sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /DW/. НАТО-гийн орнууд батлан хамгаалахын жил тутмын зардлаа Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 хувьд хүргэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп даваа гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгджээ. 


Тэрбээр мөн Европын орнууд Украинд илүү их дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байна. Украинд үзүүлж буй дэмжлэгийн талаар түүнээс асуухад "Европ илүү ихийг хийх ёстой" гэж хариулжээ.


“Ерөнхийлөгч Владимир Зеленскийд энэ талаар илэн далангүй хэлсэн, Европ тивийнхэн энэ дайнд зориулж буй мөнгөний өчүүхэн хэсгийг л бүрдүүлж байгаа явдал юм. Хүссэн ч эс хүссэн ч үүнд Европ /АНУ-тай харьцуулахад/ илүү их хамаатай. Бид тэднээс далайгаар тусгаарлагдсан. Яагаад бид украинчуудын төлөө Европтой харьцуулахад тэрбум тэрбум долларыг илүү төлж байгаа юм бэ?" гэж Д.Трамп хэлжээ. 


"Украин НАТО-гийн бүрэлдэхүүнд байх ёсгүй гэж Путин хэлсэн. Харин Байден хэлэхдээ, Украин НАТО-д элсэх ёстой гэсэн, би тэдний юу мэдэрснийг ойлгож байна. Эдгээртэй холбоотой хэлэлцээнд маш их алдаа гаргасан, тэд тохиролцсон ч гэсэн Байден сүйрүүлсэн.


Энэ дайн өргөжин тэлж байна, байдал одоогийнхоос ч дордох болно" хэмээн Д.Трамп үргэлжлүүлэн хэлэв. Тэрбээр цааш нь ярихдаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийнхээ хугацаанд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 2 хувьд хүргэж өсгөхийг Европын орнуудаас шаардаж байсан гэдгээ дурджээ. Мөн Умард Атлантын эвслийн шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте 2024 оны 11 дүгээр сард болсон уулзалтын үеэр "Хэрэв та байгаагүй бол НАТО байхгүй байх байсан гэж хэлж байсан, НАТО-гийн талаар надаас илүү мэддэг хүн байхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.


"Хэрэв та нар мөнгө гаргахгүй бол бид та нарыг хамгаалахгүй" гэж би тухайн үед хэлж байсан. Намайг ингэж хэлмэгц мөнгө зарцуулж эхэлсэн, гэхдээ үүнийг надаас өөр хэн ч хэлээгүй. Үнэнийг хэлэхэд НАТО-г би аварсан" гэж Д.Трамп ярилаа. 


Тэрбээр цааш нь ярихдаа "намайг шаардахаас өмнө НАТО-гийн гишүүн 28 улсаас 21 нь шаардлагатай хөрөнгийг гаргадаггүй байсан, гэсэн хэдий ч би 680 гаруй тэрбум долларыг цуглуулж чадсан. Тухайн үед энэ мөнгө ДНБ-ий 2 хувь байсан, харин одоо 5 хувь болгох ёстой” гэжээ.  




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг