sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /DW/. "Meta" компани олон нийтийн сүлжээнд контентуудын хяналт зохицуулалтад томоохон хэмжээний өөрчлөлт хийж буйг Марк Цукерберг мэдэгдлээ. Тус компани үг хэлэх эрх чөлөөг өргөжүүлэхийн тулд баримт шалгагчийн үйлчилгээг халж, "хэрэглэгчдийн тайлбар" системийг нэвтрүүлж байна.


“Meta Platforms” компанийн гүйцэтгэх захирал цензүүр тавьж байсандаа уучлал хүсэж, Д.Трампын засаг захиргааны дэмжлэгтэйгээр компанийн олон нийтийн сүлжээнүүдэд үг хэлэх эрх чөлөөг өргөжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн дүрс бичлэгийг Facebook-т нийтэлсэн байна. 


“Facebook”, “Instagram”-д тавих “Meta”-гийн цензүүр хэрээс хэтэрсэн тул компани баримт шалгагчийн үйлчилгээг халж байна. Цагаачлал, хүйс, хүйсийн чиг баримжаа зэрэг чухал, эмзэг сэдвүүдийг хэлэлцэхэд тавьсан хязгаарлалтыг цуцална. “Facebook”, “Instagram”-д үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цаг нь болсон гэж М.Цукерберг хэлжээ. Тэрбээр онцлон хэлэхдээ "Өмнө нь контентуудыг хянаж зохицуулахад ашиглаж байсан баримт мэдээллийг шалгагчууд нь улс төрийн хэт өрөөсгөл хандлагатай болж, улмаар хэт олон гэмгүй постыг цензүүрдэхэд хүргэсэн, одооноос эхлэн тус компани хараат бус баримт мэдээллийг шалгагчуудыг ашиглахаас татгалзаж, тэдгээрийг "хэрэглэгчдийн тайлбар" системээр солих гэж байна" гэлээ. 


Түүний хэлснээр, "Meta" нь "анхны хэлбэр"-тээ эргэн орж, хяналт зохицуулалтын системийн алдааг багасгах, энэ талаарх бодлогыг зөөлрүүлэх, үг хэлэх эрх чөлөөг сэргээхэд анхаарлаа хандуулах ажээ.


Шинэ систем нь маргаантай нийтлэлүүдэд тайлбар нэмэх оруулах боломжийг хэрэглэгчдэд олгох бөгөөд ингэхдээ нийтлэгч хаана алдаа гаргасан байх магадлалтайгаа тайлбарласан бичвэрийг нийтлэлдээ оруулж болно гэж тэрбээр тайлбарласан байна. "Хэрэглэгчдийн тайлбар" систем нь олон нийтийн X (хуучин Twitter) сүлжээнд одоо байгаа системтэй төстэй бөгөөд “Facebook”, “Instagram”, “Threads” дээр хэрэгжинэ. Гэхдээ одоогоор зөвхөн Америкийн хэрэглэгчид л ашиглах боломжтой. Үүнээс гадна “Meta” контентийн бодлогоо зөөлрүүлэхээр шийдвэрлэжээ. Ялангуяа АНУ зэрэг улсад тулгамдсан сэдэв болоод байгаа цагаачлал, жендэрийн асуудлаарх бодлогоо зөөлрүүлнэ гэж М.Цукерберг хэлэв. Ноцтой зөрчлүүдтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд контентуудыг хянаж, зохицуулах аргуудыг өөрчилнө. Одоо зөвхөн мансууруулах бодис, терроризм, хүүхдийн мөлжлөг зэрэг маш ноцтой зөрчлүүдийг хянах ажээ. 


Бага зэргийн зөрчлийн хувьд, нийгмийн сүлжээнүүд арга хэмжээ авахаасаа өмнө хэрэглэгчдийн мэдээлэлд тулгуурлана гэж тэрбээр хэлсэн байна. Үүнээс гадна, аюулгүй байдал, контентуудын хяналт зохицуулалтыг хариуцсан багийг Калифорниас Техас руу нүүлгэн шилжүүлэх ажээ. 


М.Цукерберг мөн “Америкийн компаниудыг шахан хавчиж, цензүүрийг өргөтгөхийг эрмэлздэг” дэлхийн засгийн газруудын эсрэг тэмцэхийн тулд АНУ-ын засгийн газартай хамтран ажиллана гэж мэдэгджээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг