sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын сошиал ертөнцөд зөв байраа эзлэн яваа гэж итгэнэм. Иймд надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч нийтлэл болгодог. Таалан соёрхоно уу! 


                                 – редактор, судлаач-проф. Д.Баярхүү



Нэгэн зүйл


Одоо ид хүйтэрч байна. Үнэхээр цахилгаангүй бол бид хот хөдөөгүй хөгжихгүй юм байна. Улаанбаатар хотын утаа, угаар, дээр нь даарч хөрсөн зутарсан өвчилсөн хүмүүс. XXI зууны Монголын дүр төрх ийм байна. Ийм байж уг нь болохгүй.


Цахилгааныг бид илүүдэлтэй болтлоо хангах хэрэгтэй юм байна. Улаанбаатар хотын автобусны буудал, бүр зам, талбайгаа хүртэл халаах хэрэгтэй. Тэгж байж энэ хатуу хүйтэн өвлийг давна.


Одоо шуугиад байгаа нэг чухал сэдэв бол атомын эрчим хүч. Атомын цахилгаан станц (АЦС) барьж байгуулж байж бид энэ утаа, угаар, хүйтэн зутруугаасаа Монгол даяараа сална. 


Өнөөдөр ганц Улаанбаатар гэлтгүй Дархан, Эрдэнэт, Хархорин, Багануур, Баруунхараа, Зүүнхараа хотууд, бүх аймгийн төвүүд, том сумдын төвүүд битүү утаатай өвөлждөг болсон байна. Энэ бол гамшиг. Дэлхийн дулаарлаас болж байна уу? Хот суурингийн хэт төвлөрлөөс болж байна уу? Хаана яндан байна тэнд утаа гарч байгаа. Сайжруулсан түлш, хар нүүрс, мод түлсэн ч огт ялгаагүй хорт утаа үйлдвэрлэнэ. Бид энэ дэлхийн хамгийн хүйтэн, урт өвөлтэй орон. Хүйтэн өвөлтэй орнуудаас ганцхан манайх л цахилгааны асуудлаа бүрэн шийдэж чадаагүй өнөө хүрлээ. Үүндээ дүгнэлт хиймээр байна


Нэгэн зүйл


Манай урд хөрш БНХАУ гэхэд л шинжлэх ухаан, технологи, инновацыг хүчтэй, зоригтой нэвтрүүлж, бүх л салбар нь эдийн засгийн үр ашигтай ажиллаж, мөнгөжиж хөрөнгөжин орчин үежүүлж хөгжсөн бодлогыг хэрэгжүүлж байна. 

 

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг Хятадад асар хурдтай хөгжүүлж, 56 ширхэг атомын цахилгаан станц одоогоор цахилгаан үйлдвэрлэж байгаа бол одоо нэмж 20 гаруй АЦС ашиглалтад орж байгаа юм байна. Түүнчлэн ирэх жилүүдэд нэмж 70 гаран АЦС-ыг ашиглалтад өгөхөөр хатуу төлөвлөжээ.


Хятад улс хөгжөөд байгаа нууцыг харцгаая. Тариачин ардуудаа дэлхийн баячууд болгон хөгжүүлж байна. Хөх ажлын хувцас, хужаа шаахайтай луухаанууд эрс солигдож, эрс цөөрч байна. Хөдөөдөө ганц нэг үлдсэн байж магадгүй. Өвөр Монголын монгол малчдаасаа ядаж суралцая. Манай малчид яаж амьдарч байна? Улаанбаатар хот маань ямар байна? Ядаж Өвөр Монголын хөгжлийг очоод харцгаая. Ердөө л хөгжлийн туршлага. 



Нэгэн зүйл


АЦС барьж байж бид энэ утаа угаар, хүйтэн зутруу, өвчин зовлонгоосоо Монгол даяаараа сална. Баруунаа болъё. Тэднээс жишээ авахаа азная. Оросууд ч, хятадууд ч цөмийн эрч хүчийг төгс утгаар нь ашиглан хөгжиж байна. Тэр чинь л туршлага. Оросуудын амласнаар атомын станцаа тэднээр бариулъя. Оросын бүтээн байгуулалт руу иргэний болон элдэв “эх оронч” хөдөлгөөн очиж давшилж дарамтлаад байхгүй тул оросуудаараа л АЦС-аа бариулъя. 

Монгол Улс ганцхан атомын цахилгаан станцтай бол шууд Азийн бар улс болно. Нөгөө 3.5 сая хүн амдаа тэр цахилгаанаа түгээгээд л Бар улс болчихож байгаа нь тэр. Учир нь эрчим хүчний зовлонгүй болчихно.


Бид хоорондоо хэрэлдэж, цэцэрхэх муйхарлах биш Монголын эрх ашгаа нэгд эрэмбэлэх ёстой. Монгол баялгаа ашиглаж хөгжихгүй, ингээд хэрэлдээд байгаад байх уу? Үгүй, баялаг заавал эргэлтэд орох ёстой.


Цөмийн эрчим хүч хөгжүүлнэ, АЦС барьж цахилгааны хангамжаа 100%, бүр 200% болгоод экспортлоод ирэхийн цагт аз жаргал чухам Монголд л цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. АЦС барина гээд зүтгэвэл түүхий эд түлш нь манайд байна. Бага оврын АЦС нь нэг тэрбум ам.долларт босчих хэмжээний л юм байна лээ. Eвропын холбоо энэ тэрд хандвал болохгүй юм байхгүй шүү! Улстөрийн зориг, улстөрчдийн хувь шуналаа хязгаарлаж чадвал болчихно.

 

Малчид, малчдын эрх ашиг гэсэн хүмүүс олон байдаг. Зөв өө зөв. Баруун аймаг, эсвэл зүүн бүсийн гурав хөгжөөд эхэлбэл нийслэлийн хүн ам сийрэгжинэ. Нийслэлийн хүн амын энэ их утгагүй бөөгнөрөл сарнина. Нийслэлийг задлаж болж өгвөл 1 саяас доош хүн амтай болгож байж утаа, түгжрэлгүй хот болно.

Манай улс бага модулын 2-3 тооны АЦС-тай болж болно. Түүнээс олон хэрэггүй. Ингэж чадвал юун цахилгаан, дулааны үнэ нэмэх, ямар ч үнэгүй болно. Бүх хүнс, хөнгөн үйлдвэр үнэгүй шахам тог хэрэглэнэ. Бүх барааны үйлдвэрлэлийн өртөг буурна, бүтээгдэхүүний үнэ хямдарна. Гол нь Монгол 100% утаагүй болно.


Монголчууд бүгд баялагтаа эзэн болж чадвал энэ яригдаад буй асуудлууд Утаа, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл, цалин, тэтгэвэр, халамж бүгд жижиг асуудал болж хувирна. 


Yргэлжлэл бий