sonin.mn

АН-ын дарга асан, одоо АНУ-ын Чикаго хотод суух дэд консулын албыг хашиж буй С.Эрдэнэ эх орондоо амралтаараа ирээд, энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувийн эзэмшлийн сайтад ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа тэрээр: "Монголын төрд олон муу хүмүүс шургалдаг. Гэхдээ Х.Баттулга шиг Монголын төрийг гай гамшиг болгосон хүн байхгүй. Гай гамшгаасаа салахгүй бол Монгол Улс хөгжихгүй.","Ц.Туваан бол Х.Баттулгыг залгамжилсан Монгол төрийн гай гамшиг, албин чөтгөр болсныг би хаа ч хэлнэ. Энэ хүн бол АН-ын шинэ хатги гэдгийг зарлана." гэх зэргээр бусдыг хүчтэй үг хэллэгээр дайрч, өөрийгөө “ариун цагаан хүний дүр” болгон харуулахыг хичээжээ.


Х.Баттулга, Ц.Туваан нарыг магтах шалтгаан үнэхээр байхгүй байж болно. Гэвч асуудал энд биш. Харин С.Эрдэнэ өөрөө хэн билээ?


АН-ын даргын тамгаа өгчихөөд гэнэт буцаж өөрийгөө дарга хэмээн зарлаж, намаа хоёр хуваасан хүн.

Намын гишүүдийн итгэлийг алдаж, “цахим сунгаа” нэртэй маргаантай сонгууль явуулан, өөрийгөө Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлсэн хүн.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэрийдлээр МАН-д албаар тахимаа өгч, намаа улс төрийн ялагдлын туйлд аваачсан хүн.

Гэтэл ийм л нөхөр өнөөдөр бусдыг “гай гамшиг”, “хатиг” хэмээн цоллож сууна.


Гэвч намын эв нэгдлийг эвдсэн, олон гишүүний итгэлийг үгүй хийсэн, АН-ыг доройтол руу хөтөлсөн замнал нь өөрийг нь л хамгийн том “хатиг” болгож харагдуулж байна.


Үнэн гэвэл АН-ын өнөөгийн хямралд олон хүний буруу бий ч, С.Эрдэнийн хувийн эрх ашиг, улс төрийн авирлалаас улбаатай шарх хамгийн хүнд нь. Тиймээс асуулт эндээс гарч ирнэ.

С.Эрдэнэ өөрөө АН-ын хамгийн том хатиг нь юм биш үү?


С.Сарнай