sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Амжилтын эзэн" буландаа “Залуу Монгол” волейболын клубын тамирчин, 50-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Дөлбаярыг урилаа.


-Саяхан Олон улсын хүүхдийн спортын Х наадамд түрүүллээ. Анх удаа эх орныхоо нэр дор талбай дээр гарсан мэдрэмж юугаараа өөр байв?


-Монгол Улсын баг тамирчид гэж дуудуулаад талбайд гарах үнэхээр сайхан, хэзээ ч төсөөлж байгаагүй мэдрэмж байсан. Мэдээж их догдолж, омогшдог юм билээ. Анхны олон улсын тэмцээн болоод ч тэр үү анх удаа гадаад хүүхдүүдтэй тоглох их сонин байсан.


-Өсөж яваа залуу тамирчны амжилтын үндэс суурь нь хэрхэн тавигдсан бэ?

-Энэ спорттой нөхөрлөөд дөрвөн жил болсон байна. 12 настайдаа Батзориг ахын тоглохыг хараад волейболын спортод татагдсан гэж болно. Анх энэ спортод хөл тавихаас өдий хүртэл зааж, зөвлөж яваа ачтай хүн “Медальд хүрэх зам” сургалтын багш, “Залуу Монгол” клубын маань дасгалжуулагч Ж.Отгонбаяр багш билээ. Багш маань волейболыг амьдралын хэв маяг, амьдралтай холбож заадаг. Хэрэв чи ажлаасаа хоцордог бол арын хамгаалагч хийж чадахгүй. Харин амьдрал дээр шийдвэр гаргаж чаддаггүй бол оноо салгаж довтолж чадахгүй. Холбогч бол багийн толгой, зохицуулагч байх хэрэгтэй зэргээр сургадаг нь их таалагддаг. Довтлогч болсноосоо хойш өөрийнхөө зан байдал дээр ажиллаж, зоримог, шийдэмгий байхыг эрхэмлэдэг болсон. Үүнийгээ ч тоглолт дээрээ харуулахыг хичээдэг. 50-р сургуульд өмнө жил шилжиж ирээд, сургуулийнхаа багт бас тоглох болсон юм. Г.Жаргалсайхан багшийн хувьд бэлтгэлээр сайн шахаж, шулуун шударга ханддаг нь таалагддаг. Миний үсрэлтээс эхлээд хувь ур чадварууд маань илүү хөгжихөд нөлөөлсөн гэж боддог. Энэ хоёр багшдаа л их талархаж явдаг.


-Та довтлогчийн байрлалд тоглодог. Энэ байрлалын онцлог юу вэ. Талбай дээр довтлогч хүн ямар байх ёстой гэж бодож байна?


-Шүгэл дугарч, тоглолт эхэлсэн бол бүх хүчээ дайчлан тоглохыг хичээдэг. Волейбол бол багийн спорт. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд нэгнийгээ нөхөж өөр байрлалд бөмбөг авах үе ч байна. Гэхдээ миний хувьд анхнаасаа нэг л байрлал таалагдсан. Тэр нь довтлогч. Багаа хэцүү байдлаас авардаг хүн нь баймаар санагдсан гэж болно. Сайн довтолгооны үндэс нь холбогчтойгоо ойлголцохоос эхэлдэг. Манай багийн холбогч бол хамгийн сайн найзуудын минь нэг Б.Энхжаргал. Бас бид хоёр нэг ангид сурдаг. Хоёроос гурван жил хамт бэлтгэл хийгээд ирэхээр намайг ямар бөмбөгийг илүү сайн цохидгийг мэдрээд ирнэ. Тэгээд цаанаасаа л ойлголцоод, мэдрээд явчихдаг. Магадгүй ирээдүйд Б.Энхжаргалтай эсрэг багт тоглох үе гарвал бие биеийнхээ давуу болон сул талыг мэддэг болохоор сонирхолтой байх болов уу. Гэхдээ ерөөсөө тусдаа тоглоно гэж бодож байгаагүй юм байна.


-Тэгвэл багаа хэцүү байдлаас аварч байсан ч юм уу, сэтгэлээс гардаггүй тоглолтоосоо хуваалцвал?


-Монголын волейболын залуучуудын холбооноос зохиосон “U16”-гийн нугалааны тоглолт л хамгийн тод санагдаж байна. Эсрэг багаасаа 7-2-ын харьцаатай хожигдож байсан юм. Тэгээд давуулалтаараа 12-8 болгож барьж байсан үе л байна даа. Довтолгоо, давуулалтаар оноо авах чухал ч нөгөө талаар багийнхныхаа унасан байсан сэтгэл санааг өргөх нь сайхан байдаг. Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Тоглолтын үеэр сандарвал өөр зүйл бодож, хурдан тайвшрахыг хичээдэг. “U16” бол миний анхны шилдэг авсан тэмцээн. Бүх сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зарцуулж хичээсний үр дүнд л авсан байх. Ерөөсөө авна гэж төсөөлөөгүй байсан болохоор их баярласан. Мэдээж баг хамт олон, багш нарын маань дэмжлэг маш их нөлөөлсөн. Анх аав, ээж үзэж байгаа гэж бодохоор их сандардаг байлаа. Харин одоо эсрэгээ ээж ирээд сууж байвал илүү тайван, сайн тоглодог.


-Спортоор хичээллэх олон давуу талтай ч хичээл орхигдох сул талтай. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ. Цаашдын зорилго юу вэ?


-Спорт, хичээл хоёроо тэнцвэртэйгээр хослуулж явах нь хэцүү. Гэхдээ гэр бүлийнхэн, анги хамт олон, багш нар маань их дэмждэг. Чөлөөт, сул цаг тэр болгон гараад байдаггүй болохоор тамирчин хүүхдүүд буруу зүйл рүү уруу татагдаж, муу зуршилтай болох нь ховор. Спортоор хичээллээд илүү өөртөө итгэлтэй болсон. Хичээл, бэлтгэлдээ яваад цаг гарвал фитнест явж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Бас тэмцээнтэй үед орхигдсон хичээлээ нөхдөг. Математикийн хичээлдээ сонирхолтой болохоор санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн болно. Мэдээж спортоо орхихгүй. Ер нь хөгшин залуу гэлтгүй бүх хүмүүсийг спортоор хичээллээсэй гэж хүсдэг. Тэгвэл эрүүл чийрэг байж эмнэлгийн ачааллыг бууруулна. Цаашлаад эх орны маань хөгжил дэвшилд сайн нөлөөтэй.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин