ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /NHK/. Өнөөдөр тохиож буй Цунамигийн талаар мэдээлэл өгөх дэлхийн өдрийг тохиолдуулан Японы баруун нутгийн эрх баригчид гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах томоохон хэмжээний дадлага сургууль хийлээ.
Даваа гарагт Вакаяма, Осака мужуудын дөрвөн байршилд болсон уг сургуулилалтад 2000 орчим хүн оролцсон байна. Японд жилийн энэ үед төвийн болон орон нутгийн удирдлагууд хамтран ийм сургууль хийдэг.
Вакаяма хотын боомтод болсон дадлага сургуулийг Номхон далайн Нанкай хагарлын дагуу асар хүчтэй газар хөдөлсний дараа Номхон далайн эргийн дагуух хот суурингуудад цунамигийн аюулын сэрэмжлүүлэг өгөх хувилбараар явуулжээ.
Энэ үеэр Японы Эргийн хамгаалалтын эргүүлийн хөлөг онгоц хүмүүсийг аль болох өндөр газар руу нүүхийг уриалсан байна. Мөн загварчилсан хоргодох байр байгуулж, өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд нүүлгэн шилжүүлсэн хүмүүст зориулж хоол хүнс бэлтгэв.
Түүнчлэн Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд цунамид өртсөн хүмүүсийг аврах сургууль хийжээ. Цэргүүд мөн цагдаа, гал түймэртэй тэмцэх албаныхантай хамтран нурсан барилга доороос хүмүүсийг гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлэх дадлага хийсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0