
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулахаар шийдвэрлэснээ БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ. “Наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 24 хувийн татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулж байна, үүний сацуу 10 хувийн татвар үйлчилсэн хэвээр байх болно” гэж тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан байна.
Үүний зэрэгцээ Женевт хийсэн тохиролцооны дагуу АНУ-ын эсрэг тарифын бус арга хэмжээнүүдийг зогсоох, хойшлуулахын тулд Хятадын тал шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ажээ. Ташрамд дурдахад, өчигдөр буюу даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бараанд татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулна гэдгээ мэдэгдсэн билээ.
Женев хотноо тавдугаар сарын 10-11-нд болсон Америк-Хятадын хэлэлцээний дүнд харилцан ногдуулсан татваруудаа 90 хоногийн хугацаанд бууруулах талаар тохиролцсон бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Улмаар долоодугаар сарын 28-29-нд Стокхольмд болсон хэлэлцээний дүнд татвар ногдуулах хугацааг дахин хойшлуулах талаар хоёр тал тохиролцсон байна. Гэвч АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэхдээ, эл тохиролцооны бүхий л нөхцлийг эхлээд Ерөнхийлөгч Д.Трамп дэмжсэн байх ёстой гэсэн юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Хятадууд Ангол улсаас бөөнөөрөө гарч байна. Африкийн Ангол улсад шатахууны үнэ 30 гаруй хувиар нэмэгдэж, юмны үнэ гэнэт тэнгэрт хадсаныг иргэд нь эсэргүүцэж жагсаал цуглаан хийжээ. Гэтэл жагсаал цуглаан нь үймээн болж, тус улсын уул уурхайн баялгийг олборлож, худалдаа үйлчилгээ гээд эдийн засгийн салбаруудад эзэн суусан хятадууд олноороо өртсөн байна. Учир нь хятадууд Анголд олноор суурьшин хөрөнгө оруулж, тус улсад уул уурхайн бизнес эрхэлж, худалдаа, үйлдвэр үйлчилгээ гээд эдийн засийн гол салбаруудад эзэн суусан ч анголчууд өөрсдөө туйлын ядуу хэвээрээ үлджээ. Байгалаа сүйтгүүлэн газрын хөрсөн доорх баялгаа хайр гамгүй ухуулдаг ч туйлын ядуу зүдүү байгаадаа уурссан анголчууд хятадуудын ажиллуулдаг дэлгүүр хоршоо, үйлдвэрүүдийг дайрснаас болж хятадууд ийнхүү олноороо тус улсыг орхин гарч байна.