sonin.mn

СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /9News/. Австралийн зүүн өмнөд нутагт орших Жилонг ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэлхийн хамгийн том цэцэг дэлгэрч байгааг харах гэсэн хүмүүсийн хөлд дарагджээ.  


"Amorphophallus titanum" гэдэг нэртэй энэхүү ховор ургамал хэдэн жилд ганцхан удаа цэцэглэдэг бөгөөд цэцэг нь 48 цагийн дараа хагдардаг тул ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа хүрээлэнгээ 24 цагийн турш олон нийтэд нээлттэй байлгаж байгаа аж. 


Эл ховор ургамлын цэцэг нь гурван метр өндөр ургадаг бөгөөд дэлгэрсэн үедээ тоосыг нь хүртээдэг цох, ялаа зэрэг амьтдыг татахын тулд өмхий үнэр ялгаруулдаг ажээ. "Энэ ургамал онгон байгальд устаж үгүй болохын ирмэг дээр байгаа тул ядаж л ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хамгаалж үлдэх нь маш чухал. Ийм аварга том цэцэг дэлбээгээ нээсэн ховор үйл явдал бол энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулах онцгой боломж юм” гэж хүрээлэнгийн захирал Али Уэсти ярилаа.


“Geelong Botanic Gardens” хүрээлэнгээс мэдээлснээр, өдөрт 10 см-ээр томордог цоморлог нь гарч ирснээс хойш уг цэцгийг харахаар өдөрт 4 мянга гаруй хүн иржээ. 


“Amorphophallus titanum” нь 1878 онд Баруун Суматрагаас олдсон халуун орны аварга том ургамал юм. Эл ургамлын цэцэг нь дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд зэрлэг байгальд 3.66 м өндөр ургадаг бол таримал нь арай жижиг буюу 1.83-аас 2.44 метр өндөр болдог ажээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг