БЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /DW/. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Сангийн сайд Кристиан Линднер, Хууль зүйн сайд Марко Бушман, Боловсролын сайд Беттина Штрак-Ватцингер /бүгд Чөлөөт ардчилсан намын гишүүд/ нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хүсэлтийг хүлээн авчээ.
Тэрбээр Канцлер Олаф Шольцын санал болгосны дагуу Социал демократ намын гишүүн, засгийн газрын тэргүүний зөвлөх Иорг Кукисийг Сангийн сайдаар томиллоо.
Штайнмайер хэлэхдээ, И.Кукис “бидний өмнө том сорилтууд тулгараад буй хүнд хэцүү цаг үед" энэ албанд томилогдож байна гээд “эх орныхоо эрх ашгийн төлөө зүтгэхэд нь амжилт хүсэн ерөөв”.
Тээврийн сайд Чөлөөт ардчилсан намын эгнээнээс гарав
Германы Тээврийн сайд Фолькер Виссинг Чөлөөт ардчилсан намаас гарч, цөөнхийн засгийн газарт Хууль зүйн яамыг, харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жем Өздемир Боловсролын яамыг удирдахаар болжээ. Ингэснээр Ф.Виссинг, Ж.Өздемир нар хоёр албан тушаалыг зэрэг хашихаар болж байна.Германы дэд Канцлер, Эдийн засгийн сайд Роберт Хабек Ф.Виссингийг албан тушаалдаа хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг сайшаажээ.
Тэрбээр “Эвсэл90/Ногоон намын төлөөллүүд одоогийн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах болно” гэдгийг мэдэгджээ.
Р.Хабек мөн парламентын ээлжит бус сонгуулийг яаралтай явуулахыг шаардаагүй байна. О.Шольц засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Бундестагаар хэлэлцүүлэх тохиромжтой хугацааг өөрөө сонгож, парламентын сонгуулийг явуулах ёстой гэж тэрбээр хэлжээ.
Социал демократ нам (SPD), Чөлөөт ардчилсан нам (FDP), Эвсэл90/Ногоон намаас бүрдсэн эвслийн засгийн газар тарсны дараа асуудалд хариуцлагатай байхыг Германы Ерөнхийлөгч өмнө нь уриалсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Германы Гэрлийн дохио хамтарсан Засгийн газрын гэрэл унтарлаа. 3 намаас бүрдсэн Шольцийн ЗГ улсын төсвөө батлаж чадахгүйд хүрч,санал зөрөлдсөнөөс болж цаашид хамтран ажиллах боломжгүй болжээ. Канцлер Шольц ирэх 1-р сард ард түмнээсээ итгэл хүлээлгэх,эс хүлээлгэх талаар асууна гэж хэлж буй боловч,наана нь огцрох магадлал өндөр байна.Германы ард түмэн болон Алисе Вайделийн AFD намын шаардлагаар ирэх жил болох Бундестагийн сонгуулийг наана нь явуулах нь бараг тодорхой болжээ.Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл, Европдоо хамгийн том эдийн засагтай,хүчирхэг Герман улс үйлдвэржсэн орноос хөгжиж буй улс боллоо. Германы Ногоон нам Уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөр тус улсыг үйлдвэржүүлэлтгүй болгоход хамгийн том үүрэг гүйцэтгэсэн. Ногоон нам гэдэг нэрэнд нь хууртсан юм.Украйны дайнд хөндлөнгөөс оролцож, эртний өш хонзонгоо хадгалж ирсэн этгээдүүд төрд гарснаар Герман улс Оросод 3 дахь удаагаа ялагдав. Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр зарласан өдөр Германы эдийн засаг бутрав. Хар санаа хад мөргөнө.