sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүд Орост тун ээлгүй байна. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Хойд Солонгосын дайчдыг оруулаад бүр мянгаар нь алуулж байна. ОХУ-ын нийслэлд нь, бүр төвд нь генералуудыг нь алж дэлбэлдэг болж байна. Цаашаа цуврал аллага болчих вий гэсэн айдас оросын бүх генералд эмзэг тусч байна. Оросын төр генералуудаа хамгаалж чадах уу? Энэ тухай бус фронт дахь цэргийн тактикийн талаар цэргийн шинжээчдийн  мэдээллээс хөрвүүлж буулгая.

 

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай А.Бербок Бээжинд айлчлахдаа БНХАУ-ыг Оростой тогтоосон холбооны харилцаагаа зогсоохыг шаардсан. Тэгэхдээ ийм шалтгааныг нэрлэсэн.


Юу гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч нь Украины эсрэг дайнаараа манай Европын энх тайвны дэг журмыг эвдэж байна, одоо бүр Хойд Солонгосоор дамжуулан Азийг энэ дайндаа татан оруулж байна гэжээ. АНУ-ын ТНБД Э.Блинкен дөнгөж өчигдөр ингэж мэдэгдэв. БНАСАУ, Хятад хоёр бол үргэлжлэн буй Оросын түрэмгийллийн үндсэн хөдөлгөгч хүчин бөгөөд ертөнцийн нөгөө үзүүр болох Энэтхэг-Номхон далайн бүс нутагт юу болж байгаа, тэдэнд ямар ач холбогдолтой вэ гэдгийг европчууд ойлгож эхлэх шиг боллоо. Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн түнш орнууд ч Европт юу болж буй, тэр нь тэдэнд ямар ач холбогдолтойг ойлгож эхэллээ. Атлант ба Номхон далайн бүс нутгийн хооронд урьд өмнө бүтээж чадаагүй тийм гүүр босгосон нь АНУ-ын нэг гол ололт мөн гэжээ. 


Манай найрсаг харилцаат БНАСАУ олон улсын анхаарлын төвд муу нэрээрээ алдаршиж байгаа нь энэ хоёр мэдэгдлээс илт байна. Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байлдаж байгаа нь хэд хэдэн эх сурвалжаар батлагдав. Гол нь олзлогдох үед шууд амиа хорлож байна, орос цэргүүд үхсэн хойдуулын нүүрийг танихын аргагүй болтол шатааж эрэмдэглэж хаяж байна гэх мэдээ Курскээс цацагдсан.


Ким Чен Ун Путинд туслан Курск руу илгээсэн Хойд Солонгосын цэргийн нэгтгэлийн төлөө 315 сая ам.доллар хувьдаа авсан тухай The New York Times мэдээлжээ.


Хойд Солонгосоос Орост нийлүүлсэн зэвсгийн үнэ 1.72-5.5 тэрбум ам.доллар гэсэн тооцоо өөр нэг мэдээлэлд байна. Хойд Солонгос цэргээ Орост туслалцуулахаар дайнд илгээсний төлбөр тооцоог бэлнээр гэхээсээ ихэнхи нь газрын тос, хүнсний бүтээгдэхүүнээр хийгдэж байгаа, ингэснээрээ Хойд Солонгос эдийн засгийн хямрал гачигдлаа бага ч болов хөнгөлж магадгүй гэсэн итгэл Пхеньянд байна. Украины ТВ-ээр үзүүлж байна. Орос сувилагчийн яриаг шууд дамжуулжээ:–Шархадсан солонгосчууд ирж эхэллээ. Зөвхөн нэг галт тэргэнд 120. Тэд яагаад ийм их шуугиан тарих ёстой юм бэ? Тэдэнд зориулсан тусгай өрөө, тийм үү? Орос хэл дээр ганц ч үг паг! Бүгд адилхан харагдаж байна! Бид тэдний нүүрэн дээр нэрийг нь бичих ёстой юм уу?


Тэдний тэнэглэлийг яаж ойлгох ёстой вэ? Бас тэдэнтэй англиар ярихыг бидэнд зөвшөөрөхгүй! Тэгээд тэд ирсээр л байна! Өчигдөр 100, өнөөдөр 120. Цааш хэд ирэхийг чөтгөр бүү мэд гэжээ.

 

Зеленскийн мэдэгдсэнээр Солонгосын ардын арми 3000 цэргээ алуулж шархдуулсан, түүнээс ч давсан байж магадгүй байна. Солонгосын цэрэг яагаад олноороо хохироод эхлэв. Тэдэнд мэдлэг мэдээлэл илт дутаж байна. Дронтой байлдах талаар “А” ч алга. Дроныг хүүхдийн тоглоом гэж хараад сонирхож байгаад алуулаад байна. Манайхан тэдэнд яагаад хэлж сануулж өгөөгүй юм бэ хэмээн орос офицер блогтоо гайхшран бичжээ. Хойд Солонгосын цэрэг ч ялгаагүй, оросын цэрэг ч ялгаагүй, орчин үеийн дайн эр зориг-эх оронч үзэл дээр бус технологи дээр суурилдаг тухай “А” ч алга. Хуучин II дайны үеийн ерөнхий цэргийн тактикаар задгай талд гинжинд тарж давшдаг тактик нь оросуудад ч, хойд солонгос цэргүүдэд ч адилхан там болж байна. Орос цэргийн дарга нар солонгосуудтай хэл ойлголцохгүй, орчуулагч тэр болгон хүрэлцэхгүй, эсвэл орчуулж дийлэхгүй, ингээд бөөн түвэг уддаг, иймээс өөрсдөө үүргээ судлаад шийдвэрээ гаргаад яв гэж хойдуулыг орхидог. Тэгэнгүүт хойд солонгосын цэргийн дарга нар эр зориг-эх оронч үзлээрээ бие дааж тушаал өгөөд, нөгөө хоцрогдсон тактикаараа давшаад укринчуудад хялбархан устгуулж эргээд оросын эмнэлэг, моргуудыг дүүргэнэ гэсэн мэдээлэл оросын сайтуудад явж байна.


Фронтын нөхцөл байдал ер нь иймэрхүү л байгаа. Украин аль болох цөөхөн цэргээр тулалдах тактик сонгодог. Харин Орос хүний олноор тулалддаг. Цэргийн шинжээчдийн олж харснаар нэг украйн цэргийн эсрэг 6 орос цэрэг. “1:6”. Саяхан цогцос солилцсон. Орос 74 цогцос хүлээн авсан бол Украин 43 гэсэн албан мэдээ явж байна. Украины армийн нэг ололт бол НАТО-гийн стандартыг нэвтрүүлсэн. Ямар стандарт вэ? Цөөн цэргээр олон нэгж болж тулалддаг стандарт. Нэг багт 12 цэрэг тодорхой км-т үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг дрон, их буу, танк, хуягтаар заавал дэмжинэ. Нэг дор 100 цэргээр давшихгүй. Агаарын хамгаалалтгүй бол даалгавар гүйцэтгэхгүй гэх мэт. Орос яг эсрэгээрээ. Юу өгүүлнэ вэ? Орос энэ дайндаа ялах тухайд шал дэмий итгэж горьдох хэрэггүй. Орос ялна, ялж байна гэж сэтгэлээ чилтэл гурван жил харлаа. Гэтэл санаснаар болохгүй хяслан нүүрлэн байна. Одоо фронтын байдлыг, Оросын армийг яг бодитой олж харцгаая.  


Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)