ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 10 /Kyodo/. “Фүкүшима-1” атомын цахилгаан станцыг ажиллуулж байсан оператор компани байгалийн гамшигт өртөн сүйдсэн реакторуудын нэгнийх нь дотроос бага хэмжээний хайлсан түлш гаргаж авах туршилтыг өнөөдөр дахин хийж эхэлжээ. Өнгөрсөн сард хийсэн эхний оролдлого нь угсралттай холбоотой саатлын улмаас амжилтгүй болсон юм.
“Tokyo Electric Power Company Holdings” компанийн /TEPCO/ энэ туршилт бол 2011 оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас станц сүйдсэнээс хойших анхны туршилт юм. Анх төлөвлөснөөр туршилтыг гурван жилийн өмнө эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч гурван удаа хойшлуулжээ.
Хайлсан түлшний үлдэгдлийг гаргаж авах төхөөрөмжийг хоёрдугаар реакторын хадгалах сав руу оруулах таван хоолойг буруу угсарсан болохыг тогтоосны дараа TEPCO наймдугаар сарын 22-нд туршилтыг түр зогсоосон байна. Улмаар хоолойнуудыг зөв дарааллаар суурилуулсан болохыг баталгаажуулсны дараа тус компани өнөө өглөө төхөөрөмжийг цацраг идэвхт бодисоос хамгаалах тусгаарлагч хавхлагаар оруулжээ.
Тус компанийн мэргэжилтнүүд 22 м хүртэл сунадаг төхөөрөмжийг хайлсан түлшний 3 граммаас бага хэмжээний үлдэгдлийг цуглуулахын тулд хадгалах сав руу хийхээр төлөвлөж байна. Төхөөрөмж товлосон цэгт хүрч, хайлсан түлшний үлдэгдлийг авахад хоёр долоо хоног орчмын хугацаа шаардагдана.
Гурван реакторт хайлсан түлшний 880 тонн үлдэгдэл байгаа гэж тооцоолж байгаа бөгөөд үлдэгдлийг гаргаж авах ажиллагаа нь ноцтой сорилт хэвээр байна. Цацраг идэвхт бодисыг гаргах ажлыг алсаас хийх боловч бүгдийг нь гаргаж авах тодорхой аргуудын талаар ямар нэг шийдвэр гараагүй байна.
Өнгөрсөн сард туршилтыг түр зогсоосны дараа явуулсан шалгалтын явцад TEPCO болон Mitsubishi Heavy Industries компанийн мэргэжилтнүүд хоолойг бэлтгэх ажлыг гадны компаниар гүйцэтгүүлсэн бөгөөд уг хоолойн дарааллыг шалгаж чадаагүйг тогтоожээ.
Үүний дараа TEPCO дахин алдаа гарахаас сэргийлэхийн тулд ажилтнуудад зориулсан гарын авлага, журмуудыг дахин боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг авсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
дахиад ирэх жил хятад орсын үер түймэр вьтнам хятад индонезийн торнад монголын мөсөн зуд болохнээ
Фүкүшимагийн ослоос болж олон хүний амьдрал өөрчлөгдсөн. Цөмийн ослыг үл тоож болохгүй. Манай найз маань 6 жилийн өмнө хорт хавдараар бурханы оронд дэвшсэн. Цөмийн хаягдал борооны устай хамт урсгал усанд орсон тул олон япон хүн осака, нагояагаас цэвэр ус авч ууж байсан. Найздаа цэвэр ус авч, хоол ундандаа хэрэглэхийг зөвлөсөн боловч, тэр зөвлөгөөг дагаагүй харин урдын адил крантны ус хэрэглэж ирсэн. Харамсалтай нь тэр маань 6 жилийн дараа хорт хавдар илэрч хагалгаанд орсон. Гэвч ахин хорт хавдар нь дахин илэрч дааж чадаагүй. Иймд монголчууд минь цөмийн хаягдлын хорыг мэдэж авцгаа.