sonin.mn

Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн-Академич, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Далантайн Цэрэнсодном 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвчний учир таалал төгссөнд үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.



Д.Цэрэнсодном нь 1937 оны 04 дүгээр сарын 01-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын 7 дугаар багийн нутаг “Арбулаг” хэмээх газар төрж, 1948-1950 онд Халзан сумын бага сургууль, 1950-1958 онд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1958-1962 онд МУИС-ийн Монгол хэл-Уран зохиолын ангийг тус тус дүүргэжээ. Улмаар 1972 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ ШУА-ийн Дорно Дахины Судлалын Хүрээлэнд “ХIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэр” бүтээлээр дэд эрдэмтний зэрэг, 1983 онд БНАГУ-ын /хуучин нэрээр/ Хумболдтын нэрэмжит Их сургуульд “ХIII-ХIV зууны үеийн монгол яруу найргийн өв” ганц сэдэвт зохиолоор Хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1998 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн Академич цол хүртжээ.


Д.Цэрэнсодном 1962 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажлын гараагаа эхэлж, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, БНАГУ-ын ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, БНХАУ-ын Бээжингийн Их Сургуульд зочин профессор багш, “Монголын нууц товчоо” судлалын төвийн эрхлэгч, “Эх хэл бичиг” сэтгүүлийн ерөнхий редактор зэргээр 62 жил тасралтгүй эрдэм шинжилгээний ажил эрхэлж, Монгол бичиг соёлын үнэт өв дурсгал - Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн тус бүр бие даасан салбар шинжлэх ухаан болтлоо хөгжсөн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж, Монгол аман болон хуучин бичгийн зохиол судлалын хөгжил, түүний төлөвшилд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн Монгол судлаач эрдэмтдэд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэрт бичгийн хүмүүн байлаа.


Монгол Улсын төр, засгаас түүний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Төрийн шагнал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ. Түүнчлэн Олон Улсын Алтай Судлалын Байнгын Бага Хурлаас дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагнал болох “Алтан медаль”-иар түүнийг шагнасан юм. Академич Д.Цэрэнсодномын шинжлэх ухааны үйл хэрэгт зориулсан цуцашгүй хөдөлмөр, төр, ард түмэндээ хүндлэгдсэн эрдэмтэн судлаачийн тууштай, нөр хичээнгүй зүтгэл, эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.


У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Л.ГАНТӨМӨР, Д.РЭГДЭЛ, Д.ХОСБАЯР, М.ИДЭРБАТ, С.ДЭМБЭРЭЛ