sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 24 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийх айлчлалынхаа хүрээнд ирэх долоо хоногт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзана гэж Цагаан ордон пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр худалдааны маргаан хурцдаад буй үед эргэлзээ дагуулаад байсан уулзалт болно гэдгийг баталлаа. 


Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левиттийн сэтгүүлчдэд мэдээлснээр, Д.Трамп баасан гаргийн орой Малайзыг зорих бөгөөд мөн Япон, Өмнөд Солонгост айлчилна.


Өмнөд Солонгост тэрбээр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад үг хэлснийхээ дараа ирэх пүрэв гарагт Ши Жиньпинтэй уулзах ажээ. “Орон нутгийн цагаар пүрэв гаргийн өглөө Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийснийхээ дараа АНУ-ыг зорино” гэж К.Левитт хэлсэн байна.


Тодруулбал, Д.Трамп Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай ням гарагт уулзаж, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны удирдагчидтай оройн зоог барина. Үүний дараа Японы шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэтэй мягмар гарагт уулзахаар даваа гарагт Токиог зорих ажээ. 


Харин лхагва гарагт Д.Трамп Өмнөд Солонгосыг зорьж, Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзана. Тэрбээр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлснийхээ дараа АНУ-АПЕК-ийн удирдагчдын оройн зоогт оролцоно. Энэ дугаар сарын эхээр Хятадын эрх баричгид ховор металлын экспортын хяналтаа чангатгасны дараа АНУ-Хятадын хооронд олон сарын турш үргэлжилж буй худалдааны маргаан хурцдаад байгаа юм. Д.Трамп татвар тариф болон бусад арга хэмжээг ашиглан хариу арга хэмжээ авна гэж даруй сүрдүүлсэн боловч Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулах тал дээр өөдрөг байр суурьтай байгаагаа сүүлийн өдрүүдэд илэрхийлээд байна.


“Бид маш сайн үр дүнд хүрнэ гэж би бодож байна, хүн бүр маш их баяртай байх болно” гэж Д.Трамп ирэх пүрэв гарагт болох уулзалтын тухайд хэлсэн байна. Тэрбээр Хятадын удирдагчаас асуух эхний асуулт нь фентанилын талаар байх болно гэж хэлжээ.


АНУ-д хэтрүүлэн хэрэглэсний улмаас бүртгэгдэж буй нас баралтын гол шалтгаан болсон фентанилтай холбоотой химийн бодисын урсгалыг хязгаарлаж чадаагүй гэж Вашингтоны зүгээс Бээжинг буруутгаж байна. Харин Хятадын тал Бээжинг “шантаажлах” зорилгоор фентанилыг ашиглаж байна гэж Вашингтоныг буруутгаж байгаа ажээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг