sonin.mn

Энэ удаагийнхаа зочин хойморт бид Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийг урьж ярилцлаа.


“Нууц амраг чинь болъё”, “Цахлай”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Эр хүн болгож өгөөч”, “Атга нөж”, “Надаар тоглосон хайр”, “Гэм зэм” гэхчлэн тайзны, “Жинжиймаа”, “Зүүдний үргэлжлэл”, “Зүрхээр наадагч”, “Халуун зүрх”, “Хүний ээж” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, нэрээ бөхөлсөн авьяаслаг уран бүтээлч гэдгээр нь уншигч та бүхэн андахгүй тул түүний тухай илүүг нурших хэрэггүй биз ээ. “Орфей” театрын уран бүтээлчид энэ өдрүүдэд орчин цагийн Хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг үзэгч олны хүртээл болгож байгаа бөгөөд гавьяат маань эл жүжгийн Жя Жэн буюу гол дүрийн эхнэрийн дүрийг амилуулж байна. Утсаар урьтан ярьж цаг товлосны дагуу түүнийг бэлтгэл сургуулилтдаа орохоос нь өмнө уулзаж ярилцлаа.


Бэлтгэл, сургуулилт гээд тун завгүй байгаа ч бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхний тайзнаа амилуулж буй “Амьдрахуй” драмын жүжиг, тэр тусмаа таны ажиллаж буй дүрийн тухайд яриагаа эхэлье...


-Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжиг маань нээлтээ хийж, үзэгч олны хүртээл болоод 14 хонож байна. Энэ хугацаанд манай жүжгийг үзсэн, Ганцэцэгийг жүжигчнийх нь уран чадварын хувьд өөр өнцгөөр дахин мэдэрсэн маш олон хүнээс баяр, талархлын чин сэтгэлийн үгс миний хувийн цахим хаягаар ирж байна. Тэр хэрээр би хөглөгдөж, маш сайхан эрч энергийг мэдэрч байгаа. Миний хувьд гол дүрийн залуугийн эхнэр буюу Жя Жэний дүр дээр ажиллаж байна. Жя Жэнээс эмэгтэй хүн хэчнээн уужуу сэтгэлтэйг, амьдралд тохиолдох олон сөрөг үйл явдлыг яаж эергээр сөрөн давдгийг мэдэрч, өөрөө би давхар суралцаж байна. Яагаад гэхээр дүр маань бодит амьдрал гэдэг чинь угтаа бол хоосон чанартай гэдгийг ойлгочихсон, дотоод сэтгэлийн асар их хүчтэй, эмэгтэй хүнд байж болох хамаг л сайн сайхан чанарыг агуулсан тийм хүчирхэг эмэгтэйн дүр байгаа юм. Тиймээс дүрээ маш их хүндэлж, хайрлаж дүрдээ дурласаар байна даа.


Аливаа уран бүтээлийн цаад санаа болоод гол зорилго нь үзэгдээд юуг өгүүлж, юуг мэдрүүлэх вэ гэдэгт оршдог шүү дээ, тийм ээ?


-Тэгэлгүй яах вэ, үзэгчид маань энэ жүжгээс хамгийн гол нь амьдралын үнэ цэн гэж юу вэ, эцсийн бүлэгт яг энэ амьдралаас, энэ хорвоогоос халихын цагт юу хамгийн нандин үлддэг юм бэ гэдгийг ойлгож байгаа болов уу гэж харж байна. Мэдээж амьдралд зовлон жаргал ээлжилдэг шүү дээ. Зовлонтой нүүр тулж гэмээ нь жаргалыг илүү мэдэрнэ, жаргал байж гэмээ нь зовлонг туулах чадалтай болно. Тийм болохоор яг юу амьдралын үнэ цэн юм бэ, сүүлчийн амьсгалаа татах агшинд эргээд харахад юутай байснаараа бахархах юм бэ гэдгийг л илүү мэдрүүлж, ойлгуулсан бүтээл.


Миний дүр л гэхэд надад бодит амьдрал дээрээ би өөрөө гэгээрчихсэн хүн шиг мэдрэмжийг өгч байгаа. Ямар ч зовлон байлаа гээд тэр бол зовлон биш, түрхэн зуурын сорилт юм, амьдрал өөрөө хоосон чанартай гэдгийг аль эрт мэдэрчихсэн хүн шиг тийм гүн мэдрэмжийг өгч байгаа.


Ер нь бид амьдралынхаа туршид хэдэн төгрөгтэй, хэр баян тансаг байсан гэхээсээ хэчнээн хүн баярлуулсан, хэчнээн хүнийг хайрлаж чадсан билээ гэдэг нь илүү нандин байх нь байна. Тэгэхээр үргэлж бусдыг хайрлаж, хүндэлж байгаарай гэж энэ дүрээрээ дамжуулж хэлье дээ.


Жя Жэнээс та амьдралын мөн чанарыг илүү мэдэрч, суралцаж байна гэлээ. Тэгвэл Ганцэцэг өөрөө амьдралын мөн чанарыг хэр таньж мэдэрсэн хүн бэ? Эл дүртэйгээ зөрчилдөх, үгүй бол уусаж нэгдэх чанаруудын тухайд асуумаар санагдлаа...


-Одоо л бид бумбын эрин эхэлж байна, Майдар бурхан газарт бууна, хүмүүс хайрлаж энэрэхүйн үнэ цэнийг илүү мэдэрч эерэг тал руугаа хөгжинө гээд байгаа болохоос миний хувьд аав ээжийн сургаалаар эдгээр чанарыг эрт мэдэрч, эерэг тал руугаа хүмүүжиж ирсэн байна аа, одоо бодоход. Аав, ээжийн минь өвөг дээдэс хутагт хувилгаад байсан. Тэр ч чанараараа аав ээж минь биднийг үргэлж бусдыг хайрла гэж сургадаг байсан.


Ээж минь жишээ нь “Ямар ч хар зүйлд цагаан тал байдаг. Хав хар цааснаас хүртэл цагаан цэг олж харахыг л хичээж амьдар, тэгвэл амьдрал чинь маш хөнгөн болно” гэж үргэлж захидаг.


Ихэнх хүмүүс зовлон үзсэн хүн л амьдралыг ойлгодог гэж ярьдаг шүү дээ. Би бол эсрэгээр нь боддог юм. Ямар гэрт, ямар аав ээж таныг төрүүлж өсгөж, яаж хүмүүжүүлсэн бэ гэдгээс таны хэн болох шалтгаална гэж бодож байна. Яг ингээд бодохоор би өөрөө амьдралын мөн чанарыг жаахан ч гэсэн таньчихсан тэр агуулгаараа Жя Жэнтэй төстэй (инээв). Тэрчлэн миний амьдралд тохиолдсон хүнд үйл явдлуудтай жүжгийн зарим нэгэн хэсэг төстэй байгаа учраас хааяа сургуулилтаа үргэлжлүүлж чадахгүй, найруулагчаас зөвшөөрөл авч түр завсарлах үе ч байлаа. Хашхирмаар, бүр гарч гүймээр санагдаж дотор давчдаад л... Арав гаруй жилийн өмнө тохиосон айхтар том хагацлыг сэргээж, зүрх сэтгэлийн минь гүн дэх шархыг сэдрээгээд байгаа учраас зарим тохиолдолд чанга л байна, гэхдээ хичээж байгаа (инээв).


“Амьдрахуй” драмын жүжгийг үзэж хараахан амжаагүй ч романыг нь уншаад амьдралын зовлон шаналал, гуниг, уналт гэхчлэн нэг тийм сөрөг талуудыг илүүтэй мэдэрсэн. Харин М.Батболд найруулагч үүнийг тайзнаа хэрхэн гаргаж тавьж байна вэ?


-Яг л надтай адил мэдрэмжийг авсан байна, та. Уг нь “Амьдрахуй” романы үйл явдлууд нь асар их уналт хийгээд тэндээс босож байгаа тэр хүчирхэг чанарууд юм шүү дээ. Гэтэл дандаа унасан, уналтад орсон хэн нэгнийг л хараад байгаагаас биш уналтад ороод түүнээсээ гарч байгаа хүнийг огт олж харалгүй уншсан байна лээ, миний хувьд, та ч бас тэгж. Өнөө үед мөрийтэй тоглоод амьдралаа, алив бүхнээ алдаж байгаа маш олон хүн байдаг. Найруулагчийгаа харж байх нь ээ, энэ бүхнийг даван туулсан, туулж байгаа түүхүүд, сэтгэлдээ гүн сэхээрэл, ухаарал тээж үзэх өөр олон сонирхолтой тавилтуудаар өдөр бүр шинэчлэн сэлбэж, үзэгчдэд хүргэж байна. Тиймдээ ч бид нэгэнт нээлтээ хийчихсэн жүжиг гэхгүйгээр өдөр бүр бэлтгэл сургуулилт хийж байгаа. Энэ бол найруулагчийн маань асар хөдөлмөрч чанар шүү дээ.


Тэгэлгүй яах вэ, бүтээлч, эрэлч хайгуулч байна гэдэг үзэгчдээ хүндэлж буй том чанар гэж харж байна. Үзэгчид энэ жүжгийг тольдохоор үзэгчдийн суудалд тухлах шалтгааныг та юу гэж тодорхойлмоор байна?


-Та улам илүү амьдармаар байгаа бол, амьдралд үнэхээр хайртай бол “Амьдрахуй”-г заавал үзээрэй л гэж хэлье. Тэгээд жүжгийн төгсгөлд алга ташихаас илүү хамт яваа хайртай хосууд, ойр дотнын хүмүүс өөр хоорондоо хэлэлцэж ярилцахгүйгээр, бие бие рүүгээ харахгүйгээр, бие биедээ хүрэлцэхгүйгээр бие биедээ хэчнээн хайртай болохоо мэдрэх болов уу гэж бодож байна.


Эцсийн мөчид амьдралд юутай байсан нь бус, хэн байсан нь чухлыг та бүхний уран бүтээлээр дамжуулж илүү мэдрэх нь ээ гэдгийг таны ярианаас ойлгож байна...


-Яг зөв. Тийм ч болохоор аав ээж бид үр хүүхдүүдээ хүн байх тухайд нь, хүн хүндээ хэн байх тухайд нь илүү төлөвшүүлж хүмүүжүүлэхэд анхаармаар юм билээ. Яагаад гэхээр хүүхэд болгон том хүн, тэр тусмаа аав ээж болно. Манайхан чинь дөнгөж хоёр, гуравдугаар ангид сурч байгаа хүүхдээс л “чи ямар мэргэжилтэй хүн болох вэ” гэж асуугаад байдаг шүү дээ. Түүнээс илүү “чи том болоод аав, ээж болно. Ямар аав, ээж болох вэ” гэж асуугаад хариултаас нь ургуулж ярилцаад, ирээдүйн зөв төлөвшилтэй иргэн, ижий аав байх тал руу нь илүү төлөвшүүлж, хүмүүжүүлбэл зөв юм уу гэж хардаг. Өөрөөр хэлбэл, хүн болох, тэр тусмаа хэн болох тал руу нь илүү өнгийж өсгөх ёстой юм болов уу гэсэн үг. Хүссэн хүсээгүй 14, 15 нас хүрээд нээрээ би мэргэжил эзэмших ёстой шүү гэдгээ ойлгож, яваандаа ямар мэргэжилтэй болохоо өөрөө сонгочихно шүү дээ.


Таныг хоёр хүүгээ маш сайхан төлөвшүүлж, хүмүүжүүлсэн мундаг ээж гэдгийг мэднэ. Энэ л зарчмыг баримталсан байх нь ээ. Ер нь өөрийгөө та хэр ээж гэж дүгнэдэг вэ?


-Баярлалаа. Бодоход их л хатуу ээж юм шиг санагддаг. Хэт зарчимч, шаардлага өндөртэй. Тэр чанараа бодоод өөрөө хааяа гэмшинэ. Тэгээд л хоёр хүүдээ “яана аа, ээж нь хатуу байдаг уу” гээд л санаа зовинонгуй учирлахаар миний хоёр хүү “Зүгээр дээ ээж ээ, тэр нь зөв шүү дээ” гэдэг. Багаасаа л тийм байсан. Одоо хоёр хүүгээ хараад би өөрийгөө муугүй ээж байна даа гэж боддог юм (инээв).


Ер нь эцэг, эх байна гэдэг амаргүй алба ч хамгийн чухал нь хүүхдүүдтэйгээ зүгээр л нээлттэй байх ёстой юм билээ. Би өөрөө их ярих дуртай, аливааг ул мухраас нь эхлээд уйгагүй ярилцаж ойлгохыг, тэгж ойлголцохыг эрхэм болгодог л доо. Тийм болохоор хоёр хүүтэйгээ “хүүхэд шүү дээ” гэж бодохгүйгээр багаас нь ярилцдаг байсан.


Ээж, аавууд жишээ нь дөрвөн настай хүүхдээ дөрвөн настай жаахан хүүхэд л гэж харьцдаг бол би тэгдэггүй, яагаад гээд л асуувал чин сэтгэлээсээ уг үндсээр нь тайлбарлаад л ярилцдаг, тэр хүүхэд ойлгоно уу, үгүй юу, тархиндаа буулгана уу, буулгахгүй юу хамаагүй. Энэ ийм учиртай гээд л уйгагүй ярилцдаг. Дээр нь сэтгэхүйнд нь таарсан үлгэр зохиож их ярьж өгдөг байсан. Тэр их чухал юм билээ. Ер нь тэгээд их л ярилцаж гэмээ нь хүүхдийнхээ дотоод мөн чанарыг илүү мэдэрч, тэр хэрээрээ хааш нь залуурдахаа илүү ойлгодог, хүүхдүүд ч юугаа ч нуухгүй хэмжээнд хүрдэг гэх үү дээ. Эндээс л нөгөө хүн байх, хэн болох тухай асуудал эхэлнэ.


Залуу ижий аавуудад сургаал болохоор сайхан чанар байна шүү. Нээрээ л бид хүүхдийг хүүхэд л гэж харна уу гэхээс, тэр бүр тэгж уйгагүй ярилцдаггүй юм билээ...


-Тэр л алдаа гэж би боддог. Ялангуяа, би чинь хоёр хүү хүүхэд ганцаараа өсгөсөн учраас хоёр хүүгээ надаас юу ч нууж болохгүй шүү, ямар ч тохиолдолд ээж хүн үр хүүхдээ хамгаалдаг. Буруу хэрэг хийчихсэн юм чинь ээж намайг загнана гэж айхаас илүү, ээж намайг хамгаална, өмөөрнө, гарц зааж өгнө гэж бодож юугаа ч нуухгүй бүгдийг ярьж байгаарай гэж ойлгуулсан. Миний хоёр хүү яг л тэгээд төлөвшчихсөн, ээжтэйгээ найзууд юм шиг юугаа ч нуухгүй ярилцана даа. Ямартаа манай Хангай цэргийн албаа хааж халагдаж ирээд ээжтэйгээ бүтэн гурван өдөр зогсоо зайгүй ярилцсан шүү дээ (инээв).


Нээрээ хүүгээ эх орных нь дуудлагаар эр цэргийн албанд үдэж мордуулсан тэр агшин, шинэ цэргийн тангаргийн баярт оролцож, байлдагч хүүтэйгээ анхлан уулзсан мөч, хал цэрэг болсон хойно нь эргэсэн тохиол, халагдаж ирэхэд нь угтаж авсан торгон эгшин гээд л ээж, хүү хоёрт бөөн дурсамж бий дээ.


-Тэгэлгүй яах вэ, анх цэргийн зарлан дуудах хуудсаа гардаж авахаас эхлээд л бөөн дурсамж шүү дээ. Зарлангаа хүлээж авчхаад нөгөөх л дүрмийн дагуу ярилцсан, эх орон дуудаж байхад миний хүү эр хүн шиг ёслоод очих ёстой гэдгийг сануулаад гурван хоног бод гэж хэлсэн. Хүү минь хоёр цагийн дараа надад “Ээж ээ, би цэрэгт явна аа, хүндэт харуулын ангид алба хаая” гэж хэлсэн. Би ч “Үгүй ээ, миний хүү би чамайг гурван өдөр бод гэсэн, аавынхаа найзуудаас асуу, ангийнхантайгаа уулз, гадуур дотуур гар гэсэн шүү дээ” гэтэл “Миний бодол өөрчлөгдөхгүй ээ, ээж ээ” гээд л эрс шийдсэн байсан. Тэгээд л шалгуур үзүүлэлтүүдэд нь тэнцээд Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу Хүндэт харуулд алба хаасан даа. Миний хүү чинь цэцэг өргөдөг цэрэг байсан шүү дээ, царайлаг гээд (инээв).