.Синнер чансааны номер 8 болох де Минаурыг 6:3, 6:2, 6:1 гэсэн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд Америкийн теннисчин Бен Шелтонтой /21/ тоглохоор болжээ.
Хагас шигшээгийн нөгөө тоглолтод Германы Александр Зверев /2/, Сербийн Новак Жокович /7/ нар учраа таарсан бөгөөд хоёр тоглолт маргааш болно. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга 26-нд тодрох юм.
Өдгөө 23 настай Я.Синнер өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш Мэргэжлийн теннисчдийн холбооны чансааг тэргүүлж байна. Тэрбээр тус холбооны ивээл дор болсон 18 тэмцээнд аваргалсан ба 2023 ба 2024 онуудад Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэвисийн цомыг хүртсэн юм.
Түүнтэй өрсөлдсөн Алекс де Минаур 25 настай бөгөөд дэлхийн чансааны 8 дугаарт бичигдэж байна. Тэрбээр Их дуулгын тэмцээнүүдийн шөвгийн наймд 5 удаа шалгарч байжээ. 59,7 сая ам.долларын шагналын сантай Австралийн Нээлттэй тэмцээн энэ улирлын эхний тэмцээн бөгөөд хатуу хучилттай талбайд явагдаж байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0