sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 2 /VOA/. АНУ-ын Батлан хамгаалах яам зөөврийн цөмийн реактор бүтээх “Пеле” төслийг хэрэгжүүлж эхэлснээ мэдэгджээ. Тус яамны цахим хуудсанд мэдээлснээр, реакторыг Виржиниа муж улсын “BWXT Advanced Technologies” компанид зохион бүтээх ажээ. Төлөвлөсний дагуу реакторыг бүтээх ажил ирэх онд эхлэх бол бүрэн угсарсан төхөөрөмжийг 2026 онд Айдахогийн Үндэсний лабораторид (INL) хүргэх бөгөөд төслийн баг үүнээс өмнө туршилтын талбайд хамгаалалтын байгууламж барихаар төлөвлөж байна. 


“Пеле” нь АНУ-д эрчим хүч үйлдвэрлэх дөрөв дэх үеийн анхны цөмийн реактор болно гэж Пентагоны хэвлэлийн мэдээнд дурджээ. 


Төслийн нэр нь Хавайн домогт гардаг галын бурхан Пелегийн нэр юм. Энэхүү төслийн хүрээнд бүтээгдсэн төхөөрөмж нь төлөвлөгөөний дагуу жижиг реактор (20 футын багтаамжтай чингэлэгт багтана) байх юм. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд “Пеле” реакторт бага түвшинд баяжуулсан уранд суурилсан тусгай төрлийн түлш болох TRISO-г ашиглах бөгөөд уг түлш байгаль орчинд учруулах эрсдэл нь маш бага ажээ. Гэрээний үнийн дүн 300 сая ам.доллар болно гэж BWXT компани 2022 онд мэдээлж байв.


Энэхүү реакторыг Батлан хамгаалах яамны хэрэгцээнд ашиглах төлөвтэй байгаа бөгөөд BWXT үүнийг арилжааны болон бусад зорилгоор тухайлбал, байгалийн гамшгийн үед, алслагдсан газарт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахын тулд ашиглаж болно. 



Уг реакторыг зөөвөрлөн авч явах боломжтой нь гол давуу тал бөгөөд авто зам, төмөр замаар, түүнчлэн далайгаар, агаараар аюулгүйгээр тээвэрлэх боломжтой гэж тус компани мэдэгджээ. Угсрах, ашиглахад 72 цагаас илүүгүй хугацаа шаардагдах ба хөргөх, унтраах, тээвэрлэхийн тулд буцаан салгаж буулгахад долоо хоногийн хугацаа шаардагдах ажээ.  Төслийн багт "BWXT Advanced Technologies" компанийн мэргэжилтнүүдээс гадна “Northrop Grumman”, “Rolls Royce Liberty Works”, “Torch Technologies” компаниуд, мөн Эрчим хүчний яам, Цөмийн аюулгүй байдлын үндэсний газар, Цөмийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд багтсан байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг