sonin.mn

Ухаант дүү Ч. Содбилэгийн хүргүүлсэн “Хятад мөрөөдөл” номыг (монограф) уншиж дуусгав. Хятадыг дүгнэсэн ном хорвоогоор дүүрэн бий. Харин монгол ном байхгүй. Ц.Батбаяр нарын эрдэмтдийн монгол-хятадын харилцааг шинжилсэн цөөн бүтээл бий ч хятадыг бүхэлд нь шинжилсэн монгол бүтээл анх удаа гарав. Энэ бол тун олзуурхууштай хэрэг. Хятадыг дүгнэх тун хэцүү. Учир нь Хятадыг сайнаар ч дүгнэж болно, муугаар ч дүгнэж болно. Дэлхийн хятад судлалын бүх утга зохиол энэ хоёр үзлийн дунд “зовж” сайн муугийн аль нэгийг илүүтэй баримтална. Эсвэл “төвийг сахисан байр” суурь баримтлахыг хичээх ч энэ нь голдуу бүтэлгүй болно. Ч.Содбилэгийн “Хятад мөрөөдөл” ном ч энэ зүй тогтлоос гажаагүй, гажих ч боломж байхгүй юм. Энэ удаад номын шүүмж биш, харин уг бүтээлд орчин үеийн улс төрийн антрапологийн үүднээс нэмэлт эрэгцүүлэл бичив. Ухаант дүүг ойлгоно гэж найдаж байна.     


Хятадыг дүгнэхийн хэцүү нь


Хятадыг судалсан дэлхийн бүх судлаач эрдэмтэд нэг талаас, дэлхий дахинаа “хятад гайхамшиг” гэж нэрлэсэн гайхам бөгөөд үсрэнгүй хөгжил, нөгөө талаас хэт төвлөрсөн, хагас хаалттай, ардчилалгүй, хүний эрхийг зөрчдөг, далд улс төрийн тэмцлээр дүүрэн зөрчилт үзэгдлийг тайлбарлах зовлонтой тулгардаг. Аль алинийг нь “үй түмэн” баримтаар нотолж болно. Манай Ч.Содбилэг ч гэсэн энэ зовлонтой тулгарсан нь мэдээж хэрэг.


Хятадын гайхамшигт хөгжил маргахын аргагүй баримт, хятадын улс төрийн тэмцэл бол бас л няцаахын аргагүй баримт. Гэхдээ энэ хоёрын алинаар дүгнэх вэ ? гэдэг асуулт гарцаагүй гарч ирнэ.  

  

Энэ хоёр хандлагын аль аль нь дэлхийд ч бий, Монголд ч бий. Үнэн зөв дүгнэлт хийх боломж байгаа юу ? Байж л таараа. Үүний тулд судлаачид судалгааны орчин үеийн аргыг хэрэглэх ёстой. Харин судалгааны орчин үеийн аргууд дэлхийд ид хөгжиж байна, манайд бол ор тас байхгүй. Жишээлбэл сүүлийн үед ид хөгжиж буй “улс төрийн хүн судлал” гэж байна. Үүнийг англиар “political anthropology”, оросоор “политическая антропология” гэнэ. Манайх ч гэсэн “улс төрийн антропологи” гэж явсан нь дээр байх. Уг нь энийг тайлбарламаар байвч хэт нуршуу болно. Иймээс улс төрийн антрапологийн үүднээс хийсэн шинжилгээг шууд ярьчихвал арай ойлгомжтой гэж бодож байна.


Зовлон үзсэн ард түмэн Би Хятадын ард түмнийг хамгийн их зовлон үзсэн ард түмэн гэж ямар ч эргэлзээгүй дүгнэнэ. XIX-XX зууныг дамнуулан хамгийн их зовлон зүдгүүр амсаж, дайны нөхцөлд 100 гаруй жил нэрвэгдсэн ард түмэн Хятадаас өөр байхгүй. 


XIX зууны сүүлийн хагасаас бидний сайн мэдэх Чин гүрэн бууран доройтох замаар оров. Үүнийг дэлхийн түүхийн ном бүтээлүүдэд “Хятад хагас колони орон болсон” гэж дүгнэдэг. Учир нь ойролцоогоор 1860-аад оны үеэс Чин гүрний дотоодод бослого, үймээн удаа дараалан гарч, гадаадын империалист гүрнүүд Хятадыг дээрэлхэн доромжилж дураараа дургих үе эхэлсэн юм.


Би Чин гүрний дотоодод гарсан бослого, үймээний зөвхөн жагсаалтыг л үзүүлье:  

    

  • “Гурван газрын (феодат) бослого гарч 10 жил иргэний дайн хийв. (1644-1744) 
  • Цагаан лянхуайн бослого (1796–1804)            
  • Найман тригаммын бослого. (1813). Ордны тайган нарын дэмжлэгтэйгээр Эзэн хааны Ордныг золтой л эзэлчихсэнгүй. 
  • Тайпины бослого (1850–1864). Зарим тоогоор 20 сая, зарим тоогоор 50 сая хүн үхэв.
  • Няны бослого (1851–1868). Монгол угсаат жанжин Сэнгэринчин арай ядан бослогыг дарав.
  • Ду Вэньсю болон Пантэйн бослого. (1856–1872) мусульмануудын бослого байв.
  • Дунганы бослого (1862-1877). Энэ бослогынхон Монгол руу халдаж, Улиастайг эзлээд, Нийслэл Хүрээ, Хиагтыг эзэлнэ гэж зорилго тавьж байсан ба Монголд их хохирол учруулсан.      
  • Боксерын бослого 1899 – 1901 г.


Дотооддоо ийм их үймээн самуунтай байхад гадаадын их гүрнүүд Хятадыг дээрэлхэн зовоож эхлэв.  1840 онд Английн өдөөсөн Хар тамхины дайн дэгдэв. Гадаадынхан нэг биш, цуврал дайн өдөөв. Хар тамхины I дайн (1840-1842), Хар тамхины II дайн (1856—1860) болов. Энэ нь дайнд зориулсан агт морьд, мал хүнс бэлтгэхээс эхлээд Монголд маш муугаар нөлөөлсөн. Сонирхуулахад энэ үед Монголд шилийн сайн эрсийн хөдөлгөөн үүссэн.


Улмаар империалист гүрнүүд дэндүү шударга бус гэрээ хэлэлцээрүүдийг Хятад тулгаж эхлэв. Зөвхөн жагсаалтыг нь үзүүлье:


Нанжины гэрээ (1842 Англи), Хүмэний гэрээ (1843 Англи), Ванься-гийн гэрээ (1844 АНУ), Ханьпугийн гэрээ (1844 Франц), Айгуны гэрээ (1858 Орос), Тяньжиний гэрээ (1858 Франц, Англи,Орос, Америк), Бээжингийн гэрээ (1860 Франц, Англи, Орос), Прусстай хийсэн Тяньжиний гэрээ (1861), Чифугийн гэрээ (1876 Англи), Хятад-Португалын гэрээ (1887), Симоносекийн гэрээ (1895 Япон), Гонконгийг өргөтгөх тухай зөвшилцөл (1898 Англи), Төгсгөлийн протокол (1901 Европын орнууд, Япон, АНУ), Хорин нэгэн шаардлага (1915 Япон). Үүнээс гадна тэр үеийн том гүрнүүд Хятадыг хуваан захирах талаар “үй түмэн” гэрээ өөр хоорондоо байгуулсныг нэмж дурдах нь илүүц. Товчоор хэлбэл том гүрнүүд Хятадыг ёстой дур дураараа тасчин хувааж байв.


Дашрамд манай Монгол бол 1914 оны “ганц муу” Хиагтын гэрээгээ дахин дахин шүүжилж, “дарлагдаж зовсноо” ярьдаг. Уг нь өдий зэрэгтэй үлдсэндээ баярлах ёстой юм, монголчууд…  

 

Тэвчихийн аргагүй энэ их дарлал доромжлол хятадын үндэсний үзлийг сэргээсэн бөгөөд энэ нь гадаадын капиталистуудыг үзэн ядах, эсэргүүцэх бүх ард түмний дургүйцэл, жигшлээр илэрч байв. Тухайн үед дэлгэрч байсан “өөрсдөө хүчирхэгжье” гэсэн уриа лоозон үүний тод жишээ болно.  


Тухайн үеийн нөхцөлд гадаадын капиталистуудыг эсэргүүцэхэд тохирох цорын ганц үзэл санаа бол коммунист онол суртал байжээ. Тэр үед хятадын бусад бүлгүүдэд үзэл санаатай төстэй хандлага, чиглэл байсан боловч бүгдээрээ хятадын ард түмний итгэл үнэмшлийг татан эзэмдэх чадваргүй байлаа. Харин коммунист үзэл суртал тухайн үедээ хамгийн цэгцтэй, хамгийн ойлгомжтой байсан нь ямар ч эргэлзээгүй. Хэдийгээр гаднын, тодруулбал Коминтерн, Зөвлөлт Оросын нөлөө их байсан ч хятадад коммунист үзэл суртлыг хүлээн авах дотоод нөхцөл бэлэн болоод байв. Энэ бол империалист гүрнүүд хятадыг тэсэхийн аргагүй дарлаж доромжилсны эсрэг жам ёсны хариу үйлдэл байв. Иймээс Хятадад марксизм дэлгэрсэн нь санамсаргүй үзэгдэл огт биш.


Ингэж байтал Та бидний мэдэх Синьхайн хувьсгал гарав. Энэ хувьсгал “нэг сайхан нартай өдөр” гарч гэнэт гарч ирээгүй, харин Сычуанийн бослого, Учаны бослого, Шизяжуаны үймээн, Түнмэнхой бослого зэргээр дамжин их зовлон туулж байж ялсан. Хувьсгал ялаад амар сайхандаа жаргасангүй, харин ч бөөн зөрчил дунд оров.      

Хятадын өмнө зүгт Нанжин төвтэй, Сун Ятсений удирдсан Бүгд Найрамдах ЗГ, хойт зүгт манжийн хаан толгойлсон Юань Шикайн толгойлсон хаант ЗГ тогтов. Асар удалгүй зөвшилцөлд хүрч, Юань Шикайн ЗГ бий болж, 1912.02.12-нд Хятадын бүгд найрамдах улс бий болов. Монголчууд Юань Шикайг “Ёншхойт” хэмээх мөнгөн зоосоор нь сайн мэддэг. Гэвч Юань Шикай асар удалгүй 1916 онд нас барав. Дөнгөж улсаа байгуулмагцаа буцаад задралын замдаа оров.


Генералуудын эрин    

    

Энэ үеийг түүхэн ном зохиолд “генералуудын эрин” болон “милитаристуудын эрин” гэж 2 янзаар нэрлэдэг. Юань Шикайг нас барсны дараа голдуу японд цэргийн сургууль төгссөн генерал офицерүүд нэг анги, нутаг усаараа талцан хятадын улс төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэв. Генералууд төв засгийн төлөө тэмцэлдэхээс гадна аль нэг газар орон, хотыг эзлэн сууж, төв засгаасаа автономи эрх нэхэн дарамтлах болжээ.    

     

1916-1920 онд Аньхойн бүлэглэл, 1920-1924 онд Чилийн бүлэглэл, 1924-1928 онд Фэнтяний бүлэглэл төв засгийн мэдэлд суужээ. Дашрамд энэ 3 бүлэглэлийн тэмцэл өрсөлдөөн Монголын улс төрд ихээхэн нөлөөлсөн юм.


Милитарист генералууд лав л миний мэдэж байгаагаар Хятадыг 7 хувааж, өөр хоорондоо тэмцэлдэж байв. Тэр үед Мао Цедуны удирдсан Хятадын коммунист нам, Чанкайшийн удирдсан Хятад улсын гэх армиуд 1927-1936 оны хооронд тасралтгүй том жижиг байлдаан хийж байсан бөгөөд үүнийг Хятадын иргэний дайны 1-р шат гэж түүхэнд дүгнэдэг.  

 

Японы түрэмгийлэл


Хятадууд дотооддоо ингэж заваарч байх хооронд Японы түрэмгийлэл эхлэв. Япончууд 1931 онд Мүгдэний будлианыг далимдуулан Манжуурт цөмрөн орж, 1932 онд тоглоомын Манж-Го улсыг байгуулав. Арга нь тасарсан Хятад тухайн үед НҮБ-ийн өмнөтгөл болж байсан Лиги Наци-д хандсан боловч нэг ч улс Хятадыг өмөөрсөнгүй, дипломат эсэргүүцэл үзүүлэх төдий хуурч өнгөрөөв. Япончууд бүр даварч, 1932 онд “Нэгдүгээр сарын будлиан” нэртэй богино хэмжээний дайн өдөөв. Улмаар Шанхайг цэрэггүй бүс болгох нэрийдлээр цэргээ оруулав.1933 онд Хятадын цагаан хэрмийн район руу довтолж, Жэхэ мужид хяналтаа тогтоов.  Энэ мэт олон удаагийн түрэмгийллийн үр дүнд 1935 он гэхэд Хятадын төв засгийн газар Умард Хятадаа бараг бүрэн алдсан юм.  Ингээд 1937-1945 онуудад Япон-Хятадын дайн эхлэв. Үүнийг хэн бүхэн мэдэх учраас энэ дайныг дэлгэрүүлж ярихгүй. 1945 онд гадна талаас Зөвлөлтийн арми, дотор талаас ХАЧА Хятадыг чөлөөлөв. Ингээд амар амгалан болох гэтэл бас л болсонгүй. Мао Цедун, Чанкайши хоёр 1946-1950 он хүртэл байлдсан ба үүнийг Хятадын иргэний дайны II шат гэж түүхэнд дүгнэдэг. Ингээд 1949.10.01-нд ХКН Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхаглав. 


Хэрэв хар тамхины дайн эхэлсэн 1840 оноос эхлэн тоолох юм бол Хятадын дайн самуун бараг тасралтгүй 109 жил үргэлжилжээ. Олон зуун сая хүнтэй том улс тулдаа л Хятад тэсч үлдсэн байх. Энийг л би зовлон туулсан ард түмэн гээд байгаа юм. Хэрэв манай монголыг ингэсэн бол монголчуудаас юу ч үлдэхгүй гэж би боддог юм.

Маог дүгнэх бүр ч хэцүү


1949 онд Мао тасралтгүй 100 гаруй жилийн дайны хөлд нэрвэгдсэн, эдийн засаг нь найгүй болтлоо сүйрсэн, өр ширэндээ баригдсан, хагас өлсгөлөн Хятад орныг хүлээн авсан юм. Мао гарч ирээд Хятадыг өлсгөлөнд оруулаагүй, учир нь хятадын ард түмэн олон жилийн дайны уршгаар угаасаа хагас өлсгөлөнд байсан. Харин Маогийн буруу үйлдэл өлсгөлөнг хэсэг хугацаанд гааруулсан гэвэл зөв дүгнэлт болно.


1960-1970 оны дунд болтол Монголд байсан хятадууд даалимба, элсэн чихэр, цагаан будаа г.м. хүнсний зүйлийг урагшаа зөөж, шуудангийн илгээмжээр явуулдаг байсныг гэрчлэх монгол хүн олон бий. Тэр үеийн монголчууд хятадуудын дэргэд лаг баян, илгээмж явуулж буй хятадуудыг шоолдог байлаа шүү дээ…   

 

Мао даргын дээд сургуульд сурдаг охин өлсөөд байгаагаа бие хамгаалагчдаа хэлэхэд тэр нь дарга нарын хоолноос жаахан идэх юм аваад өгчихөж, үүнийг мэдсэн Мао бие хамгаалагчаа халж, охиноо шийтгэсэн гэж охиных нь дурдатгалд байдаг. Тэр үед Мао өөрөө ч гэсэн ядмаг хоолтой байсан аж. Үүнийг би оросын “Великий Мао” номноос уншсан юм. Манай дарга нар ийм нөхцөлд орвол яах байсан бол ? гэж би байнга боддог.             


Дайн, ялангуяа олон жил сунжирсан дайн ямар ч ард түмний сэтгэл зүй, үйлдэлд хүчтэй ул мөр үлдээдэг жамтай. Дайн ард түмнийг зовлон бэрхшээлээс шантрахгүй, сахилга бат, зохион байгуулалтад сургаж, хүний аминч үзлийг оргүй болгож, хамтач шинжтэй болгодог. Орос, Герман, Вьетнам, Солонгосын дайны дараах бүтээн байгуулалтын жишээ үүнийг хөдөлбөргүй нотолдог.


Дэлхий дээр хамтач үзлийг нотлодог сургааль юу билээ ? Энэ бол коммунист сургааль. “Пролетарийн диктатур” гэж ярихад хар аяндаа сахилга бат санаанд бууна. “Хамтач үзэл” гэж ярихад л хамтрал санаанд бууна гэх мэт. “Зохион байгуулалт” гэвэл үйлдвэржилт бууна. 


Өөрөөр хэлбэл дайны дараах Хятадын ард түмний сэтгэл зүй аливаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах, аливаа бүтээн байгуулалтыг бүгдээрээ хийх сэтгэл зүйн суурьтай болсон байв. Одоо энэ суурин дээр коммунист үзэл санааг нэмж, команд өгвөл ард түмэн юуг ч бүтээж, тэнгэрийг ч эргүүлж чадна.


Энд би маш сонин 2 жишээг дурдъя. Японы түрэмгийлэл, иргэний дайны туршид Мао, Чан хоёр гадаад орнуудад асар их өр тавьсан байдаг. Өр төлөх болоход Мао өөрийн тавьсан өрийг биш, харин Чангийн тавьсан өрийг эхэлж дарсан байна. “Яагаад ?” гэж асуухад “Энэ бол манай үндэстний нэр төрийн хэрэг” гэж хариулжээ. Дараа нь Японоос дайны төлбөрийг ялсан бүх орнууд нэхэж авчээ. Манай Монгол хүртэл дайны төлбөрт японуудаар ноолуурын үйлдвэр бариулж авсан. Харин япончуудад хамгийн их дарлагдсан гэмээр Хятад л харин Японоос дайны төлбөр нэхсэнгүй. Ихэд гайхсан гадаадынхан бас л “яагаад ?” гэж асуухад “Энэ бол манай

үндэстний нэр төрийн хэрэг” хариулжээ.


Энэ бол Хятадын үндэсний үзлийн тод илрэлээс гадна европ, азийн сэтгэлгээний ялгааг илт харуулах жишээ мөн.


Өнөөгийн түүх бичлэг Мао-г хар цагаан хоёр янзаар бичдэг. Хараар бичдэг нь мэдээж Барууныхан. Монгол, ялангуяа манай залуучууд Мао Хятад орныг баллаж хаясан байхад Дэн Сяопин гарч ирээд зах зээл рүү оруулаад Хятадыг өөд татсан гэж үзэх нь олонтаа. Одоо Маогийн сайн мууг зэрэгцүүлэн авч үзье:


Муу нь: Мао “Соёлын хувьсгал”, “Их үсрэлт” зэрэг хөнөөлт бодлого явуулж, улс орныг эдийн засгийн болон үзэл санааны гүн хямралд оруулсан нь үнэн. Энэ нь олон арван сая хүний аминд хүрсэн нь үнэн.         


Сайн нь: Дайны хөлд олон жил нэрвэгдсэн, эдийн засаг нь найгүй болтлоо сүйрсэн, өр ширэндээ баригдсан, хагас өлсгөлөн Хятад орныг Мао хүлээн авч дажгүй үйлдвэржсэн, чамлахааргүй хүчтэй, бие даасан улс болгож хөгжүүлсэн нь бас л үнэн. Маогийн үед Хятад машин, усан онгоц үйлдвэрлэдэг болсон, атомын бөмбөгтэй болсон, бичиг үсэг үл мэдэх явдал 80% байсныг 7% болгож бууруулсан, хүн амаа 2 дахин өсгөсөн, дундаж наслалтыг 2 дахин нэмсэн, үйлдвэрийн бүтээгдэхүүн 10 дахин өссөн. Энэ чинь гавъяа биш юм уу ?! Мөн ш дээ…


Тэгэхлээр одоо Маогийн гай, гавъяа хоёрыг харшуулан авч үзэж дүгнэлтээ хийх ганц л арга бидэнд үлдэж байна.


Мао-г 1976.09.09-нд нас барсны дараа түүнийг хэрхэн үнэлэх тухай явцуу хүрээнд яригдсан юм. Тэгээд Дэн Сяопинээс очиж асуухад тэрээр: “Маогийн 7% нь зөв, харин 3% нь буруу. Иймээс Маог сайшаах нь зөв” гэж хариулсан гэдэг. Дашрамд хятадууд манайх шиг 70%, 30% гэж ярьдаггүй.


Ингээд ХКН 1989 онд Маогийн талаар дараах дүгнэлт хийжээ:             

       

“Нөхөр Мао Цэдун бол агуу их марксист, агуу их пролетарийн хувьсгалч, стратегич, онолч мөн. Хэрэв Маогийн амьдрал, үйл ажиллагааг бүхэлд нь авч үзвэл түүний хятадын хувьсгалын өмнө байгуулсан гавъяа нь “соёлын хувьсгалын” үеэр гаргасан олон ноцтой алдаа дутагдлаас нь ихээхэн хэмжээгээр даван гарна.”


Энэ дүгнэлтэд түүхэн зүтгэлтэн, хаад ноёдыгоо хэзээ ч муулдаггүй хятадын түүх бичлэгийн уламжлалт соёл, менталитет нөлөөлсөн ч байж магадгүй. Харин Орос, манай хоёр бол түүхэн удирдагч албан тушаалаасаа буугаа л бол маргаашаас нь эхлээд муулдаг гажигтайг хэлэх нь илүүц. 2016 онд Хятадын Хэнань мужид Маогийн 37 м өндөр алтадмал хөшөөг орон нутгийн бизнесүүд, ард иргэдийн хандиваар бүтээсэн нь хятадын ард түмэн Маог хэрхэн үнэлдэгийг тодорхой харуулдаг. Өөрийнх нь ард түмэн магтаад байхад гаднын хүн муулаад байх нь зохимжгүй. Ер нь бол энэ талаар амаа татаж явсан нь дээр…  


Одоогийн дүгнэлт


Одоо дээр дурдсан зөрчилт 2 үзэгдлийг ахин авч үзье. Нэг талаас “хятадын гайхамшиг” гэж нэрлэсэн үсрэнгүй хөгжил, нөгөө талаас улс төрийн өрсөлдөөн тэмцэл. Улс төрийн өрсөлдөөн тэмцлийг манай Ч.Содбилэгийн номонд дэлгэрэнгүй дурдсан. Түүний хэлсэн ярьсан дүгнэлт болгон тодорхой баримттай, түүнийгээ ёс журмын дагуу ишилсэн болохоор буруу зөрүү гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Хэрэв улс төр гэж байгаа бол өрсөлдөөн тэмцэл байх нь жам ёс.


Хэрэв Хятадын удирдагчид “орондоо орох завгүй олзлолдон булаалдаж байгаа” юм бол Хятад Улс яагаад үсрэнгүй хөгжөөд байгаа юм ?! гэсэн зүй ёсны асуудал гарна.


Энд Хятадын хөгжлийн тухай олон тоо баримт дурдах огт хэрэггүй. Харин жирийн монголчууд: “Хятадыг хэн ч гүйцэхгүй”, “Хятад бүр хүчрэгдэхээ байлаа шүү”, “Одоо Хятадыг хэн ч барахгүй”, “Хятадууд лаг баян болсон” гэж ярих болсон нь үүний нотолгоо болно. Ганц монголчууд биш, дэлхий дахин ингэж ярих болсон.   


Энд гол асуудал огт өөр зүйлд байна. Миний бодлоор Хятадын удирдагчид улс төрийн өрсөлдөөн тэмцлийг төрийн бодлогынхоо ноён нурууг алдахгүйгээр, түүнд хор хохирол учруулахааргүй тогтоон барьж чадаж байна. Харин манай хэрүүл тэмцэл бол “надад байхгүй бол чамд ч бас ч байхгүй” гэсэн эвдэн нураах арга замаар явагддаг.     


Эдийн засгийг либералчилснаар түүний зайлшгүй дагуул олон сөрөг үзэгдэл Хятадад орж ирэв. Лав л ихэд дэлгэрсэн янханчлалыг тас зогсоов. Хамгийн гол аюул нь Хятадад ихэд дэлгэрч, асар хурдан тархсан авилга болжээ. Хятадын том удирдагчдын нэлээд нь авилгач болсон нь ард түмний нүдний өмнө илт болсон учир авилгын эсрэг компанит ажил өрнүүлсэн нь ард түмний дэмжлэгийг хүлээв.


Ард түмнээ ядуурлаас гаргасан нь Хятад төрийн бодлогын гайхам амжилт мөн.  


Хятадын Жан Зэминий “Гурвыг төлөөлөх онол”, Ху жинтао-гийн “Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал”, Ши Цинпиний “шинэ эрин үеийн хятадын онцлогтой социализм” зэрэг онолын үзэл баримтлалууд бие биенээ үгүйсгэж биш, харин ч өмнөхөө тодотгож, өө сэвийг нь засан сайжруулсан үргэлжлэл болж байгаа нь гайхалтай. Манайд бол нэг дарга гарч ирээд өмнөхөө үгүйсгэж, цоо шинээр, тэр ч байтугай олон дарга 2-5 “онол” гаргадаг солио өвчин Хятадад огт алга. Хятадын төрийг дарангуй, ардчилалгүй, хаалттай гэж шүүмжилдэг. Энэ асуудал хар аяндаа төрийн мөн чанарыг тухай ярихад хүргэдэг. Хятад төр бол Азийн төрийн сонгодог үлгэр загвар юм. Дэлхий дахиныг эрхшээсэн Монгол төрийн загварыг хятадууд Юань гүрний өмнө авсан, хожим Манжууд нэмэн авч, үүнийгээ тэд Хятадад нутагшуулан уламжилж авсан. 


Тэгэхлээр Хятад болон Оросын төр бол монгол төрөөс үүдсэн нэг угсаа гарвалтай гэж дүгнэж болно. 


Оросууд энэ санааг улс төрийн философийн түвшинд нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Жишээлбэл Оросын философич Александр Гельевич Дугин үүнийг ил тод сурталчилдаг.

Хятад төр НТӨ 221 онд Цин улсаар эхэлсэн 2245 жилийн настай. Оросын Русь улс 862 онд үүссэн 1162 жилийн настай. Монголын төр НТӨ 220 онд үүссэн, 2244 жилийн настай. Харин АНУ 1787 онд үүссэн, 237 жилийн настай.


“Одоо хэн нь төр барих илүү туршлагатай вэ ?”, “Хэн нь хэндээ төр барихийг зааж сургах вэ ?” гэсэн асуулт зүй ёсоор үүснэ. Энэ асуултад өгөх шууд хариулт байхгүй. Учир нь төрийн уламжлал, мөн чанарыг харьцуулан судалдаг улс төрийн антропологийн судалгаа байхгүй.


Нэг удаа би хятад професортой “ном хаялцсан” юм. Би: “Танай Хятадад олон жилийн дараа ардчилал заавал ялна. Яг 50 жил үү, 100 жил үү гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ л ардчилал гарцаагүй тогтоно” гээд туучихваа. Мэдээж хятад профессор “Яагаад ?” гэж гайхан асууж байна. Би түүнд: “Та нар (Хятадын төр, ХКН-ыг хэлж байна) өлсгөлөн ядуу хятадын ард түмнийг ядуурлаас гаргаж, хоолтой болгосон, орон байртай болгосон, машинтай болгосон, бичиг үсэгтэй, боловсролтой болгосон. Хоол, байр, машин, бичиг үсэгтэй ард түмэн юу хүсдэгийг мэдэх үү ?! Тэд ганцхан юм хүсэх ба тэр нь ардчилал, эрх чөлөө юм. Энэ нөхцөлд цоо шинэ үзэл онол гаргадаг жамтай” гэж хариулав.


Хятад профессор нэлээд удаан дуугай сууж байснаа: “Нээрээ тийм байх шүү. Тун их бодмоор асуудал байна” гэж билээ…


Иймээс би ухаант дүү Ч.Содбилэгээс “тун их бодмоор асуудлаар” судалгаагаа үргэлжлүүлж, манайд үлэмж хоцрогдсон хятад судлалыг өөд татах дараагийн номоо гаргахыг тэсэн ядан хүлээж байна… 


Судлаач Х.Д.Ганхуяг.


Эх сурвалж: https://gankhuyag.com/


Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу