Сингапур улс нь авто замын түгжрэлийг бууруулах чиглэлийн арга хэмжээг хамгийн амжилттай авч хэрэгжүүлсэн улсуудын нэг бөгөөд дэлхийд анх удаа авто замын электрон төлбөрийн систем нэвтрүүлсэн улс юм. Сингапур улс нь 707.1 км.кв газар нутагтай, 5,45 сая хүн амтай арлын хот улс. Хүн амын нягтаршил нь км.кв тутамд 7,485 хүн байгаа нь дэлхийд 3 дугаарт орох үзүүлэлт. 2021 оны байдлаар нийт бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо 839,000 байсан юм.
1960, 1970 оны үед Сингапурын эдийн засаг хурдацтай хөгжиж, үүнийг дагаад иргэдийн зорчилт хөдөлгөөн эрс нэмэгдэж эхэлсэн. 1980 онд өдөрт 2,7 сая хүн зорчиж байсан бол 2000 онд 7,7 сая болж нэмэгджээ.
Бизнесийн төв хэсэгт ажил эрхлэлт, жижиглэнгийн худалдаа, оффисын талбай зэрэг бизнесүүдийн өсөлт хурдсаж, үнийг дагаад авто замын түгжрэл ихсэж, улмаар 1970-аад оны эхээр хотын захиргаанаас автомашины эрэлтийн менежментийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, 1975-1998 оны хооронд Сингапурын төв хэсгийн 5.18 км.кв талбайд өглөөний 7.30 – 9.30 цагийн хооронд нэвтрэх нийтийн тээврээс бусад тээврийн хэрэгсэл бүрээс төлбөр хураах системийг ашилаж байв. Энэ хугацаанд тээврийн хэрэгслүүд 28 цэгээр нэвтрэх бүртээ урьдчилан төлсөн зөвшөөрлийг үзүүлж нэвтэрч байжээ. Дээрх 13 жилийн хугацаанд уг зохицуулалтанд хэд хэдэн өөрчлөлт оруулсан бөгөөд авто замын ачааллыг жигд хуваарилах зорилгоор нэвтрэх цагийг сунгаж, 1994 онд нэвтрэх цагийг бүтэн өдөр болгон өөрчилж, лицензийн өдөр тутмын үнэ болон хотын төвийн төлбөртэй бүсийн хэмжээнд өөрчлөлт оруулж байв.
Төлбөрийн хэмжээ 1975 онд нэг удаа нэвтрэхэд 1,30 ам.доллар байсан бол 1988 онд 2.50 ам.доллар болон нэмэгдэж байжээ. 1994 онд төвийн бизнесийн бүсээс гадуурх гурван авто замд салхины шилэнд байрлуулсан лицензэд суурилсан төлбөрийн системийг нэвтрүүлж байв.
Уг зохицуулалтын хажуугаар “park and ride” буюу автомашинаа бүсийн гадна үлдээгээд нийтийн тээврээр зорчиход зориулсан авто зогсоолууд болон автобусны шинэ чиглэлийг бий болгосон байна. 1998 онд уг зохицуулалтын хүрээнд нийт хот даяар 50 байршилд байрлуулсан цэгүүдээр тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийж, төлбөр хурааж эхэлжээ. Электрон төлбөрийн систем зохицуулалтын хүрээнд цагийн хязгаарыг өглөөний 07.00-19.00 цаг хүртэл байхаар тогтоож, төлбөрийг байршил, өдрийн цаг, тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч өөр өөр байхаар зохицуулсан.
Төлбөртэй бүс дэх хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах, гол замууд, артерийн замуудын хурдны доод түвшинг зохистой хэмжээнд (шулуун зам 45-65 км/цаг, бусад замууд 20-30 км/цаг) байлгах зорилгоор улирал бүр цаг, байршил, тээврийн хэрэгслийн төрлүүдэд өөрчлөлт, зохицуулалт хийж байжээ.
Тээврийн хэрэгслүүд өөр дээрээ цэнэглэдэг ухаалаг карт бүхий хүлээн авагчтай байх ба төлбөр нь урьдчилан төлөгдсөн байх шаардлага тавьдаг байна. Төлбөртэй хэсэгт нэвтрэх цэгүүдээр нэвтрэх үед хүлээн авагч нь дуут дохио өгч жолоочын данснаас төлбөр хасагдсаныг мэдэгдэх ба ухаалаг картыг гэрээт банк болон бэлэн мөнгөний АТМ машинаар цэнэглэх боломжтой аж.
Үнийн хувьд хотын төвийн төлбөртэй хэсэгт ажлын өдрүүдэд 07.00 - 19.00 цагийн хооронд нэг цэгээр нэг удаа нэвтрэхэд 2.00 ам.доллар хүртэл, шулуун замуудад ажлын өдрүүдэд 07.30-09.30 цагийн хооронд нэвтрэхэд 4.00 ам.доллар хүртэл, зарим артерийн замуудад 0.80 ам.доллар хүртэл төлбөртэй байсан байна.
2020 оны байдлаар Сингапур улс нь дэлхийд хамгийн сүүлийн үеийн технологиор бүрэн тоноглогдсон ЭТС –ийг хэрэгжүүлж байгаа ба нийт 93 цэгээр шулуун зам, артерийн зам, хотын төвийн төлбөртэй хэсэгт нэвтрэх тээвийн хэрэгсэлд автоматаар төлбөр хураан, авто замын хөдөлгөөний зохистой түвшинд барьж байна. Мөн 1998 онд электрон төлбөрийн систем ийг нэвтрүүлэхэд нийт 110 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд 2000 оны эхэн үед жилд 100 сая ам.долларын орлогыг төсөвт төвлөрүүлж байжээ.
Сэтгэгдэл5
Манай сумын талын талд нь ч хүрэхгүй нутагтай Сингапур тэгэлгүй яадаг юм ! Бараг зүгээр алхахад хүртэл төлбөр авч байгаа биз !
Сингапурт хамгийн бага цалин нь 3000 доллар, гэсэн шүү, монголд бол хамгийн бага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сая нэг юм нэмж 795000=225$ боллоо? Ийм ичмээр цалин орлоготой хүмүүсийг Сингапуртай л жишээд байх юм! Шал ичмээр?
Газар доороо ямар ч баялаггүй жижиг газар нутагтай олон сая хүн амтай япон өмнөд солонгос сингапур орнууд баян хөгжилтэй орнууд болж чадсан байна. Монголчууд ичиж амьдар.
Морь, мал, халзан бүргэд 3 байхад болно доо. Хилээ хаа
ер нь ямар улс орон хөгжье гэвэл татвар, торгууль буюу иргэдээ санхүүгийн хөшүүргээр удирддаг. Африк, Монгол Улс хоёр л татвар, торгууль төлдөггүй, адуу мал шиг бэлчиж, овоорч, шамбааралдаж хэрэлдэж уралцаж стресстдэг. Америк, Солонгос, Япон гээд бүх орон ийм л бдаг.