КАИР, 2025 оны нэгдүгээр сарын 14 /RIA Novosti/. Археологочид Египетийн өмнөд нутагт орших Луксор мужийн Дейр-эль-Бахри археологийн олдворт газарт малтлага хийх явцдаа Хатшепсутын сүмийн суурийн хэсэг болон Дундад хаант улсын үеийн бунхнуудыг олсон тухай Египет судлаач Захи Хавас мэдэгджээ.
"Археологичид хөндийн ойролцоо байрлах Хатшепсут сүмийн суурийн нэг хэсгийг олсон бөгөөд энэ нь шарил хадгалах сүм рүү орох гол хаалга байсан" гэж Хавасс хэлжээ. Энэ газарт хийж буй малтлага 2022 оны есдүгээр сараас хойш үргэлжилж байгаа юм.
Малтлагын явцад илрүүлсэн бунхнуудаас шавраар хийсэн тахилын ширээ зэрэг эд зүйлс олдсон байна. Эртний Египетийг захирч байсан фараонуудын XVII угсаа залгамжлагчдын үеийн оршуулах ёслолын хадны зураг, нум сум, Жехути-Месийн (Хатан Тетишеригийн ордны сахиул) булш, Эль-Ассасифын оршуулгын газрын хэсгийг археологичид мөн олж илрүүлсэн байна.
Түүнчлэн I Птолемейн (367 - 283) үед хамаарах Александр Македоны дүрс бүхий хүрэл зоос олджээ.
Хатшепсут бол эртний Египетийн түүхэн дэх цөөхөн эмэгтэй фараонуудын нэг байв. МЭӨ XV зуунд Хаадын хөндий эхэлдэг Дейр эль-Бахри хадархаг хэсэгт шарил хадгалах сүмийг байгуулжээ. Уг сүм нь Хатшепсутын үед баригдсан байна. Түүнийг нас барсны дараа II Тутмосын татвар эм Исисээс төрсөн хүү III Тутмос зарим баримлыг устгахыг тушаажээ. Малтлагын явцад мөн Дундад хаант улсын (МЭӨ 2050-1710) үеийн олон тооны бичээс, хадны булш олдсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0