sonin.mn

ОТТАВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /CTV/. Канадын эрх баригчид 10 жилийн хугацаанд олон удаа зорчих визийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн тухай CTV суваг тус улсын цагаачлалын албаны эх сурвалжийг эш татан мэдээлжээ.


Өмнө нь олон удаа зорчих виз мэдүүлэгчдэд 10 хүртэлх жилийн хугацаатай визийг автоматаар олгодог байжээ. Харин одоо гадаадын иргэдэд хэдий хугацаагаар зорчих виз олгохыг цагаачлалын албаны ажилтнууд өөрсдөө шийднэ.


Ингэхдээ аяллын зорилго, эрүүл мэндийн байдал, хүсэлт гаргагчийн дансанд мөнгө байгаа эсэх зэргийг нягтлах ажээ. Канадад хэдийнээ ирээд байгаа гадаадын иргэдийг байрлуулахад шаардлагатай хөрөнгийг гаргахын тулд ирэх гурван жилийн хугацаанд хүлээн авах цагаачдын тоог эрс бууруулна гэж Ерөнхий сайд Жастин Трюдо 10 дугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм.


Цагаачлал, дүрвэгсэд, иргэншлийн сайд Марк Миллерийн тодруулснаар, 2025 онд хүлээн авах цагаачдын квотыг өмнө нь төлөвлөж байсан 500 мянгаас 395 мянга, 2026 онд 380 мянга, 2027 онд 365 мянга болгон бууруулах ажээ.


2023 оны байдлаар, Канадын паспортыг авч амжаагүй 2.5 сая гаруй цагаач бүртгэгдсэн нь нийт хүн амын 6.2 хувийг эзэлж байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг